Н.Уранчимэг: Зээл санхүүжилтээс илүүтэй мэдлэг, мэдээлэл, ур чадвараа нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй
АДРА Монгол олон улсын байгууллагын хөтөлбөрийн зохицуулагч Н.Уранчимэг
2014.01.20

Н.Уранчимэг: Зээл санхүүжилтээс илүүтэй мэдлэг, мэдээлэл, ур чадвараа нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй

Жижиг бизнес таван жилийн дараа өрсөлдөх чадвартай болдог

АДРА Монгол олон улсын байгууллагын хөтөлбөрийн зохицуулагч Н.Уранчимэгтэй жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил болон бизнесийн орчны талаар ярилцлаа.

-Та энэ салбарт хэр удаан ажиллаж байна вэ.

2005 оноос АДРА Монгол байгууллагын Эдийн засгийг дэмжих хөтөлбөрт бичил болон жижиг бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байна.

- ЖДҮ эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ, ЖДҮ гэж юу вэ. Таны бодлоор?

ЖДҮ бол тухайн улсын хөгжлийн тулгуур гэдэг нь хөгжингүй улсуудын туршлагаас мөн манай орны сүүлийн үеийн туршлагаас ч харагдаж байна. ЖДҮ тухайн орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх улмаар эдийн

ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор төрөөс 2006-2008, 2009-2011 онд хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлсэн байна.

засгийн чадамжийг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулдаг чухал салбар юм. Саяхан хүртэл ЖДҮ-ийг өрхийн үйлдвэрлэлийн түвшинд л ойлгож байсан бол одоо орон нутаг тэр битгий хэл улс орны хэмжээнд хөгжлийн гарц хэмээн ойлгож хүлээн зөвшөөрөх болсон. Энэ хэрээр төр засгаас олон арга хэмжээ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэнээр ЖДҮ-ийн салбарт гэрэл гэгээтэй зүйл олон харагдаж байгааг хэлэх хэрэгтэй.

-2007 онд батлагдсан ЖДҮ-ийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай гэдгийг салбарын экспертүүд хэлдэг. Тухайлбал жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн шалгуур нь хэтэрхий өндөр байдаг. Та үүнтэй санал нийлэх үү. ЖДҮ эрхлэгч гэсэн жагсаалтад орж, зээл авахад хүндрэлтэй байдаг уу?

Хуулийг өөрчилж сайжруулах хэрэгтэй гэдэг нь тодорхой харагдаж байна. Хуулинд заасан шалгуур өндөр байгаагаас төр засгаас явуулж байгаа бодлого хөтөлбөр эзэддээ тэр бүр хүрч чадахгүй байгаа. Тухайлбал жилийн орлого нь 1,5 тэрбум, ажилчдын тоо нь 100-аас дээш байх нөхцөлийг тавьсан байдаг. Азийн орнуудыг харахад 1-9 ажилтан бичил, 10-аас дээш жижиг, 50-аас дээш нь дунд гээд явдаг юм билээ.

-Танай байгууллагаас хэрэгжүүлдэг "Эдийн засгийг дэмжих" хөтөлбөрийн үр дүнг та бүхэн оны эцэст хэрхэн дүгнэж байгаа вэ. Тэр хүмүүст яг ямар байдлаар дэмжлэг үзүүлсэн бэ.

АДРА ОУБ-ын Эдийн засгийг дэмжих хөтөлбөр нь бичил санхүү болон бизнес хөгжлийн шинэлэг, үр дүнтэй үйлчилгээгээр дамжуулан дэмжлэг шаардлагатай иргэд болон олон нийтийн өөртөө туслах чадавхийг нэмэгдүүлж орон нутгийн нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Хөтөлбөрийн хүрээнд бизнесийн ур чадвар нэмэгдүүлэх сургалтууд, бүлэг хоршоодыг дэмжих, зөвлөгөө өгөх үйлчилгээ, жижиг зээлийн холбон зуучлал, зээлийн батлан даалт, зах зээлийн холболт зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хот, Завхан, Сэлэнгэ, Баянхонгор аймагт одоогийн байдлаар 4 төсөл хэрэгжиж байна.

