Улсын гарьд Ш.Жаргалсайханд хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэсэн Завхан аймгийн Идэр сумын харъяат улсын гарьд Ш.Жаргалсайханыг өрөөндөө хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Г.Баярсайхан гишүүн шинэ төрсөн гарьдад алд цэнхэр хадаг, мөнгөн аяга өргөн барилаа. Тэрээр “Олон жил амжилттай сайн барилдаж, энэ жилийн баяр наадмаар өндөр амжилт үзүүлж, улсын гарьд цол хүртсэнд баяр хүргэж байна. Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүний хувьд дүүргийнхээ цагдаагийн албан хаагчид хүндэтгэл үзүүлж баяр хүргэж байгаадаа таатай байна. Цаашид улам сайн барилдахын ерөөл дэвшүүлье” гэв.
Гарьд Ш.Жаргалсайхан нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажилладаг, цагдаагийн ахмад цолтой нэгэн.
Иймд дүүргийнхээ цагдаагийн албан хаагч, спортын өндөр амжилт гаргасан бөхөд Г.Баярсайхан гишүүн ийнхүү хүндэтгэл үзүүлжээ.