Мэндчилгээ
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2014.10.16

Мэндчилгээ

Дэлхийн хүнсний өдөр өнөөдөр тохиож байна. Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага 1945 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 16-нд “Дэлхийн хүнсний өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн бөгөөд тодорхой уриан дор зохион байгуулдаг билээ.

Энэ жил дэлхий дахинаа “Өрхийн аж ахуй нь: Эх дэлхийг тэжээж, шим ертөнцийг тэтгэнэ” гэсэн уриан дор дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсын хувьд “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан “Өрхийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг, “Өрхийн аж ахуйг дэмжих талаар баримталж буй төрийн бодлого” семинар, “Өрхийн бүтээгдэхүүн” үзэсгэлэнг салбар яам, холбогдох төр болон хувийн хэвшлийн байгууллагууд зохион байгуулж байна.

Хүнсний салбарт энэ онд онцлон тэмдэглэмээр үйл явдал өрнөлөө. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчлах үеэрээ хөдөө аж ахуйн гаралтай зарим барааг 20 жилийн хугацаанд тарифийг тэглэсэн нөхцөлтэйгөөр, хэмжээ харгалзахгүй ОХУ-д нийлүүлэхэд хамтран ажиллана хэмээн мэдэгдсэн.

Тодруулбал, хөдөө аж ахуйн уламжлалт зарим бүтээгдэхүүнд ОХУ-аас ногдуулж буй татварыг тэглэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчлөхөөр хоёр тал хэлэлцэж байна. Монголын экспортлох мах эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангавал нийлүүлж чадах хэмжээгээр импортын зөвшөөрөл, квот өгөхөд бэлэн гэдгээ ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров мэдэгджээ.

Иймд бид Монгол махны чанар, эрүүл ахуйг сайжруулах тал дээр анхаарах шаардлага байгааг онцолмоор байна.

Тариалан эрхлэгчидийнхээ нөр их хөдөлмөрийн үр дүнгээр улаан буудай тариалалт нэмэгдэж, Монгол Улс гурилынхаа хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэж байна.

Гэхдээ мөн л чанартай буудай тариалах нь анхаарах асуудлын нэг хэвээр байгаа юм. Монгол малын мах экспортлох ажил урагшилсан, гурил, буудайн тариалалт нэмэгдсэн нь хүнсний салбарт дэвшил гарч байна гэж харж байна.

Хүн амыг эрүүл хүнсээр хангахад хөдөлмөр, оюунаа зориулж буй нийт хүнсний салбарынханд ажлын өндөр амжилт хүсье.

ХҮНДЭТГЭСЭН,

УИХ-ЫН ГИШҮҮН, БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Г.БАЯРСАЙХАН