М.Доржлхагва: Дэлхийн зах зээлд үнэ тогтооход оролцмоор байна
“Алтай Кашмер”ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Доржлхагватай ярилцлаа.
-Ноолуурын салбар ямар байдалтай байна вэ. Төр засгаас нэлээдгүй дэмжиж байгаа гэсэн. Ямар үр дүн гарч байна?
Манай улс дэлхийн нийт түүхий ноолуурын 40 орчим хувийг бэлтгэн зах зээлд нийлүүлж байна. Нөгөө талаас уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг эс тооцвол экспортонд гаргах хамгийн боломжит бүтээгдэхүүн. Тиймээс сүүлийн жилүүдэд ноолуурын салбарыг төрөөс дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгох гэх мэт ажлуудыг хийж байна.
Гэвч бодит байдал дээр хэрэгжилт нь тун тааруу үзүүлэлттэй байгаа. Үүний нэг тод жишээ нь Засгийн газраас ОУ-ын зах зээл дээр гаргасан Чингис бондны мөнгөнөөс үндэсний үйлдвэрүүдэд Тоног төхөөрөмж худалдан авахад нь дэмжлэг болгож хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн боловч, үүнд хамрагдаж чадсан цөөхөн үйлдвэр байна. Мөн түүнчлэн өнгөрөгч 2013 оны 3 сард түүхий эд худалдан авахад дэмжлэг болгож эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Дотоодын үйлдвэрүүд хамрагдаж чадалгүй байсаар түүхий ноолуурын дийлэнх хэсэг нь хятадын ченжүүдийн гараар орж, урд хөрш рүү экспортлогдсон.
Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр ноолуурын салбарыг дэмжээд байна гээд л яриад байдаг.
Бодит байдал дээр дотоодын үйлдвэрүүд дээрх зээлийг авах хүсэлтэй боловч хөнгөлттэй зээлийг дамжуулан зээлдүүлж буй арилжааны банкуудын тавьдаг шалгууруудыг давж чаддаггүй. Бүгд л аль хэдийн зээл тавьчихсан байдаг юм чинь аргагүй ш дээ.
Өнгөрсөн жил улсын хэмжээнд 7 мян.тонн түүхий ноолуур гарсан гэсэн мэдээ байгаа. Түүнээс дотоодын үйлдвэрлэгчид бүгд нийлээд 1000 орчим тонныг л авсан байх.
Үлдсэнийг нь хятадууд юанаа шуудайтай барьж ирээд л авчихсан.
Мөн энэ жилийг хар. Өнөөдрийн байдлаар хамгийн сайн гарцтай зүүн аймгийн ноолуурыг мөн л хятадууд аваад, дуусч байх шиг байна даа.
-Тэгэхээр дотоодын үйлдвэрлэгчид юун дээрээ анхаарах вэ?
Нэгдүгээрт мэдээж санхүүгийн чадавхийн асуудал. Үүнээс гадна төрөөс зөвхөн хөнгөлөлттэй зээл олгоод зогсохгүй дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөхчадварыг сайжруулах талаар бодлого гарган, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Үйлдвэрүүд өрсөлдөх чадвараа
Монголын Хаанширхэгт”
сайжруулахын тул эхлээд тоног төхөөрөмжөө сайжруулах, цаашлаад чанартай, загвар сайтай бүтээгдэхүүн гаргах чадварлаг мэргэжилтэнгүүдтэй болох хэрэгтэй.
Одоогийн байдлаар бид хятадын технологийг гүйцээгүй л байна. Мөн түүнчлэн бидний хүчин чадал маш бага учраас их хэмжээгээр үйлдвэрлэж нэгж бүтээгдэхүүний өртгийг бууруулж чадахгүй байгаа нь дэлхийн томоохон худалдан авагч нарт өрсөлдөхүйц үнийн санал өгч хятадуудтай өрсөлдөж чадахгүйд хүргэж байна.
Уг нь дэлхийн ноолуурын зах зээлд Монгол улс Хятадын дараа орж байгаагийн хувьд дэлхийн зах зээлд ноолуурын үнийг тогтооход оролцож чаддаг байх ёстой юм. Хэрвээ бид энэ байдлаараа хятадтай өрсөлдвөл алдагдалд орно. Ядаж л манайх дотоодын хэрэгцээгээ 100% хангах хэмжээний ээрмэлийн үйлдвэрүүд, нэхмэлийн үйлдвэрүүдтэй болох хэрэгтэй ш дээ.
