Канадын Гадаад хэргийн сайдын айлчлал хоёр өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.
2014.07.25

Канадын Гадаад хэргийн сайд нутаг буцлаа

Тэрээр Монголд айлчлах хугацаандаа өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга М.Энхболд нарт бараалхсан юм.

Мөн Гадаад харилцааны сайд Л.Болдтой ганцаарчилсан уулзалт,  албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Канадын харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй

асуудлаар санал солилцож, хамтарсан мэдэгдэл гаргасан.

Хамтарсан мэдэгдэлд хоёр тал уул уурхай төдийгүй хуулийн шинэчлэл, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарын хэлхээ холбоог бэхжүүлж, хамтран ажиллахаар онцолсон байв.

Мөн Канадын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзаж, Монгол Улс нь Канад улсын Засгийн газраас хөгжлийн албан ёсны дэмжлэг үзүүлэх орнуудын жагсаалтад анх удаа багтсаныг онцолсон.

Түүнчлэн айлчлалын хүрээнд хэлэлцсэн асуудлыг ойрын хугацаанд ажил хэрэг болгохыг зорих болно гэдгийг мөн тэмдэглэсэн юм. Дээрх арга хэмжээний дараа ноён Жон Бэйрд бэсрэг наадам үзэж, нум татан монгол наадмын соёлын онцлогоос сонирхов. Бэсрэг наадам “Чингисийн хүрээ” жуулчны баазад болсон юм.

Ийнхүү Канадын Гадаад хэргийн сайдын айлчлал хоёр өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.