Одоо хэрэгжүүлж буй хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэх төслийн хүрээнд нийт 61 хоршоод байгуулагдсан ажиллаж байна. Анх төсөл эхэлж байх үед ихэнх хоршоод маань шинээр байгуулагдсан, мэдлэг ур чадвар, туршлага дутмаг хаанаас ямар дэмжлэг тусламж авахаа ч мэддэггүй байсан бол одоо бизнесийн үйл ажиллагаа нь өргөжиж,

Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг ХОРШОО гэнэ.

өөрийн гэсэн бүтээгдэхүүн үйлчилгээтэй болж, хоршиж ажиллахын ач холбогдлыг ойлгож эхлээд байна.

Төслийн үйл ажиллагааны үр дүнд  хоршоодын удирдлага, гишүүдийг бизнесийн болон мэргэжлийн шат дараалсан сургалтад хамруулж ур чадвартай боловсон хүчинг бий болгоход анхаарч ажиллалаа. Түүнчлэн газар дээрх мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, ноос, сүү цагаан идээ, газар тариалангийн чиглэлээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэх мэт олон ажлуудыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна. Мөн анхан шатны хоршоодын хамтын ажиллагааны эхлэл ”Дундын хоршоо” Сэлэнгэ, Завхан, Баянхонгор аймгуудад байгуулагдаж ажлын гараагаа эхлүүлээд байна

-Сургалтад сууж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд юу хамгийн их хэрэгтэй байдаг вэ?

Хийх гэж буй бизнесийнхээ талаар судалгаа, тооцоолол хийж сайн ойлголттой болсон байх хэрэгтэй. Манайханд  нийтлэг нэг дутагдал байдаг нь нэгнийхээ бизнесийг даган дуурайх хандлага их ажиглагддаг. Ялгарах зүйл байхгүй яг ижилхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэг. Мөн бүтээгдэхүүний чанар, үйлчилгээн дээр анхаарах хэрэгтэй.

ЖДҮ эрхлэгчид маань чанарын стандартыг хангаж ерөөсөө чаддаггүйгээс борлуулалт дээр асуудал гардаг. Бүтээгдэхүүн бүр л чанарын стандартыг хангах ёстой. Харилцагч, худалдан авагчтайгаа хэрхэн яаж байнгын харилцаатай ажиллах өөрийн гэсэн төлөвлөгөөтэй болох хэрэгтэй. Эхний ээлжинд заавал сүртэй том төлөвлөгөө хийх гэлгүй тухайн эрхлэх гэж буй бизнесийн салбараа сайн ойлгож өөрөө аль хэсэгт нь яаж ажллахаа тооцоолох хэрэгтэй гэж боддог.

-Санхүүжилт мэдээж чухал. Танай хөтөлбөрийн Зээл зуучлалын ажиллагаа нь ямар горимоор явагддаг вэ. Банкуудын дунд зуучлана гэсэн үг үү.

Ямар ч бизнес хөрөнгө оруулалтгүйгээр ахиж дэвшиж чаддагүй. Харин тухайн орж ирсэн хөрөнгийг төлөвлөгөөний дагуу зөв зарцуулж чадвал тодорхой үр дүнд хүрч ашигтай ажиллаж чадна. Манай жижиг бизнесүүдийн төлөвлөгөө нь цаасан дээр л яваад байдаг дутагдалтай тал бий.

Батлан даалтаа хадгаламжтай холбодог

ЭЗДХ-ийн хүрээнд бид 2005 оноос зээлийн батлан даалтын үйл ажиллагааг явуулсан. Банкуудтай хамтран ганцаарчилсан, бүлгийн, хоршооны хөгжлийн зээл гэсэн шинэ бүтээгдэхүүнүүдийг гарган тухайн зээлийг тодорхой хувиар батлан даадаг. Иргэд, байгууллагын хуримтлал хийх сонирхлыг өдөөх, зуршлыг бий болгох зорилгоор батлан даалтаа хадгаламжтай холбодог бөгөөд тухайн зээлээ төлж дуусах үед тэд тодорхой хэмжээний хуримтлалтай болсон байдаг. Энэ нь тэдэнд жижиг эрсдэлийг даван туулах, тоног төхөөрөмжөө засварлаж сэлбэх, орлуулах гэх мэтэд тусалдаг.  

