Д.Баттогтох: ЖДҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгоно
Өнгөрсөн жилүүдэд Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэлээд анхаарал хандуулж ажилласан. Харин ирэх жилүүдэд төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих ямар бодлого баримтлах талаар Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Д.Баттогтохтой ярилцлаа.
Тэрбээр “Байгууллагын үр ашигтай байдлыг мэдлэгийн менежмент манлайлах чадвараар дээшлүүлэх нь” сэдвээр 2011 Тайвань улсад доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан билээ.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхлүүлье?
-Шинэчлэлийн засгийн газраас нэн тэргүүнд тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг барьж байна. Хөдөлмөрийн зах зээлийг тэнцвэржүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд нэг талаас ажиллах хүчний шингээлт ихтэй салбарыг дэмжих нөгөө талаас ажиллах хүчний нийлүүлэлтийг чанаржуулах зэрэг бодлогын арга хэмжээг авч байна.
2014 оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсад нийт 52 мянга орчим аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 90.38 хувь буюу 47560 аж ахуйн нэгж нь жижиг, дунд бизнес эрхлэгч байгаа гэсэн тооцоог бид гаргасан.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо өссөн байгаа. Энэ салбар манай улсын ажиллах хүчний 70 орчим хувийг бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн идвэхтэй хүн ам буюу сая 100 мянган хүн амын 760 мянга нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж, энэ салбарт ажиллаж байна.
ЖДҮ-ийг хөгжүүлснээр улс оронд олон давуу тал бий болдог, тухайлбал, энэ салбар нь ажиллах хүчний шингээлт ихтэй, эдийн засгийг бүтцийн төрлийг нэмэгдүүлдэг, эдийн засгийн хямралд бага өртдөг зэрэг олон сайн тал бий.
-Хөдөлмөрийн яамнаас ЖДҮ эрхлэгчдийг хэрхэн дэмжиж, ямар бодлого баримталж байна вэ?
-ЖДҮ-ийг дэмжих бодлого “ЖДҮ-ийг 2014-2016 дэмжих хөтөлбөр”-т тусгалаа олсон. 2010 оноос хойш бодлого хаягдсан гэж хэлж болно. Бид энэ онд Засгийн газраар батлуулсан ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөртөө “ЖДҮ-ийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг бий болгон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ” гэсэн энгийн зорилго тавсан.
Ер нь ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлдэг. Санхүүгийн дэмжлэгт хөнгөлттэй зээл, зээлийн батлан даалт гаргах, санхүүгийн түрээсийн үйлчилгээнд хамруулах зэргийг ойлгож болно. Харин санхүүгийн бус дэмжлэг нь эрхзүйн таатай орчин болоод тухайн ЖДҮ эрхлэгч болон ажилтны ур чадварыг сайжруулахад анхаарал хандуулна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл ЖДҮ эрхлэгчдэд өөрийн зорилго, зорилтоо тодорхойлох, бизнес төлөвлөгөө гаргах түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулах чадвартай болгохоос гадна хууль, эрхзүй, технологийн талаарх мэдлэгийг олгох зорилготой байдаг.
-ЖДҮ-ийн хөтөлбөрийн зорилгодоо хүрэх ямар зорилтуудыг дэвшүүлж хөтөлбөртөө тусгасан бэ?
-ЖДҮ-ийг 2014-2016 онд дэмжих хөтөлбөрийг санаачлан батлуулахын тулд бид олон улсын эксперт, зөвлөхүүд, мөн судлаач, шинжээчидтэй хамтарч хөтөлбөрийг томъёолсон. Бидний хийсэн олон судалгаа, орчны шинжилгээний үр дүнд хэд хэдэн эерэг хүчин зүйлс ажиглагдсан.
Тухайлбал, зах зээлийн зүгээс үйлдвэрлэл рүү чиглэсэн идэвхтэй хөдөлгөөн бий болсон, бизнесийн чадавхыг хөгжүүлэх үйл ажиллагааг олон улсын хандивлагч байгууллагууд дэмжиж байна, менежментийн зөвлөгөө өгөх үйлчилгээ Монголд өргөжиж байгаа зэрэг давуу тал ажиглагдсан. Үүний зэрэгцээ санхүүгийн үйлчилгээний хүртээмж тааруу, стратеги төлөвлөлт муу, бизнес эрхлэх мэдлэг дутмаг гэх мэт сул талууд байгааг энд бас дурьдах хэрэгтэй байх.
