Төмөр замын цариг, чиглэлийг Засгийн газрын анх оруулж ирсэн хувилбараар тогтлоо
Чуулган, байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүд дэмжив.
Төсөл эцсийн байдлаар чуулганд орж ирэхдээ Тавантолгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь – Эрдэнэт, Тавантолгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барихаар болж буй аж.
О.Баасанхүү: “Ингэж салгах хэрэгтэй юу. Ингэхээр чинь Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлоготой чинь харшлаад байгаа юм биш үү. Хоёрдугаарт, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусаагүй, шинэ маршрут орж ирсэн учраас өөрчлөлт оруулъя гэх нь ойлгомжгүй болгоод байна" гэв.
Ж.Энхбаяр “Одоо УИХ-аар ингээд батлахаар Төрөөс барих төмөр замын бодлогод тусгагдаагүй шинэ маршрут ороод ирэх нь. Байнгын хороон дээрээс шинээр оруулж ирсэн хоёр маршрутыг тусад нь гаргаад санал хураалт явуулчихья. Үнэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягын яриад буй болгоомжлолтой санал нэг байна” гэсэн горимын санал гаргасны дагуу санал хураалт явуулав.
Ингэхгүй бол шинээр орж ирсэн маршрутаас болж дээрх чиглэл, царигийг заасан заалтыг бүхэлд нь унагахаас өөр арга байхгүй хэмээн үзсэн тул санал хураалтын үеэр тус заалтад эсрэг санал өгөв.
Гэвч ингэж буй нь дээрх цариг чиглэлүүдийг эсэргүүцэж буй хэрэг биш бөгөөд Сайншанд-Ханги гэх замын дундаас орж ирсэн 2 нэмэлт маршрутыг асуудлыг цэгцэлж, тусад нь хэлэлцэх өөр боломж байхгүй гэж үзсэнтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл эцсийн хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын өргөн барьсан хувилбараар буюу чамгүй урт хугацааг зарцуулан байж шийдэлд хүрсэн хувилбараа дэмжих нь зүйтэй хэмээн гишүүд үзсэн байна.