Иргэдийн тухыг дээд зэргээр хангасан дүүргийн төв байр
Сүхбаатар дүүрэг
2014.10.20

Иргэдийн тухыг дээд зэргээр хангасан дүүргийн төв байр

АНУ-ын Элчин сайдын яамны урд байрлах арван давхар шинэ барилга Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэдэд үйлчлэх төв байр. Тэнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадууд нүүн орж, иргэдэд үйлчилж байгаа юм.

2011 онд уг барилгын суурь тавигдсан хэдий ч энэ онд ашиглалтад орсон нь энэ. Барилгын I давхарт угтах үйлчилгээ, нэг цонхны үйлчилгээ, бүртгэлийн хэлтэс болон банк байрлажээ. Цонх бүрт хэлтсүүдийн мэргэжилтнүүд байрлан иргэдэд үйлчилж байгаа нь төрийн үйлчилгээг чирэгдэл, хүнд сурталгүй хүргэж байгаагийн нэг жишээ болжээ. Түүнчлэн иргэд ямар асуудлаар явж байгаагаа угтах үйлчилгээний ажилтанд хэлж, хэнд хандах ёстойгоо мэдэх боломжтой юм байна.

Төрийн албан хаагчдын ажил өглөө 08:00 цагаас эхэлдэг. Тиймээс энэ цагаас өмнө ажилчид хувийн бэлтгэлээ базаан, иргэдийг хүлээн авахад бэлтгэдэг. Иргэд ч 08:00 цагаас хойш дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны давхар бүрээр дээш, доош явж харагдана.

Давхар бүрт тэдний тухтай байдлыг хангах зорилгоор сандал, ширээ байршуулсан нь өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд ихээхэн хэрэгтэй тухай хэлж байна лээ. Тухайлбал тэд “Өмнөх байр зай багатай, суух сандал ч үгүй байсан. Харин шинэ байр их тохилог юм. Үүдний сандал дээр бөөгнөрөн сууж, хаалга онгойх бүрт даарахын зовлонгүй үйлчлүүлэх сайхан байна” гэж дүүргийн өндөр настан Д.Ханд хэлсэн.

Нэг цонхны үйлчилгээнээс гадна хэлтсүүд нэг дор

Ашиглалтад ороод удаагүй байгаа ч хэлтсүүдийн хэдийнэ тохижиж амжжээ. Өмнөх дүүргийн байр Лижиг учраас хэлтсүүд энд тэнд салан байршиж байсан. Тэгвэл дүүргийн шинэ байранд ихэнх хэлт- сүүд байрлажээ. Ингэснээр иргэд дүүргийн байрнаас гаралгүй бүхий л ажлаа нэг дор амжуулах боломж бүрдсэн харагдана лээ. Хэдийгээр арван давхар барилга боловч бүхий л хэлтсүүдийг байршуулсан учраас нэлээд төвлөрөл үүссэн байна.

Дүүргийн удирдлагуудын зүгээс иргэний тав тухыг хангахыг илүүд үзэн, үйлчилгээний хэлтсүүдийг аль болох том талбайд байрлуулсан гэнэ. Тухайлбал, Угтах үйлчилгээний цаана Иргэний бүртгэлийн тасаг байршиж байсан юм. Өнгөрсөн баасан гаригт тус хэлтэс 90 орчим хүнд үйлчилгээ үзүүлжээ. Тус өрөөнд дөрвөн цонхыг ажиллуулан иргэдэд шаардлагатай лавлагаа, мэдээлллийг өгнө.

Уг тасгаар үйлчлүүж буй иргэд энэ үеэр “Улсын байцаагч бүр өөр өөр лавлагаа өгч байгаа учраас нэг цонхон дээр дугаарлах хүндрэл үүсэхгүй байна” гэж байлаа. Ер нь нэг цонхны үйлчилгээ байрлаж байгаа учраас нэг давхрын танхим хөл хөдөлгөөн ихтэй байдаг юм байна. Харин ажилчид өөр өөрсдийн хариуцсан ажлаа хийн, хоорондоо ярилцах ч завгүй өдрийг өнгөрөөдгийг анзаарлаа.

 Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцав

Өнгөрсөн баасан гаригийн 11:00 цагт дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн гуравдугаар улирлын тайлангийн хурал болж байгаатай таарлаа. Энэхүү хуралд дүүргийн удирдлагууд оролцсон бөгөөд хурлаар энэ онд батлагдсан төсөл, хөтөлбөрүүдийн 1-9 дүгээр сард хийсэн ажлын тайланг танилцуулсан. Улмаар салбар зөвлөлийн дүгнэлт, зөвлөмж гаргасан юм.

Тус хэлтэс таван хөтөлбөр, нэг төслийг хэрэгжүүлж, хэрхэн үр дүнд хүрсэн тухайгаа танилцууллаа. Харин Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн гишүүд хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр боловсруулан 40-өөс дээш насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд иргэдийг байнгын ажлын байртай болгох тал дээр онцгой анхааран ажиллах, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд үзлэг, шалгалт хийн зөвлөгөө мэдээлэл өгөхийг эрчимжүүлэх тухай зөвлөмж өгсөн юм.

Мөн хэлтсийн үйл ажиллагаа, төсөв хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг сайн ханган ажиллаж, төсөл сонгон шалгаруулалттай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд ил тод, хүртээмжтэй байдлаар тухай бүрт нь хүргэж ажиллах тухай хэлсэн юм.