Х.Баттулгыг төр үнэлэх ёстой гэв
Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн ажлыг 2006 онд хүлээн авчээ
2014.09.01

Х.Баттулгыг төр үнэлэх ёстой гэв

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэгхэн хоногийн өмнө өндөрлөлөө. Багаараа алтан медаль авч чадаагүйдээ охид маань харууслын нулимс унагасан ч долоон жилийн дараа багийн хүрлийн амжилтыг эвдэж, шинэхэн дэлхийн аварга төрүүлсэн гээд өнөө жилийн дэлхийн аварга монголчуудын хувьд сайхан болж өнгөрлөө. 

Дэлхийн 110 орноос зургаад, шилдгийн шилдэг 16-гаас мөнгөн медаль, медалийн оосроос атгасан 24 орны нэг болсон гээд монголын жүдо бөх жил ирэх тутам нэг шатаар ахиж байна. Тэгвэл энэхүү сайхан мэдээтэй зэрэгцэн өнөөдөр жиргээчид тун чухал сэдвээр хөөрөлдсөн юм. 

ДАШТ-2014 дээр шагнал гардуулж буй нь

Тэр нь Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар байсан юм. Их гүрнүүдтэй зиндаархах, дэлхийн татамигаас жил бүхэн алтан медаль өвөртлөн ирж байгаа энэхүү түүхэн амжилтыг гаргахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан түүнийг Хөдөлмөрийн баатар цолоор шагная гэсэн жиргээчдийн санаачилга ч багагүй тархаж хүн бүхэн энэ уриалгыг дуу нэгтэй дэмжиж харагдав. 

Мэдээж жүдо бөхийн хөгжилд түүний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй. Үүнийг төр үнэлэх эсэх нь цаг хугацааны асуудал биз ээ.