-Монгол брэндээрээ өрсөлдөж чадахгүй байна гэж үү? Хятад ноолуур Монгол ноолуураас ямар давуу талтай юм бэ?
Цагаан өнгө бүх өнгөнд орохдоо сайн учраас Хятадууд зөвхөн цагаан ямаагаа л үржүүлдэг. Харин манай ноолуур Хятадын ноолуурыг бодвол илүү уртлаг. Тиймээс хятадууд манай ноолуурыг өөрийнхөө ноолууртай хольж утасныхаа чанарыг сайжруулж байна. Ингээд л дэлхийн зах зээлд хятадууд үнэ тогтоож байна.
Монголын Хаанширхэгт” хэмээх Монгол ноолуурын брэндийг бий болгоод байна.
Гэхдээ бидэнд давуу тал бий. Манай компани 2011-2013 онд Азийн хөгжлийн банктай хамтран ажилласны үр дүнд “MNF”(Mongolian Noble Fibre)буюу “Монголын Хаанширхэгт” хэмээх Монгол ноолуурын брэндийг бий болгоод байна. Энэ төслийн хүрээнд хөдөө орон нутгаар явж малчдад ямаагаа хэрхэн үржүүлэх, ноолуур бэлтгэлийн явцад хэрхэн түүхий эдээ ангилах талаар сургалт зохион байгуулж, мөн түүнчлэн үйлдвэрлэлийн төвшинд чанар болон технологийн ямар горим барих зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг баталж гаргаад байна. Хэдийгээр үйлдвэрлэгч нь манай компани боловч энэхүү төсөлд АХБ-аас гадна МҮХАҮТ, ХААИС, Нэхмэлийн хүрээлэн, Ноос ноолуурын холбоо, МҮОНРТ зэрэг олон байгууллагууд дэмжиж оролцсон.
Үүний үр дүнд зөвхөн Монголд байдаг байгалийн 5 өнгө бүхий хамгийн тансаг зэрэглэлийн ноолууран брэнд бүтээгдэхүүнийг бид бий болгоод байна.
-Брэндийн дараагийн алхам юу вэ? Та бүхэн юу хүлээгээд байгаа юм бэ?
АХБ-ны төслийн хугацаа дуусч, өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн бүх материалаа ҮХААЯамд хүлээлгэж өгсөн. Цаашид Яам патентаа эзэмшээд, брэндээ сурталчлаад, харин үйлдвэрлэх эрхийг тодорхой шалгууруудыг хангасан үйлдвэрүүдэд олгохоор болж байх шиг байна. Тэгэхээр монголын ноолууран брэнд бүтээгдэхүүний хувь заяа хаашаа эргэхийг засаг төр маань л шийдэх болж байх шиг байна даа .
Ноолуурын бусад үйлдвэрүүд нэгдээд ажиллах боломж байгаа юу? Уг нь уул уурхай салбарын дараа ноолуурын бүтээгдэхүүн экспортод гарах боломжтой шүү дээ.
Тодорхой хэмжээгээр гарч байгаа ч хангалтгүй байна. Энэ бол ганц компаний асуудал биш л дээ. Хэрвээ бид нэгдээд ажиллая, зүтгэе гэвэл татгалзах юм байхгүй. Гэхдээ энэ ажлыг мэргэжлийн холбоодууд санаачлан хийх хэрэгтэй байх. Манай үйлдвэрүүд төрөлжөөд хөгжих боломж байгаа. Монголын зах зээл бага учир томоохон зах зээл рүү гарах шаардлагатай байна. Бидний өрсөлдөх чадваруудыг сайжруулахад шаардлагатай зүйлүүдийн нэг хэсэг бол татварын таатай орчин, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг юм. Мөн салбарын мэргэжилтнүүдээ улам илүү чадваржуулмаар байна, ноолуурын үйлдвэрүүдээ томруулмаар байна. Бид дэлхийн зах зээлд ноолуурын үнийг тогтооход нөлөөлж чаддаг болохын тулд салбараа чадавхжуулж, хөгжүүлэх хэрэгтэй байна.