Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжив
2014.10.08

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Төслийн  танилцуулгыг Сангийн сайд Ч.Улаан хийв.

Тэрээр, Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллаагааны хүрээг өргөжүүлэх зорилгоор хуулийн төсөлд тодорхой саналуудыг тусгалаа.

Үүнд: Аймаг нийслэл, банкны мэргэжлийн холбоо, төсвөөс зээл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжийн зээлд батлан даалт гаргах зорилгоор Зээлийн батлан даалтын санд хөрөнгө хувиарлаж болох эрхийг нээж өгье, хувиарласан хөрөнгийг зөвхөн тухайн орон нутаг дахь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор тэдгээрт батлан даалт гаргахад зарцуулахаар тусгасан байгаа.

Хуралдааны дэгийн дагуу төсөл санаачлагч болон ажлын хэсгийн холбогдох ажилтнуудаас гишүүд асуулт асууж саналаа хэлэв.

Энэ төсөл батлагдсанаар Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх, ялангуяа орон нутагт үйл ажиллагаа нь хүрч, хэрэгжих боломж бүрдэх юм гэв.

Хуралдааны дэгийн дагуу төсөл санаачлагч болон ажлын хэсгийн холбогдох ажилтнуудаас гишүүд асуулт асууж саналаа хэлэв.

Тухайлбал Г.Уянга гишүүн, уг нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжиж байна. Тойргийн сонгогчидтой уулзах явцад жижиг бизнес эрхлэгчдийн олонх тав, арван сая төгрөгөөс доогуур эргэлттэй бизнес эрхлэгчид байдаг. Тэдний зүгээс зээлийн 60 хувийг сангаас даагаад ч үлдсэн хувьд нь барьцаа нь хүрдэггүй. Банкин дээр очоод бас л гацдаг. Тиймээс батлан даалтын бодлогын зөөллөх хэрэгтэй байна, энэ тал дээр зохицуулалт хийх боломж байгаа юу.

Төсөл санаачлагч Сангийн сайд Ч.Улаан сайд гишүүний асуултад, банкнаас зээлдэгчдэд тавих шаардлагыг зөөлрүүлэх боломжгүй байгаа. Нэгэнт эрсдлээ хүлээж байгаа банк зохих шаардлагаа тавих нь зүйн хэрэг. Харин банкнаас тавьсан шаардлагад нь нийцүүлээд барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байвал сангаас зээлдэгч талд нь дэмжлэг үзүүлэх ажил бол явж байгаа гэв.

Түүнчлэн Х.Болорчулуун, А.Тлейхан, Л.Энх-Амгалан нарын гишүүд хууль батлагдсанаас хойш чамлахаар тооны иргэд зээлд хамрагдаж, батлан даалтанд хамрагдсан байна. Энэ нь батлан даалтын үйлчилгээнд хамрагдах журам, зээл олгож буй банкны шаардлагууд өндөр байгаатай холбоотой гэж үзэж буйгаа илэрхийлээд орон нутагт сан байгуулж, хөрөнгийг нь нэмэгдүүлж байгааг дэмжиж байгаа тухайгаа хэлж байв.

Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.