Давжаа алиманд томрох боломж олгооч
Давжаа алимаар бид ЖДҮ-ийг төлөөлүүлэн зүйрлэлээ.
2014.04.08

Давжаа алиманд томрох боломж олгооч

Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил хэмээх сэдвээр экспертүүд дөрвөн асуудалд гарц хайж, анхаарал хандууллаа.

  1. Ухаалаг дэмжлэг
  2. Монгол брэнд
  3. Хувь хүний хөгжил
  4. НӨАТ болон татварын асуудал

Дэмжих нь зайлшгүй. Гэхдээ ухаалгаар бодит дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Төр засгаас бүгдийг харж, ангаахай шиг тэтгүүлдэг цаг өнгөрсөн гэдгийг олон хүмүүс санал нэгтэй хэлж байсан. Зарим нь бүр савраа татах ёстой гэдгийг ч шулуухан хэлсэн.

Go Mongolia Go (Урагшаа Монгол Урагшаа) уриатай энэхүү брэндийн үйлдвэрт хийсэн урбан жийнс хэдийнээ танил болжээ.

Тиймээс хэрхэн зөв дэмжлэг үзүүлэх ёстой талаар манай экспертүүдийн байр сууриас мэдэх боломжтой. Түүнээс гадна ЗГ-аас хэрэгжүүлж буй зээлийн дөрвөн чиглэл хэрхэн эзнээ олж байгаа талаар хөдөө орон нутгийн төлөөлөгчдийн ярианаас ойлгох болно.

Барьцаа хөрөнгө шаардаж, ихээхэн хэмжээний зээлийг хүсэхэд хариуд нь 20-50 сая төгрөгийг дансандаа бэлнээр байршуулахыг шаардаж байгаа нь ямар дэмжлэг вэ?

Энэ байдлаас үзэхэд жижгүүдийн нэрээр томчууд нь мөнгө цохьдог гэсэн гаргалгааг хийж болохоор байна. Тиймээс цаашид зээлийн дэмжлэгт банк бус санхүүгийн байгууллагыг оролцуулж, санхүүжилтын хэлбэрүүдийг өргөтгөх шаардлагатай. Тэднийг арилжааны банкуудтай өрсөлдүүлэх замаар санхүүгийн секторыг босгож болно.

Үүний дараа монгол хүний хөгжлийн асуудлыг зайлшгүй ярьж байлаа. ЖДҮ сул хөгжиж байгаа нь мэргэжилтэй ажиллах хүчтэй холбоотой гэдгийг олон эксперт яриандаа дурдсан. ЖДҮ эрхлэгчид өөрсдийнхөө чадвар, ойлголт, хандлагаа хөгжүүлэх хэрэгтэй. Дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болгоход гагцгхүү хүний хөгжил л дутагдаж байна. Өнөөдөр монголд 90 мянган ажлын байр эзнээ хүлээж байхад, тэдгээрт тэнцэх мэдлэгтэй чадвартай хүн олдохгүй байгаа талаар ажил олгогчид гомдоллосон нь нэгийг бодогдуулна биз ээ.

“Хөөндий” брэнд. Жижигхэн хэрнээ өвөл даардаггүй Хөөндий шувуутай зүйрлэж энэхүү нэрийг өгчээ.

Нөгөө талаас төсөл бичиж байгаа бизнес эрхлэгчид судалгаа, тооцоо хийж чаддаггүй бөгөөд тэднийг байнга чадваржуулах шаардлагатайг иргэний нийгмийн байгууллагын зүгээс их нухацтай ярьсан. Хөрөнгө мөнгөнөөс илүүтэй боловсон хүчийг чадваржуулахад туслаач гэдгийг ЖДҮ эрхлэгчид хэлж байлаа. Мэдээж ганцхан зээл тусламж, сургалт асуудлыг бүрэн шийдэхгүй. Олон талаас нь дэмжих ёстой. Одоо хаа сайгүй импортыг орлох бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэхээр зорьж, ярих болсон. Олон ЖДҮ эрхлэгчид импортын бараанд навс цохиулж, айдастай амьдардаг. Гэхдээ тэд дэлхий хавтгай гэдгийг ойлгох хэрэгтэй. Төхөөрөмждөө биш, технологидоо үйлдвэрлэл байгаа гэдгийг манай ЖДҮ эрхлэгч нар ойлгоосой. Технологи бол хүний ур ухаан, потенциалаар бий болдог. Монгол хүнд энэ бүхнийг хийх чадвар байгаа.