Монголын боломж ба Солонгосын сонирхол
-Эрдэс баялагийг шинэ технологитой хослуулсан хамтын хөгжилийн талаар хэлэлцэв-
Далайд гарцгүй, Ази, Европын хоёр их гүрний дунд оршиж байгаа монголчуудад хөрш зэргэлдээ Орос, Хятадаас гадна гуравдагч орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шахалт, шаардлага эдийн засгийн зүгээс ч тавигдаж байгаа. ДНБ-ний хэмжээгээрээ Азид эхний гуравт, харин дэлхийд 13-т жагсдаг Өмнөд Солонгос улсын худалдааны гол түнш болох сонирхол монголчуудад багагүй бий.
Эрдэс баялагаар арвин ч, дэд бүтэц тааруухан улсын хувьд Монголд шинэ технологи, чадварлаг боловсон хүчин хэрэгтэй.
Зөвхөн эрдэс баялгийн салбарт ч бус эдийн засаг, тээвэр ложистик, боловсролын салбарт хамтран ажиллах сонирхол хоёр улсын хувьд аль алинд нь байна. Монголд баялаг нь байна, харин солонгосчуудад технологийн асар том зах зээл бий.
Тиймээс эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр хамтран хөгжих, эдийн засгийн идэвхийг сэргээх үүднээс Их тэнгэрт Монгол-Солонгосын эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Энэхүү форум хоёр өдөр үргэлжлэх юм.
Итгэлцэл бол бизнесийн үндэс.
Итгэлцэлгүйгээр хамтын бизнес эрхлэх боломжгүй бөгөөд энэхүү форумын гол зорилго бол Монгол, Өмнөд Солонгосын компаниудад итгэлцэл төрүүлэх, цаашдаа хоёр улсын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд чиглэгджээ.
Жараад оноос хойш Өмнөд Солонгос улс богинохон хугацаанд эдийн засгаа хөгжүүлж, эдийн засгийн хямралыг эрсдэл багатай даван туулсан асар их туршлага тэдэнд бий.
Тус улсын эдийн засгийн хөгжил дардан байгаагүй бөгөөд текник, технологийн салбарт түлхүү анхаарлаа хандуулснаар өндөр хөгжилд хүрсэн байдаг. Тус улсын технологийн өндөр дэвшлийг ашиглан эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах, тээвэр ложистикээ сайжруулах, дэд бүтцээ хөгжүүлэх, харилцаа холбооны салбарын хөгжлийг хурдасгах том сонирхол монголчуудад бий.
Аливаа зүйлд нягт няхуур ханддаг солонгосчууд юуны өмнө монголчуудтай итгэлцийг бий болгохыг зорьж байна.
Аливаа зүйлд нягт няхуур ханддаг солонгосчууд юуны өмнө монголчуудтай итгэлцийг бий болгохыг зорьж байна. Тиймээс Их тэнгэрт болж байгаа эдийн засгийн форумд тус улсын тэргүүлэгч компаниудын захирлууд оролцож, Монгол Улсын эдийн засгийн онцлог, хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн тогтвортой байдлыг чухалчилж байсан.
Форумыг нээж, УИХ-ын гишүүн “Монгол-Солонгосын эдийн засгийн форум” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү ирэх жил Монгол, Өмнөд Солонгос улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг онцолж, хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааны бодлогыг боловсруулж, эдийн засгийн түншлэлийг өргөжүүлэх, чөлөөт худалдааны гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар анхаарч ажиллаж байгаагаа дурдсан. Мөн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-д зорчих визний асуудал хөнгөвчлөгдөж буй талаар ч дуулгасан юм.
Тэрчлэн Өмнөд Солонгос улс өндөр хөгжилтэй орон болсон туршлага нь томоохон компаниуд нь жижиг, дунд үйлдвэрлэлээ бүхий л талаараа дэмжиж, чиглүүлж, хамтарч ирсний үр дүн гэдгийг онцолсон.
Хоёр орны хооронд зорчих монгол иргэний тоо 100 мянганд хүрсэн, 2013 онд гэхэд Монгол-Солонгосын худалдаа хагас тэрбум долларт хүрсэн талаар манай улсаас тус улсад суугаа Элчин сайд Б.Ганболд танилцуулсан.
