МЦХ компанийн 1000 ажилчид гудамжинд гарах уу
21 аймаг, 180 гаруй суманд суурин утас, интернэт, улс хоорондын яриа зэрэг харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлдэг “Монголын цахилгаан холбоо” компани дампуурлын ирмэгт ирж, 1000 гаруй хүн ажилгүй болохдоо тулжээ.
Тус компанийг 1995 онд хувьчилж, төрийн өмчийн оролцоотой, гадаадын хөрөнгө оруулалттай хувьцаат компани болгосон юм. Компанийн 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа телеком” корпораци, үлдсэн хувийг дотоод, гадаадын иргэн, аж ахуйн нэгж эзэмшдэг байна.
Гэтэл гол хувь эзэмшигч болох Монголын Засгийн газар, “Кореа телеком” компани сүүлийн 20 жил дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүйгээс компанийн үйл ажиллагаа ийн доголдоход хүрсэн байна.
Тус компанийн цахилгаан холбооны үйлчилгээ үзүүлэх техникийн үндсэн сүлжээ нь төрийн өмчит “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн мэдэлд байдаг тул зах зээлээ өргөжүүлэх боломж хязгаарлагдмал байдаг аж.
1000 гаруй хүн ажилгүй болохдоо тулжээ.
Мөн шинэ дэвшилт техник технологи, үйлчилгээ нэвтрүүлэх гэхэд гол хувь эзэмшигчид болон манай төр, засгаас тусгай зөвшөөрөл олгодоггүй, хүнд сур- тал гаргадаг аж. Үүнээс гадна Солонгосын “Кореа телеком” компани шаарддагатай хөрөнгө оруулалт хийлгүй 19 жил болсон нь байдлыг улам хүндрүүлэхэд нөлөөлсөн аж.
Энэ байдлаас гарахын тулд компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, Мэдээлэл, харилцаа холбооны салбарын ахмадын нэгдсэн хороо, компанийн нийт ажилчид нэгдэн, Засгийн газар болон “Кореа телеком” корпорацид хандан “Цаашид ямар нэгэн дорвитой алхам хийж, техник, технологи шинэчлэхийн төлөө шаардлагатай хөрөнгийг гаргаж, үүргээ биелүүлэхгүй бол 1-2 жилийн дараа энэ компани дампуурч, алслагдсан орон нутгийн иргэд харилцаа холбооны үйлчилгээ авах боломжгүй болно” хэмээн шаардлага хүргүүлсэн байна.