-Манай улсад ямар загвараар хөгжүүлбэл зохилтой вэ. Энэ асуултыг асууж байгаа нь хүн болгон тусдаа үйлдвэрлэл эрхлэх гэхээр ажиллах хүчний дутагдалтай болчихдогтой холбоотой?

Төр засгаас ЖДҮ хөгжүүлэхэд дорвитой анхаарах хэрэгтэй. Энд тийм загвар зүйтэй гэж онолдмооргүй байна. Мэдээж ялангуяа манайх шиг хүн ам цөөн хөдөө орон нутагт иргэд хоршиж хамтарч ажилласнаар үр дүнд хүрнэ гэдэг нь ойлгомжтой. Хоршооллын хөдөлгөөнийг дэмжих зориолгоор өнгөрсөн 3 жилийн хугацаанд олон ажил хийгдсэн. Үүний үр дүнд болсон болоогүй олон хоршоод байгуулагдсан нь яг юм хийх сонирхолтой аж ахуй нэгжүүдийг бүдгэрүүлж байгаа тал бий. Хэрэв хөдөө орон нутагт ЖДҮ-ийг хөгжүүлэх гарц нь хоршоо гэж үзэж байгаа бол олон талаас нь ажиллах хэрэгтэй.

Зөвхөн мөнгөн хөрөнгөөр дэмжих бус хоршоодод ажиллаж байгаа боловсон хүчнийг бас чадваржуулж байгууллагын түвшинд хүнтэй ажилладаг хүнийг бэлтгэхээс эхлээд, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, борлуулалтад нь анхаарч ажиллавал зүйтэй.   

-ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийн гаалийн татвараас чөлөөлөх хуулийн хугацааг сунгах хэрэгтэй юу?

Хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ гаалийн татвараас чөлөөлсөнөөр тоног төхөөрөмжийн үнэ буурсан уу гэвэл эргэлзээтэй. Мөн жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээ банкуудад хөгжихгүй байгаа нь энэ талаар ажил хийх хэрэгтэй байгааг харуулдаг. Мөн гаднаас оруулаад ирлээ гэхэд түүнийг  засдаг, сэлбэг хэрэгслээр хангадаг зах зээл сайн хөгжихгүй байна шүү дээ.  

Хэдэн жилийн өмнө ЖДҮ агентлагийн дэргэд байгуулагдаж байсан технологи дамжуулах төвүүдийн үйл ажиллагааг эргэн сэргээж, манайд жижиг бизнесүүдийн хүчин чадалд тохирсон тоног төхөөрөмжүүдийн судалгааг хийж мэдээлж, дотооддоо хямд зардлаар хийх боломжийг судалж, туршиж байвал үйлдвэрлэл хөгжихөд хэрэгтэй.

-Жижиг бизнес эрхлэгчдийн зүгээс татварын асуудалд эмзэг ханддаг. Одоо татварын багц хуулийн асуудлыг ярьж байгаа. Үнэхээр бизнес эрхлэгчиддээ ээлтэй болохыг тулд ямар өөрчлөлтийг хийх шаардлагатай вэ? 

Мэдээж хэрэг олон талаас нь дэмжиж байж л ЖДҮ түргэн хугацаанд хөгжихөөр байна. Үүнд татварын хөнгөлөлт ч орно. Дөнгөж эхэлж буй үйлдвэрлүүдэд тодорхой хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого баримталбал хэрэгтэй юм шиг санагддаг. Ингэхийн тулд эхлээд хуулийн заалтаа өөрчилж бичил, жижиг, том бизнесүүдэд өөр өөр арга хэмжээг авч ажиллавал зүйтэй байх.

