Монголчууд дэлхийд данслагдав
Отгонтэнгэр хайрхан Богд Очирваань уулаараа овоглосон завханчууд дэлхийн түүхэнд дахин давтагдашгүй үйл явдлыг мөнхөллөө. Тус аймгийн 24 суманд өсвөрийн 9999 шатарчин нэгэн дор цугларч таван өдрийн турш ур ухаанаараа өрсөлдсөн өсвөрийн шатарчдын шилдгийн шилдгүүд өнгөрсөн өдрүүдэд Улиастайд чуулав.
Завхан аймгийн 24 сумын 34 сургуулийн 15 мянган хүүхдээс 1246 хүүхэд оюуны спортын хаан шатраар өрсөлдсөн юм. Хүүхэд залуусын авьяас билгийг хөгжүүлж, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, дэлхийн түвшинд үнэлэгдэх их мастеруудыг төрүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав санаачлан зохион байгуулсан.
Хөдөлмөрийн сайд Завхан аймгийн Засаг дарга байхдаа гурван тулгуурт бодлого санаачилж түүнийхээ хүрээнд 6666 хүүхдийг компьютертэй болгож 999 морин хуурчийг Отгонтэнгэр хайрханы хормойд залж байсан түүхтэй.
Харин энэ удаа гурван тулгуурт бодлогынхоо тайланг тавьж дэлхийн хэмжээний түүхийг бичиж геннисийн амжилтыг эвдсэн “Өсвөрийн Монгол шатарчид-9999” тэмцээнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Юлимжинов, шатрын холбооны ОУ-ын хэмжээний мастерууд, Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын холбогдох албаныхан хүрэлцэн ирсэн юм.
Энэ үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Юлимжинов ““Дэлхийн шатрын холбоонд 181 орон гишүүнээр элссэн. Миний хувьд жил бүр 100 гаруй орноор явж ажилладаг ч Монголд болж байгаа шиг гайхалтай арга хэмжээг үзэж байсангүй.
Шигшээ тоглолтод оролцсон 1240 хүүхдээс шилдэг 300 хүүхдийг шалгаруулсан юм.
Завхан аймагт 10 мянга гаруй шатарчин нэгэн зэрэг тоглосон нь аймгаа зөвхөн Монголынхоо хэмжээнд биш, олон улсад сурталчилж байгаа хэрэг юм. Агуу их Чингис хааны захиасыг биелүүлэхэд Монголын өсвөрийн шатарчид маш чухал гавьяа байгуулж байна.
Энэхүү “Өсвөрийн Монгол шатарчид-9999” тэмцээнийг олон улсын шатрын холбоо албан ёсны хөтөлбөртөө оруулж байгааг хэлэхэд таатай байна. Мөн манай холбооноос Монгол Улсад Шатрын академи байгуулна. Цаашид шатрын спортоор тууштай хичээллэж амжилтад хүрсэн хүүхдүүдээс жилд тавыг нь Москвад үнэ төлбөргүй сургана. Монгол хүүхдүүдийг дэмжих шатрын спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор ирэх жил дээд хэмжээний шатрын тэмцээнийг Монголд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” гэв.
Харин шилдгийн шилдэг 100 хүүхэд гадаадад аялах эрхийн бичиг, 100 хүүхэд Найрамдал зусланд амрах эрх, 100 хүүхэд орон нутгийн амралтад амрах эрхээр шагнуулсан.
Тус тэмцээний үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Очирваань хайрханаараа овоглосон Завхан нутагт шилдэг шатарчин хүүхдүүдийн тоглолт амжилттай болж өндөрлөлөө. Миний санаачилсан гурван тулгуурт бодлого хэрэгжээд зургаан жил болжээ. Бодлогын хүрээнд 666 хүүхдийг компьютертэй болгосон.
Мөн 999 морин хуурч Отгонтэнгэр хайрханы бэлд хуурдсан, төв талбай, наадмын талбайд тоглосон. Харин одоо гурав дахь тулгуур бодлогынхоо тайланг тавьж байна. Энэ удаад анх удаа 9999 шатарчин нэгэн зэрэг тоглолт хийлээ.
Олон Улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов бяцхан шатарчинтай шатар өрлөө.
Бид энэхүү түүхэн гавьяаг хамтдаа хийж чадлаа. Энэ их нүсэр арга хэмжээг завханчууд бид хийж чадлаа. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн хэмжээ зөвхөн аймгийн төдийгүй улсдаа, дэлхий дахинд анхдагч болж чадлаа” гэж онцоллоо.
Ингээд тэмцээнд амжилт гаргасан бяцхан хүүхдүүдийн сэтгэгдлийг сонссон юм. Тодруулбал 5-7 насны ангилалд мөнгөн медаль хүртсэн Б.Нямхүү “Шатар зааж сургасан багш, аавдаа баярлалаа. Би тав тоглоод дөрөв хожсон. Шагнал авсандаа үнэхээр их баяртай байна” гэсэн бол 16-18 насны ангилалд алтан медаль хүртсэн У.Баасандаш хэлэхдээ “Манай өвөө спортын мастер. Өвөө маань шатар зааж өгсөн.
Түүхэнд тэмдэглэгдсэн энэхүү тэмцээнд оролцож алтан медаль хүртсэндээ баяртай байна. Бидэнд ийм сайхан боломж олгосон Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт талархаж байна. Цаашид олон тэмцээнд оролцож амжилт гаргахыг хүсч байна” гэсэн юм.
Ийнхүү сүүлийн өдрүүдэд завханчууд оюуны спортын хаан гэгддэг шатрын тэмцээнд оролцож буй хүүхэд багачуудын мэргэн нүүдэл, амжилтыг бахдан ярилцаж өрнүүллээ. Тус аймгийн 24 суманд энэ сарын 20-ноос эхэлсэн “Өсвөрийн Монгол шатарчид-9999” тэмцээн өчигдөр хаалтаа хийж, шигшээ тоглолтод оролцсон 1240 хүүхдээс шилдэг 300 хүүхдийг шалгаруулсан юм.
Тэдгээр хүүхдүүдээс таван насны ангиллаар шилдгийн шилдэг 30 хүүхдийг байр эзлүүлэн алт, мөнгө, хүрэл медаль төдийгүй зохион байгуулагчдын нэрэмжит шагнал гардуулж өглөө.
Тодруулбал таваас долоон насанд Тэс сумын сурагч Б.Намуундарь, Жавхлант цогцолбор сургуулийн сурагч Б.Билгүүнтулга, наймаас есөн насанд Идэр сумын сурагч Ц.Сайхантөр, Баянтэс сумын сурагч С.Батбилэг, 10-12 насанд Тосонцэнгэл сумын хоёрдугаар сургуулийн сурагч Б.Одонтуяа, Түдэвтэй сумын сурагч Х.Билгүүнлхагва, 13-15 насанд Баянхайрхан сумын сурагч Б.Сугар-Эрдэнэ, Чандмант-Эрдэнэ сумын сурагч Ү.Саранхүү нар шалгарав. Харин 16-18 насны ангилалд Нөмрөг сумын сурагч А.Хандмаа, Б.Уламбаяр нар тус тус аваргалсан юм.
Дашрамд дуулгахад Завхан аймгийг алдаршуулж, 9999 хүүхдийг оролцуулсан шатрын тэмцээн зохион байгуулсан УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон Олон Улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов нарт мөнгөн тоногтой хурдан морь бэлэг болгон өгснөөр энэ удаагийн арга хэмжээ өндөрлөлөө.