Ж.Батсуурь: Олонхи дотроо хариуцлага ярина гэдэгт итгэхгүй байна
УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.
-УИХ-ын хаврын чуулган завсарласны дараа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Манай бүлгийн гишүүд амралтгүй ажиллана” гэж байсан. Таны хувьд чуулганы завсарлагааны хугацаанд юу хийхээр төлөвлөөд байна вэ?
-Өнөөдрөөс (өчигдрөөс) эхлээд тойргийнхоо сумдаар явж ажиллахаар Улаанбаатар хотоос гарах гэж байна. Бараг 14 хоног явах байх. Энэ үеэр ойн баяраа тэмдэглэж байгаа зарим сумын баярт оролцоно. Тойргийнхоо сонгогчидтой уулзаж, УИХ-аар баталсан болоод хэлэлцүүлгийн шатанд яваа хуулийн төслүүдийг танилцуулж, санаа бодлыг нь сонсоно. Ялангуяа намрын чуулганаар хэлэлцэх газрын багц хуулийн төсөлтэй холбогдуулан иргэдийнхээ санаа бодлыг сонсъё гэсэн бодолтой байгаа.
-Тойргоос сонгогдсон гишүүдийг тойрогтоо очдоггүй гэсэн шүүмжлэл дагадаг. Та хамгийн сүүлд хэзээ тойрогтоо ажилласан бэ?
-Би наадмаас өмнө Сайхандулаан, Айраг сумдад ажиллаад ирсэн.Түүнээс өмнө хаврын чуулган эхлэхээс өмнө тойрогтоо ажилласан. Харамсалтай тухайн үед гоц халдварт шүлхий өвчин гарсан учраас зарим суманд очиж чадаагүй. Ер нь чуулганы завсарлага бүрээр тойрогтоо очиж ажилладаг.
-Та наадмын өмнө хоёр сумын иргэдтэй уулзсан гэлээ. Ер нь иргэд ямар асуудлаар саналаа хэлж байна вэ?
-Иргэд ажлын байр хомсдож байгаа талаар хамгийн их ярьж байна. Жил бүр олон мянган залуучууд их, дээд сургууль болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг төгсч байна. Энэ залуус ажлын байраар хангагдаж чадахгүй байна. Дээр нь, өнгөрсөн жилээс эхлээд эдийн засаг доройтсонтой холбоотойгоор нэлээд олон аж ахуйн нэгж цомхотгол хийлээ, зарим нь бүр дампуурлаа.
Энэ нөхцөл байдал хөдөө орон нутагт ч адилхан байна. Үйл ажиллагаа явуулж байгаа компани бараг алга. Зарим нь ажилчдаа цалингүй амрааж байна. Ер нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалт буурсан, экспортод гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ буурсан нь манай тойргийн иргэдийн амьдралд шууд нөлөөлж байна.
Манай Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг жоншны нэлээд хэдэн үйлдвэр бүрэн зогсчихоод байна. Мөн цементийн үйлдвэр ашиглалтад орохоор яригдаж байгаа хэдий ч санхүүжилт байхгүйн улмаас зогсонги байдалд байгаа.
Хаврын чуулган завсарлахаас өмнө УИХ-ын тогтоол гарч Цагаансуваргын ордын асуудлыг нэг тийш нь шийдлээ.
Гэхдээ хөрөнгө оруулалт нь бүрэн шийдэгдээгүй байгаа.
-Ер нь ирээдүйд танай тойрогт ажлын байр нэмэгдэх магадлал өндөр байгаа юм биш үү. Таны ярианаас нэлээд хэдэн үйлдвэр ашиглалтад орох юм байна гэж ойлголоо?
