Захиргааны байгууллагуудын үйлчилгээ цахим хэлбэрт шилжинэ
Энэ онд нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудын үйлчилгээ цахим хэлбэрт шилжинэ
2014.08.25

Захиргааны байгууллагуудын үйлчилгээ цахим хэлбэрт шилжинэ

Энэ онд нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудын үйлчилгээ цахим хэлбэрт шилжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн зарим үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлэх тухай” А/718  дугаар захирамж гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс-Ухаалаг төр рүү” санаачилга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг үе шаттайгаар онлайн хэлбэрт шилжүүлэх ажлыг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэхийг Тамгын газарт даалгалаа.

Мөн төрийн зарим үйлчилгээг 2014 онд онлайн хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Архивын газар, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нутгийн захиргааны бүх шатны байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.