Г.Баярсайхан гишүүн доктор профессор Нагато Нацүмэг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Төрөлхийн уруул, тагнайн сэтэрхийг судлах олон улсын сангийн дарга, Япон улсын Төрөлхийн уруул, тагнайн сэтэрхийг судлах сангийн захирал доктор профессор Нагато Нацүмэг хүлээн авч уулзлаа.
Нагато Нацүмэ нь манай улсад 17 жилийн турш эрүү нүүрний гажиг, уруул тагнайн мэс заслын чиглэлээр эмч нарыг сургаж боловсруулахын зэрэгцээ, олон хүүхдэд уруул, тагнайн мэс засал үнэ төлбөргүй хийжээ.
Түүний Монголд хэрэгжүүлж буй дээрх ажлынх нь талаар Байнгын хорооны дарга Г.Баярсайхан санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Г.Баярсайхан, олон жил Монгол Улсад эрүү нүүрний гажиг, уруул тагнайн мэс заслын чиглэлд ажиллаж, эмч багш нарыг сургахад сэтгэл гарган ажиллаж буйд талархал илэрхийлэв.
Нагато Нацүмэ Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд эрүүл мэндийн чиглэлд хоёр ч томоохон хурал зохион байгуулахаар болсоныг танилцууллаа.
Тодруулбал, “Монгол, Японы анагаах ухаан, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа” сэдэвт форум ирэх есдүгээр сарын 7,8 –ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна. Энэхүү хурлыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль/ санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах ажээ.
Мөн есдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд Уруул тагнайн сэтэрхийн олон улсын холбооны V их хурал Улаанбаатар хотноо болно. Дээрх хурлуудад эмч мэргэжилтэй, мөн Байгаль орчныг хамгаалах чиглэлд ажилладаг УИХ-ын гишүүний хувьд дэмжиж оролцохыг хүслээ.
Уруул тагнайн сэтэрхийн олон улсын холбооны V их хурлын үеэр “Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн гажигтай оношлогдсон ургийн үр хөндөлтийг таслан зогсоох Ханой тунхаглал”-ыг таниулах, бодлого хэрэгжүүлэгч нарт уриалах юм байна. Монгол Улсын ерөнхийлөгчид тус тунхаглалыг гардуулан өгөх ажээ.
Энэ асуудлаар Байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Агаарын бохирдол болон иргэдийн амьдарлын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор уруул тагнайн төрөлхийн өөрчлөлт нэмэгдэх хандлага байгааг ойлгож байна.
Манай улсын энэ чиглэлээр ажилладаг эмч, багш, судлаачид өвчлөлийг бууруулахад анхаарч амжилттай ажиллаж байгаа. Үр хөндөлт, уруул тагнайн төрөлхийн гажигийг багасгахад та бүхэнтэй хамтран ажиллах нь үр дүнгээ өгнө гэж найдаж байна.
Дээрх тунхаглалыг дэмжиж, өвчний шалтгааныг бууруулах чиглэлд бодлого гаргах түвшинд дэмжинэ” гэсэн юм. Доктор профессор Нагато Нацүмэ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ.