Д.Тэрбишдагва: Бүтцийн асуудлыг Ерөнхий сайд гэнэт оруулж ирсэн
МАХН-ын дэд дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай цөөн хором ярилцлаа.
-УИХ дээр Засгийн газрын шинэ бүтцийг хэлэлцэж буй энэ үед танай эвслийн хамтрагч МҮАН засгаас гарна гэх зүйл яригдаж эхэлсэн. Энэ талаар танай нам дээр яригдсан зүйл байгаа юу. МҮАН-ын хувьд ямар асуудал ярьж байгаа юм бол?
-МАХН-ын хувьд тийм асуудал яриагүй. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэг хэсэг болсон МҮАН-ын талаас хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагыг уншсан. Бид хоорондоо энэ асуудлыг ойрын хугацаанд ярилцаж, ойлголцох ёстой.
-МҮАН засгаас гарсан тохиолдолд МАХН-ынхан дангаараа засагт хамтраад явах боломж байгаа юу?
Эхлээд гарах гарахгүй гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Яг албан ёсоор энэ асуудал яригдаагүй байхад “гарсан” гэж мөрөөдлийн зүйл ярих боломжгүй юм.
-“ЭЗЭН-100” хөтөлбөрийн үр дүнг та хэрхэн харж байгаа вэ?
ЭЗЭН-100 хөтөлбөр бол ойлголтын зөрүүтэй хөтөлбөр болчихоод байгаа. 100 хоногийн хугацаанд бүтэн дөрвөн жил, эсвэл найман жилийн хугацааны ажлыг хийх юм шиг нэг хэсэг нь ойлгож байгаа. Бид хийж байгаа ажлаа 100 хоногийн хугацаанд яаж эрчимжүүлэх вэ, үйл ажиллагааг нь яаж сайжруулах вэ, ард түмэн, бизнес, аж ахуйн нэгжид учирч байгаа хүнд суртал, хяналт шалгалтыг яаж багасгаж, бүтээн байгуулалтыг яаж нэмэгдүүлэх вэ гэсэн зорилгоор л энэ хөтөлбөрийг эхлүүлсэн.
Энэ бүх ажлыг богино хугацаанд хийж, хэрэгжүүлэхийг зорьсон. Тэрнээс биш энэ хөтөлбөр хэрэгжээд бүх зүйл сайхан болчихно гэсэн зүйл байхгүй. Тэр байтугай 24 жилийн хугацаанд бүх зүйл сайхан болчихоогүй л байна. Аливаа ажил 10-20 жил, 30, 40 жилийн хугацаанд ч гэсэн хэрэгжээд, хөгжөөд л явдаг. Тэгэхээр санал бодлын зөрүүтэй л зүйл байгаа.
Ер нь бол “ЭЗЭН-100”-ийн хугацаанд зуны дэлгэр цаг тохиосон ч гэсэн Засгийн газар хуралдаанаа нэг ч удаа таслаагүй. Байнга хуралдаж, тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Зарим сайд нар энэ зун ерөөсөө амраагүй. Тэгэхээр тодорхой дэвшил гарсан гэж үзэж байгаа.
-Ерөнхий сайдын хувьд нийт зургаан яамыг хооронд нь нэгтгэхээр болоод байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүд үүнээс ч илүү олон яамыг нэгтгэх боломжтой байсан гэх зүйлийг ярьж байгаа. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдын хувьд хооронд нь нэгтгэхээр болсон яамдыг сайн ажилласан гэж дүгнэсэн. Тэгсэн мөртлөө нэгтгэхээс өөр аргагүй боллоо гэсэн хоорондоо зөрчилдөөнтэй гэмээр зүйлийг ярьсан. Та Шадар сайдын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
Яам нэгдэх, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирдэг субъект нь Ерөнхий сайд л даа. Би гадаадад ажиллаж байгаад өнгөрсөн даваа гарагт ажилдаа орсон. Тэгээд даваа мягмар гарагт улсын төсвийн асуудлыг ярьж байгаад лхагва гарагт гэнэт “Бид хоорондоо ярьж тохирсон. Ийм бүтэц оруулж ирэх гэж байна” гээд манай намын нөхдүүдтэй яримаар байна гэсэн.
Тэгээд уулзаад, ярихад бүтцийн асуудал дээр санал зөрөлдөх зүйл тодорхой хэмжээнд гарсан. Ерөөсөө лхагва гарагийн орой яриад л, пүрэв гарагт УИХ-д оруулж ирсэн. Тийм учраас төрийн гурван өндөрлөг энэ асуудлыг хоорондоо ярьж, зарчмын хувьд тохирсон байх. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэ асуудлыг оруулж ирэх нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Тэгэхээр нэгэнт оруулж ирж байгаа асуудлыг нь зарчмын хувьд дэмжье.
Дотор нь сайжруулж, засаж, залруулах зүйл байх шиг байна. Бид яг уулзаж, ярилцаж байх үед “Ийм ийм зүйлд анхаарах хэрэгтэй. Ийм ийм зүйл дээр дахиж судалъя” гэх зэрэг асуудлыг ярьсан.
-Н.Энхбаяр даргын хувьд одоо эх орондоо эргэж ирлээ гэхэд дахиад улс төрийн алба хаших ямар боломж байгаа вэ?
Улс төрийн алба хашиж байгаа хүн. МАХН-ын дарга. Даргынхаа ажлыг хийж байгаа учраас улс төрийн албан тушаал хашиж байгаа. Үүнээс том албан тушаал гэж намуудад байдаггүй.
-Хэзээ эх орондоо ирэх бол. Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх асуудал бас байгаа шүү дээ. Үүнээс болоод Н.Энхбаяр дарга эх орондоо ирэхээс зайлсхийж байна гэх мэдээлэл бий?
Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг зүйл үндэслэлгүй гэдгийг хэлсэн. Даргын биеийн байдал хараахан сайжраагүй, эмчилгээний хугацаа дуусаагүй байна. Эмчилгээ нь дуусвал аль болох л хурдан Монголдоо ирэх бодолтой байгаа гэсэн. Бидний хувьд түүний эрүүл мэндийн асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа.
-Засгийн газрын бүтэц дээр дахиад засаж, сайжруулах зүйл олон байна гэдгийг та дээр дурьдсан. Тухайлбал?
Хамтарсан Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа Шадар сайдын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдаас оруулж ирсэн саналыг хүндэтгэж байгаа. Миний хувьд хувийнхаа бодлыг хэлэх боломж байхгүй. Яагаад гэвэл МАХН өөрийн гэсэн удирдлагатай. Удирдлага дотроо асуудлыг хэлэлцээд, тодорхой зарчмын шийдлийг гаргана. Намын энэ байр суурийг л хэлэх боломжтой.
-Таныг Тэргүүн шадар сайд болгоно гэж байгаа шүү дээ?
Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийн өөрчлөлтийг Засгийн газрын гишүүний хувьд, засагт хамтарч байгаа намын гишүүний хувьд хүндэтгэж байгаа. Тэргүүн шадар сайдтай болох асуудлыг тодорхой хэмжээнд хэлэлцээд, олонхийн саналаар байх нь зүйтэй гэж үзсэн. Тийм учраас олонхийн саналыг хүндэтгэнэ. Гэхдээ миний хувийн бодлоор бол Тэргүүн шадар сайд гэх албан тушаал тусдаа байх шаардлагагүй. Нэг шадар сайд байхад болно. Шадар сайд гэдэг нэрэн дээрээ дахиад нэг нэмэлт, чимэг зүүж байгаагаас ялгаагүй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.