Хөдөлмөрийн сайд хөдөө орон нутагт ажиллаа
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав говийн аймгуудын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний ажилтай танилцаж явна.
Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс орон нутагтаа хийж буй бүтээн байгуулалтын ажилтайгаа уялдуулан бичил бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл олгож, санхүүгийн бусад буцалтгүй тусламж үзүүлж буй аж.
Тодруулбал, шавар, бетон зуурмаг болон тоосгоны үйлдвэрлэл зэрэгт тус бүр долоон хувийн хүүтэй 100 сая төгрөгийн зээл олгожээ.
Үүний дүнд ажлын байр олноор бий болгож, барилгын туслах материалиа гаднаас тээвэрлэхгүй, орон нутагтаа хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой болжээ.
Мөн юмханаар юм хийдэг бүтээлч иргэд, хоршоодод тус аймгийнхан санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Эдгээр хүний нэг нь “Говийн нүргэн” хоршооны ногоочин Б.Эрдэнэцэцэг. Тэрбээр анх тахианы байр барих төсөл бичиж, Хөдөлмөрийн хэлтсээсээ хоёр сая төгрөг авсан гэнэ.
Түүгээрээ тахианы байр барьж, өдгөө 70 гаруй тахиатай болжээ. Энэ жил олон өндөг авсан болохоор ,110 дэгдээхэйтэй болсноо салбарын сайддаа таницуулжээ. Мөн тэрбээр цацагт хяруул, галуу тэжээдэг.
Тэд нь үржээд 10-аад дэгдээхэйтэй болсон гэнэ. Үүний хажуугаар 10x6 харьцаатай ногооны гурван хүлэмж барьж, өргөст хэмх, улаан лооль, зуушны навч зэрэг нарийн ногоо, 20x6 харьцаатай гаднах талбайдаа тарвас, шар, хүрэн манжин тариалдаг аж.
Хөдөлмөрийн сайд Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)- ийн үйл ажиллагаатай мөн танилцжээ. Тус сургууль нь аймагтаа барилгын болон хөдөө аж ахуйн мэргэжилтэй ажилчид бэлтгэх хэрэгцээ шаардлагад үндэслэн 1986 оноос Улаанбаатар хотын Барилгын техник мэргэжлийн нэгдүгээр сургуулийн салбар болон өргөжин, барилга, ХАА-н 20-иод мэргэжлээр 1600 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсэн байна.
Эднийх Хөдөлмөрийн яамнаас санаачилсан Үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж, тус аймагт “Залуус” хороолол барьж буй “Монголт” барилгын компанийн захиалгаар 13 инженерээ мэргэшүүлж, өдгөө тэднийг тус компанийн үндсэн ажилтан болгоод байгаа аж.