Энэхүү туршлагыг Монголын эдийн засгийн хөрсөнд цэцэглүүлэх нь манай томоохон компаниудаас шалтгаалах юм.
Энэхүү туршлагыг Монголын эдийн засгийн хөрсөнд цэцэглүүлэх нь манай томоохон компаниудаас шалтгаалах юм.
Форумд УИХ, Засгийн газрын төлөөлөгчдөөс гадна хоёр улсын эдийн засагчид, бизнесийн төлөөлөгчид идэвхтэй оролцсон.
Тодруулбал, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Хувийн хэвшлийг дэмжих, үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун, “Монголын бизнесийн зөвлөл”-ийн дарга Б.Бямбасайхан, “МИАТ” компанийн захирал Г.Жаргалсайхан, Өмнөд Солонгосын талаас Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын дарга Жүн Жан Сон, тус улсаас манай улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ру, “Дэлим” корпорацийн гүйцэтгэх захирал Сан Ки Лий, “Корей газ” корпорацийн гүйцэтгэх захирал Ян Юнг Мюнг нарын хүмүүс оролцсон юм.
Форумын үеэр ажиглагдсан нэг зүйл бол хоёр улсын компаниуд хамтран ажиллах сонирхол их байгаа нь илт. Өмнөд Солонгосын компаниудын хувьд гүйцэтгэгчээр ажиллахаасаа илүү хөрөнгө оруулах хэрэгтэй гэсэн хүлээлт Монголын талд байна.
Дэд сайд О.Чулуунбат:
Монгол Улсын эдийн засаг маш идэвхтэй, бас хурцадтай хөгжиж байна. Манай улс зүүн Азийн бүс нутгийн эдийн засагт идэвхтэй улс болох оролдлого хийж байгаа. Энэ найм, есдүгээр сард Хятадын удирдагч Си Жинпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар Монголд ажлын айлчлал хийнэ. Энэ үеэр бүс нутагтай холбоотой дэд бүтцийн том асуудлыг шийдвэрлэнэ. Энэхүү төсөлд Өмнөд Солонгосын компаниуд хамтарч ажиллаж болно. Өнөөдрийн хувьд бүтээн байгуулалтын том, том төслүүд хэрэгжиж байгаа. Концессийн гэрээгээр хэрэгжүүлэх 50 том төсөл байна.
Эдийн засагч Ч.Хашчулуун:
Монгол Улс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахад дэд бүтцийн хөгжил маш чухал. Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажил эхэлж, далд уурхайгаас зэс олборлож эхэлбэл манай эдийн засаг өргөжин тэлэх боломж бий. Түүнчлэн дэлхийн ховор металын зах зээлд Хятадын дараа орох том нийлүүлэгч болох бололцоотой. Манай улс газрын ховор элементийнхээ дөнгөж 1/3-нийг судалсан. Цаашдаа ховор элемент манай улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх болов уу гэсэн хүлээлт байгаа.
“Дэлим” корпорацийн гүйцэтгэх захирал Сан Ки Лий:
Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтран ажиллах санамж бичиг өнгөрсөн өвөл байгуулсан. Өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Манай компани усан замын, хуурай газрын тээвэрлэлтээр Өмнөд Солонгос улсдаа эхний тавд ордог. Тавантолгойгоос Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэхээр “Эрдэнэс Тавантолгой”-той гэрээ байгууллаа. Нүүрсний тээвэрлэлтэд давхар чиргүүлтэй машин ашиглана. Танай компани тээвэрлэлтийн хөлсөө төлөхгүй байх вий гэж санаа зовж байна. Манай машинууд бүгд JPS-тэй гэсэн юм.
Энэхүү форумын үеэр “Эрдэнэс Тавантолгой” компани Өмнөд Солонгосын “Дэлим” компанитай нүүрс тээвэрлүүлэх талаар гэрээ байгуулав. Гэрээний дагуу тус улсын давхар чиргүүтэй машинаар Тавантолгойгоос Цагаан хад хүртлэх тээврийн ажлыг Солонгосын “Дэлим” компани хариуцахаар болж байна.