Х.Баттулга: Бодлогын алдаатай шийдвэр гаргалаа
УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар олон жил дуншсан нэгэн чухал асуулыг хэлэлцэн баталлаа. Энэ бол Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ- ын тогтоолын төсөл.
Энэ асуудал олон жил маргаан дагуулж, шийдвэрлэгдэхгүй явсаар өдийг хүрсэн билээ. Засгийн газрын өргөн барьсан тогтоол батлагдсанаар Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт- Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар болж байгаа юм.
Гэхдээ гишүүдийн хувьд төмөр замын царигийн асуудлаар өөр өөр байр суурийг илэрхийлж байсан ч нэг зүйл дээр санал нэгдсэн юм. Энэ нь төсөл хэлэлцэгдэх явцад буюу замын дундаас орж ирсэн Нарийн сухайтаас Гашуун сухайт, Сайншандаас Хангийн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих санал. Энэ санал батлагдсан хоёр хөрштэй хийсэн яриа хэлэлцээрээс гажсан асуудал үүснэ хэмээгээд байсан ч гишүүдийн дэмжлэг авалгүй хасагдсан юм.
Тогтоолын төсөл батлагдах энэ үед Эдийң засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Энэ тогтоолын төсөл нь Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг болон хөрш хоёр оронтой төмөр замын салбарт тохиролцсон тохиролцоонд нийцэж байгаа.
Гэхдээ төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг сайжруулах тал дээр УИХ цаашид анхаарах шаардлагатай байгаа” хэмээж тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 43 нь буюу 84.3 хувь нь дэмжснээр төмөр замын асуудлыг эцэслэв.
Төмөр замын царигийн асуудалд нэлээд шүүмжлэлтэй ханддаг хүн бол УИХ-ын гишүүн Х.Баттулга. Тэрбээр “Сэтлээд нарийн цариг тавиад орж ирэх зам Хятадын стандартаар хийгдэнэ. Энэ төмөр замыг бид барихын тулд мөнгийг нь хаанаас гаргах юм. Бид зээл аваад Хятадын төмөр замын стандартыг оруулж ирэх юм уу... Эдийн засгийн утгаараа цаад тал хөрөнгөө гаргах ёстой биш үү. Өчигдөр л гэхэд хоёр газраас лоббидоод оруулаад ирсэн.
Зөвхөн засгийн газрын өргөн барьсан төслийг хэлэлцэх ёстой гээд суугаад байж болохгүй. Судлах ёстой. Ерөнхийдөө бодлогын бичиг баримтыг зөрчсөн шийдвэр гарлаа. Бидний хамгийн их ярьдаг иргэн бүрт хувьцаа өгсөн Тавантолгойг урагшаа нарийн царигаар тээвэрлэх шийдвэр гарчихаж байгаа юм.
Нарийн царигаар тээвэрлэнэ гэдэг нь тухайн үедээ тодорхой хугацаанд хэдэн төгрөг олох л байх. Олсон мөнгөө улстөрчид халамжид тараачихдаг. Тэгэхээр бодлогын маш том алдаатай шийдвэр гарлаа” гэсэн юм.