УИХ-ын гишүүн Х.Баттулга
2014.10.23

Х.Баттулга: Баялгаа түүхийгээр нь нарийн царигаар гаргах болсон нь тун харамсалтай

Чуулган, байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүд дэмжив.

Өөрөөр хэлбэл, тогтоолын төслийн хоёр дахь заалтад “Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Ханги, Хөөт-Бичигт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай.

Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай байх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай” хэмээн өөрчлөн найруулах санал оруулсан юм.

УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын чуулган дээр :Бид аймаг бүрээр хилээ сэтлээд нарийн цариг оруулж ирж байгаа бол боловсруулах үйлдвэрийг мартах хэрэгтэй. Далайд гарцгүй манай улс төмөр замаа дотооддоо боловсруулах үйлдвэр, экспортлох бүтээгдэхүүн гэсэн Эдийн засагтайгаа уялдуулах ёстой. Түүнээс бид компаниудын лоббигоор ингэж хилээ сэтлэж болохгүй" гэв.

Тэрээр бас өөрийн твиттер хуудаснаа “Баялгаа түүхийгээр нь нарийн царигаар гаргах болсон нь тун харамсалтай” хэмээн жиргэв. Түүний хувьд нарийн царигаар урд хөрш рүү төмөр зам тавихыг эсэргүүцсээр байгаа. Гэвч УИХ энэ асуудлыг дэмжихээр болсон нь энэ.