2013 оны байдлаар монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 70 мянган аж ахуй нэгжийн 83 хувь 1-9 ажилтантай аж ахуй нэгж байна. ҮСХ

Бидний туршлагаас харахад жижиг бизнесүүд зах зээлд өрсөлдөх чадвартай болоход дор хаяж 5 жил шаардлагатай байдаг. Хямд зардалтай хөнгөлөлттэй зээлийн ашиг тус их чухал нөлөөтэй. Үүнийг татвартай холбоод ажиллах боломж байх шиг харагддаг. Мөн хяналтыг чангаруулж, сайжруулах шаардлагатай байна. хэн ямар зээл аваад тухайн орон нутагт ямар өөрчлөлт авчирч байгаа хянах механизм байдаг гэж бодож байна. үүнийгээ албажуулж үйл ажиллагааг нь сайжруулах хэрэгтэй юм.  

- Зээл авахад барьцаа хөрөнгө, хөрөнгийн үнэлгээ чухал байдаг?

Зээлийн батлан даалтын үйлчилгээ хэрэгтэй. Энэ нь манай байгууллагын өнгөрсөн арваад жилийн туршлага харуулж байна. 2005 оноос хойш төслийн хүрээнд олгогдсон зээл 98 хувийн эргэн төлөлттэй байгаа нь улсын дунджаас хамаагүй өндөр. Энэ нь бичил жижиг зээлүүд эзнээ олж олгогдвол эрсдэл багатай гэдгийг харуулж байна. Нэгэнт эхэлсэн үйл ажиллагааг цаашид өргөжүүлэх, сайжруулах л хэрэгтэй.

-Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх гол шийдлийг та юу гэж харж байна вэ. Манай улсад Японы менежмент зохих болов уу?

Хэдийгээр хоршоо нь байгуулагдах үйл явц удаан хамтын хөдөлмөр, шийдвэрээр үйл ажиллагаа явуулдаг нарийн түвэгтэй бүтэцтэй ч ЖДҮ, бизнесийг хөгжүүлэх гарц гэж бид үздэг. Хамтран ажилласнаар зардлыг бүүруулж бүтээмжийг өсгөх боломжтой. Манайд л саяхнаас хоршоог сэргээн хөгжүүлэх оролдлогууд хийгдэж байгаагаас дэлхйид хоршоод хөгжин хүчээ авч байна.

Тухайлбал дэлхийн 100 гаруй оронд хоршоо хөгжин 800 гаруй сая гишүүд хоршооны ач тусыг хүртэж 100 гаруй сая ажлыг байрыг бий

АНУ-ын Амиш ферм

болгодог юм байна. АНУ-д 4 хүний 1 нь хоршооны гишүүнчлэлтэй байдаг ба үйл ажиллагааны чиглэл нь хөдөө аж ахуйн ферм байдаг гэсэн судалгааны тоо баримттай. Герман, Франц, Англи Канад, Япон Солонгос зэрэг дэлхийн хөгжилтэй орнуудад үйлдвэр эрхлэгчид хоршооллын зохион байгуулалтад орж сүү жимс, ХАА техник үйлдвэрлэл хэрэгслийн худалдаа, ханган нийлүүлэлтийг хйидэг туршлагатай.

Манай оронд түүхий эдийн нөөц бололцоон дээр тулгуурлан жижиг үйлдвэрүүдийг байгуулж дэлхийн томоохон үйлдвэрүүдийн сэлбэр хэрэгслийг үйлдвэрлэх боломжтой. Манай үйлдвэрлэгчид маань хүн ам бага, зах зээл жижиг байгаагаас борлуулалтын асуудлаа шийдэж чаддаггүй. Гэтэл дэлхий нийтэд органик, цэвэр байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээ маш өндөр. Ялангуяа боловсруулсан хүнсний ногоо, сармис, чацаргана, зөгийн бал, мах махан бүтээгдэхүүн гэх мэт энэ шалгуурт тохирсон, иргэдийн хоршин үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд их байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг л гадаад зээл дээр гаргах үүд хаалгыг нээгээд өгчихвөл ЖДҮ хөгжих бүрэн боломж байна. Үүний тулд гадаад худалдаа экспортыг дэмжиж ажилладаг алба нэгжийг төрөөс байгуулан ажиллаж яагаад болохгүй гэж.

- ЖДҮ эрхлэгчдэд гол тулгарч буй чөдөр тушаа нь юу байна вэ?

Зээл санхүүжилтээс илүүтэй мэдлэг, мэдээлэл, ур чадвараа нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй байна.

Ярилцсанд баярлалаа.