Олон улсын үйлдвэрчний эвлэлийнхэн чуулж байна
“Дэлхийн өмнөд хэсэгт нийгмийн баримжаатай, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн хөдөлмөрийн хөтөлбөрийг хөгжүүлэх нь” сэдэвтэй олон улсын зөвлөлдөх хурал Улаанбаатар хотод өчигдөр эхэллээ. Хурал маргааш дуусах аж.
Хуралд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар оролцсон бөгөөд Олон Улсын үйлдвэрчний эвлэлийн 30 гаруй төлөөлөгч оролцжээ.
Хурлын үеэр уул уурхай, төмөрлөгийн салбарт тогтвортой бус байснаар байгаль, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, орон нутгийн иргэдийн аж амьдрал болоод хөдөлмөрчдийн эрхийг зөрчих, хүн төрөлхтний эрүүл аж төрөх орчинд сөргөөр нөлөөлөх зэрэг асуудлыг хөндөж хэлэлцсэн юм.
Мөн дэлхийн өмнөд хэсгийн үйлдвэрчний эвлэлүүд уул уурхай, эрдэс баялаг, төмөрлөгийн үйлдвэрлэл байгаль орчин, эдийн засаг, эрүүл мэнд, нийгэмд эерэг, сөрөг үр дагавар авчирч буй талаар, ялангуяа ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, тэдний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа зэрэг олон асуудлыг харилцан ярилцаж хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо хуваалцлаа. Өнөөдөр хэд, хэдэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.