47560 аж ахуйн нэгж нь жижиг, дунд бизнес эрхлэгч байгаа гэсэн тооцоог бид гаргасан
Түүнчлэн, дотоодын зах зээлд өрсөлдөөн ихтэй, шинэ санаа, технологийн шинэчлэл тааруу, экспорт, тээвэрлэлтийн орчин муу зэрэг засч залруулах, сайжруулах зүйлүүд байгаа юм. Эдгээр болон бусад орчны шинжилгээ судалгааны дүнд бид үндсэн зургаан зорилт тавьсан. Үүнд:
-хууль эрхзүйн орчинг сайжруулах,
- кластераар хөгжүүлэх,
-судалгаа, инновацийг хөгжүүлэх,
-ЖДҮ-ийг чадавхжуулах,
-санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж хүртээмжтэй болгох,
-Зах зээлийг нь өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн зорилтууд байгаа.
-ЖДҮ-ийн зээлийн хэмжээг бидний хүссэнээр өгөхгүй танадаг учраас бизнесээ төлөвлөснөөрөө явуулж чаддаггүй гэсэн гомдол байдаг
-Энэ санхүүгийн дэмжлэгтэй холбоотой асуудал байна л даа. ЖДҮ-ийн сангийн эх үүсвэрийг 2011 онд 150 тэрбум, 2013 онд 50 тэрбум, энэ онд 100 тэрбумаар тус тус нэмэгдүүлсэн байгаа.
Ер нь аймаг, дүүргийн тухайд 100 сая төгрөгөөс дээш, нийслэлд 200 сая төгрөгөөс дээш дүнтэй зээлийг ЖДҮ-ийн сангаас, үүнээс бага бол орон нутагт дэд зөвлөл дээр шийддэг. Энэ дэд зөвлөлийг аймаг, дүүргийн засаг дарга ахалж Хөдөлмөрийн хэлтэс, иргэдийн төлөөлөл бүхий сондгой тооны бүтэцтэй байдаг.
Бизнес эрхлэгчдийн хүссэн зээлийн хэмжээг бид тэр болгон хасах бодлого барьдаггүй. Харин зөвлөл, дэд зөвлөлийн дэмжсэн зээлийг банк олгохдоо барьцаа хөрөнгө, үйлдвэрлэлийн үр ашиг бага байна зэрэг шалтгаанаар зээлийн хэмжээг хасах тохиолдол гардаг.
-Санхүүгийн дэмжлэгтэй холбоотой Чингис бондоос тодорхой санхүүгийн эх үүсвэрийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгож байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хоёр тэрбум төгрөгөөс илүүгүй санхүүжилт хүссэн төслийг санхүүжүүлэх зорилгоор 100.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгохоор Засгийн газрын 2014 оны зургаадугаар сарын 176 тогтоол батлагдсан.
Уг тогтоолын хүрээнд эх үүсвэрийн 28,2 тэрбум төгрөгийг орон нутагт бичил, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор үлдсэн эх үүсвэрийг бусад төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар нийт 284 төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэг жиргэн 73 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт авч үйл ажиллагаагаа явуулж байгаа.
-Энэ бүх зорилтууд хөдөлмөрийн зах зээлтэй хэрхэн холбогдох бол?
-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг дэмжих гол салбар бол жижиг, дунд бизнес эрхлэгч юм. Учир нь салбар энэ салбар нь ажиллах хүчний шингээлт ихтэй байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хүрээнд нэг талаас ажлын байр бий болгох нөгөө талаас ажиллах хүчнийг чадавхжуулах асуудалд Хөдөлмөрийн яам онцгойлон анхаарч байгаа.
Иймээс ч, ажил олгогчдын зүгээс өөрт хэрэгтэй байгаа ажилтнаа захиалж, түүний дагуу мэргэжилтэй ажилтныг богино хугацаанд МСҮТ-ээр бэлтгэдэг Үндэсний мэргэжилтэй ажилтан хөтөлбөрийг энд дурьдаж болох юм. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлж ажилгүйдлийг бууруулах ач холбогдолтой.