Х.Баттулга: Болдоо дэлхийн аваргаас медаль авах цаг нь болчихсон
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга алтан медалийн төлөөх тоглолтын үеэр
2014.08.26

Х.Баттулга: Болдоо дэлхийн аваргаас медаль авах цаг нь болчихсон

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Челябинск хотод газардсан юм. Түүнийг ирэх үед өнгөрсөн жилийн дэлхийн аварга М.Уранцэцэг, Д.Амартүвшин болон Г.Отгонцэцэг нар ялагдчихсан таагүй мэдээгээр угтсан хэдий ч Ганбатын Болдбаатар хагас шигшээд үлдээд байсан учраас барилдааныг нь үзэхээр хүндэт зочдын суудалд суусан. Финалд ОХУ-ын бөхийг хөгжөөн дэмжигчдийн хамт ялсны дараа шинэхэн дэлхийн аваргадаа баяр хүргэхээр шууд сандлаасаа яаран босч ирсэн юм.  Энэ үеэр Х.Баттулга ерөнхийлөгчтэй цөөн хором ярилцлаа.

-Монгол Улс жүдо бөхийн дэлхийн гурван аваргатай боллоо. Баяр хүргэе танд?

Сэтгэл өндөр сайхан л байна. Гэхдээ энэ бол тэмцээний зөвхөн эхлэл, эхний өдөр.

-Гурав дахь дэлхийн аварга Ганбатын Болдбаатар яах аргагүй байлаа?

Болдоогийн хувьд дэлхийн аваргын тэмцээнээс медаль авах цаг нь болчихсон. Олон жилийн хөдөлмөрийнхөө үнэлэмжээ өнөөдөр хүртэж байна. Цаашдаа ч дахиад биднийгээ баярлуулна.

-Г.Болдбаатарыг хагас шигшээд барилдаж эхлэхтэй зэрэгцэн та "Трактор" ордонд ирэх шиг боллоо. Дэлхийн чансаанд аман хүзүүдэж буй Гүржийн бөх Папанашвилитэй барилдахад та үзэгчдийн суудалд Г.Болдбаатарыгаа дагаад давхар барилдаад байх шиг байсан?
Сэтгэл өндөр сайхан л байна. Гэхдээ энэ бол тэмцээний зөвхөн эхлэл, эхний өдөр.

Манай Болдоо Гүржийн Папанашвилигээс хамаагүй илүү учраас давуу барилдаан үзүүлэх боломжтой байсан. Даанч Болдоо маань өөрөө хашир хүн. Гүржийн бөхтэй хэтэрхий хаширлаж барилдлаа. Бэлтгэл дээр Түвшээ битгий хэл бусад жүдочидтой хүч үздэг. Хоёр гарандаа бяртай л даа.

-"Трактор" ордны танхим дүүрэн хөгжөөн дэмжигчдийн дунд нутгийн бөхтэй финалд барилдах бас л чанга юм аа?

Дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин Г.Болдбаатар

Оросын хөгжөөн дэмжигчдээс Монголынх л илүү байсан биз дээ. /инээв. сур/ Зохион байгуулагч орны бөхтэй барилдах амаргүй. Хөгжөөн дэмжигч, шүүлт гээд хэцүү. Гэхдээ дэлхийн аваргатай боллоо.

-Таныг ирэхэд жаахан таагүй мэдээтэй угтав уу. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын медальтнууд маань ялагдчихсан байсан?

Жүдо бөх дэлхийн дахинд хурдацтай хөгжиж байгаа. Энэ ч утгаараа жүдо бөхөөс хошой аварга төрнө гэдэг хэцүү дээ.

-Бусад жүдочдын сугалааны талаар?

Дэлхийн аваргад 110 орны жүдочид өрсөлдөж байна. Тэгэхээр сугалаа бол тийм гол асуудал биш. Жүдо бөх ерөнхийдөө Монгол бөхийн зүүн, баруун магнай гэдэгтэй адилхан эрэмблэгддэг. Чансаа өндөртэй жүдочид зоо тэргүүлээд барилддаг. Медальд хүрэхийн тулд чансаа өндөртэй бөхчүүдийг ялж байж  амжилтанд хүрдэг.

-Лондонгийн олимпийн -100кг-ын финалын барилдааныг Челябинскийн татамид давтагдаасай гэсэн бодол танд төрж л байгаа байх?

Одоо хэлэхэд эрт байна. /инээв.сур/ Тэмцээн дөнгөж эхэлж байна. Медальд хүрчих болов уу гэж горьдлого тавьсан олон жүдоч барилдаагүй байгаа. Бүгдээрээ харцгааж л байя.