Бичил бизнесийн зээл олгоно
Бичил бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөр боловсрууллаа
2014.03.07

Бичил бизнесийн зээл олгоно

Нийслэлийн ЗДТГ-аас бичил бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөр боловсруулж дүүргийн хүн амын тоонд дүйцүүлэн  нэг хороонд дунджаар 100-200 сая төгрөг гэж тооцон, энэ оны төсөвт 15.2 тэрбум төгрөг төсөвлөсөн.

“Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн 152 хорооны 318 мянган өрхөөс авсан санал авахад иргэдийн олонх нь бичил бизнес эрхлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн нийслэлийн Хөдөлмөрийн газраас явуулсан судалгаанд хамрагдсан өрхийн 87 хувь нь ийм хүсэлтэй байсан тул уг хөтөлбөрийг санаачилжээ.

Эхний ээлжинд зээлийн хугацаа 18 сар, хүү нь жилийн 5-8 хувь байна гэж төлөвлөөд буй. Зээлийг олон иргэнд олгох ёстой тул дээд хэмжээ нь таван сая төгрөг байна. Зөвхөн зээл олгоод зогсохгүй, бүтээгдэхүүнээ худалдах, борлуулах үйл ажиллагааг ч хөтөлбөрт тусган, хэрэгжүүлнэ. Нийслэл болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авах бүтээгдэхүүний жагсаалт гарган, бичил бизнесийн зээл аван, үйлдвэрлэл эрхэлж байгаа өрхөөс уг жагсаалтад орсон бүтээгдэхүүн худалдаж авна.

Хөтөлбөрт нийслэлийн бүх хорооны иргэн хамрагдах эрхтэй. Хороонд хөршийн холбоо байгуулан, тус холбоо шаардлага хангасан төслүүдийг шалгаруулж, санхүүжилт олгон, хэрэгжилтэд нь хяналт тавих зэрэг хувилбарыг одоогоор боловсруулаад байгаа аж. Нийслэлийн ИТХ-аас хөтөлбөрийг баталсан тохиолдолд эцсийн байдлаар хэрхэн хэрэгжүүлэх, хэзээ эхлүүлэх зэрэг нь тодорхой болох гэнэ.