С.Одонтуяа гишүүн цусаа өгөхийг уриалжээ
Цус сэлбэлт, судлалын үндэсний төв нөөцийн хомсдолд ороод байгаа бөгөөд иргэд сүүлийн үед цусаа идэвхтэй өгч эхэлж буй.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ сарын эхээр тус төвд очиж цусаа өгсөн бөгөөд “Цусны төв хомсдолд оржээ. Хүмүүсийг цусаа өгч олон хүний амийг аврахыг уриалж байна” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан уриалсан байна.
Одоогоор цусаа хандивласан УИХ-ын гишүүн түүнээс өөр хараахан гараагүй байна. Сүүлийн нэг сарын хугацаанд цусаа өгөх иргэдийн тоо нэмэгдэж, нөөц тодорхой хэмжээгээр бүрдсэн талаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр ярилаа.
Өдөрт тогтмол 80-100 хүн цусаа өгч байж эмнэлгүүдээс ирж буй цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах боломж бүрддэг гэнэ. Манай улсын иргэдийн 0.8 хувь нь цусаа байнга өгдөг. Энэ нь дэлхийн дунджаас 3.5 дахин бага аж. Тиймээс хүн бүрийн оролцоо шаардлагатай байгаа юм.