Л.Болд ХУД-ийн захын хороодод ажиллалаа
УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн өдрүүдэд тойрогтоо ажиллалаа.
Тэрбээр энэ сарын 22-нд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Яармаг-Нисэх, Богд уулы нарын замын ажил, Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж барих ажлын хүрээнд Нэхмэлийн шар буюу II хорооны 19 байрны иргэдтэй уулзан шинэ батлагдсан журмыг танилцуулсан бол өчигдөр Хан-Уул дүүргийн захын хороодод буюу Яармаг, Био комбинат, Шувуу фабрикт ажиллалаа.
Концессын төсвөөр Өлзийт хорооллоос Био комбинат, Шувуу фабрик чиглэлийн 9 км авто замын ажилтай эхлээд танилцав. Уг замын ажлын явцыг Нийслэлийн авто замын газрын барилга хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ч.Батсайхан танилцуулсан юм.
Дараа ньУИХ-ын гишүүн Л.Болд өөрийн санаачлан байгуулж өгсөн Хан-Уул дүүргийн “Агро” паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус парк нь анх сургалтын чиглэлээр байгуулагдсан бөгөөд
20 хүлэмж, 12 га газарт хүнсний нарийн ногоо тариалдаг юм байна.
Энэ жил 16 хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль, цагаан лууван,4 га газар байцаа, лууван, манжин ногоо тарилаад байгаа талаар паркийн захирал танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Л.Болд энэхүү паркыг Хөдөлмөр, хамгааллын яамтай хамтран сургалтын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулан тал дээр анхаарч ажиллах болно гэдгээ дуулгалаа.
Мөн тэрбээр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг элс, хайрганы карьеруудтай танилцлаа.
Одоогоор тус хороонд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй элс, хайрганы карьер байдаг бөгөөд тэд нөхөн сэргээлт, ашиглалт хамгаалалтын ажлыг хийх тал дээр ихээхэн ахиц гарч иргэдийн амьдрах орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь багассаныг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Э.Бүрэнтөгс газар дээр нь очиж танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо хийсэн ажлын хүрээнд Яармагт байрлах
Хан-Уул Яармаг худалдааны төвөөр зочлон худалдаа, наймаа эрхэлдэг иргэдтэй уулзлаа.
2011 онд гишүүний санаачлан байгуулсан энэ худалдааны төв ажиллаж эхэлснээр алслагдсан хороодын иргэд хүнсний болон ахуйн хэрэглээний бараагаа ойроос хямд үнээр худалдан авах нөхцлөөр хангагдаад байгаа юм.
Мөн энд 40 гаруй иргэн ажлын байртай болжээ. Тус төв нь хүнс, барааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна гадаа талбайд барилгын материалын бөөний цэгийг ажиллуулж эхэлсэн байна.
Уг худалдааны төвийн хувьд цаашид өргөжүүлэх шаардлагатай байгаа талаар удирдлагууд нь онцлон ярьсан бөгөөд гишүүн энэхүү асуудлын холбогдох байгууллагуудад нь хандан тавина гэдгээ дуулгалаа.