-Цагаансуваргын ордоос эхлээд бүтээн байгуулалт нэлээд өрнөнө. Төр Цагаансуваргын ордоос тодорхой хувь эзэмшихээс татгалзаж, хувийн хэвшилд нь хариуцуулснаар гадаадын хөрөнгө оруулагчид тухайн орд газрыг сонирхож эхлэх байх. “МАК"-ийнхан удахгүй хөрөнгө оруулалтаа олж, цахилгааны шугам татахаас эхлээд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Үүнийг дагаад олон ажлын байр бий болно гэсэн хүлээлт манай орон нутгийн иргэдэд ч бий. Цагаансуваргын ордоос гадна Өргөн, Даланжаргалан сумдад цементийн үйлдвэр барьж байгаа. Энэ төслүүдийг “Чингис” бондоос санхүүжүүлэхээр болсон. Тиймээс удахгүй ажлын байр нэмэгдэх байх. Үүнээс өөрөөр ажлын байр нэмэгдэх горьдлого алга. Яагаад гэвэл, уул уурхай, төмөр замын бүтээн байгуулалтын ажил зогсонги, тодорхой бус байдалд байна шүү дээ.
-Ээлжит бус чуулган хуралдуулна гэсэн мэдээлэл бий. Та ээлжит бус чуулган хуралдах ёстой гэж үзэж байгаа юу?
-Ер нь шаардлага гарвал ээлжит бус чуулган хуралдуулж асуудлыг шийдвэрлэх ёстой. Ээлжит бус чуулган хуралдуулсан тохиолдолд Засгийн газар асуудлаа маш тодорхой оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэлэлцүүлгийн үед нөгөө оруулж ирсэн төслийг нь боловсруулж санал хураалт явуулж, түүнийгээ тойрч хэрэлдсээр байгаад хамаг цагаа барна.
Засгийн газар тооцоо судалгаа муутай төсөл оруулж ирснээс болоод УИХ дээр маргаан их гардаг. Маргалдуулж талцуулж байгаад эцэст нь төслөө татлаа гэдэг. Өнгөрсөн хаврын чуулган ийм байдлаар л үргэлжиллээ.
Цаг хугацаа гэдэг бол эдийн засгийн гол хууль шүү дээ. Хуучин нийгмийн үед хоногт төчнөөн мянган тоосго үйлдвэрлэлээ гэх мэтээр бүх ажил, бүтээн байгуулалтаа цаг хугацаагаар хэмждэг байлаа. Харин одоо цаг хугацааг хий дэмий хэрүүл тэмцэл хийсээр, эсвэл амарч, наргиж цэнгэж өнгөрөөдөг болж. Сая л гэхэд наадмаар тав хоног амардаг нь буруу шүү дээ.
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн бараг гуравны хоёр нь өнгөрчихлөө. Эдийн засагт тодорхой үр дүн гарахгүй валютын ханш өссөн хэвээрээ л байна. “Хэрвээ 100 хоногт үр дүн гарахгүй бол олонхи дотроо хариуцлага тооцно гэж АН- ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэн. Та 100 хоногт эдийн засаг сайжирна гэдэгт итгэж байгаа юу. Итгэхгүй байгаа байгаа бол олонхи дотроо хариуцлага тооцож чадна гэдэгт итгэх үү?
-Аль алинд нь итгэхгүй байна. Уг нь 100 хоног гэдэг их хугацаа. Асуудалд яаж хандахаас л хамаг зүйл шалтгаална. Хамгийн наад зах нь хөршүүдтэйгээ зөв зүйтэй харилцах нь чухал.
Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр улс орон хөгжинө гэж байхгүй. Бусад улс орны туршлагуудыг харахад, гадаадын зээл тусламж дээр суурилж л хөгжсөн байдаг. АНУ хэдий том гүрэн ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалтад их анхаардаг. Хувь хүн дансандаа их хэмжээний мөнгөтэй очиход л бүх орчин нөхцөлөөр нь хангаж өгдөг.
-Дорноговь аймагт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор та Шадар сайд Д.Тэрбишдагвад асуулга тавьсан. Чуулган завсарлахаас өмнө асуулгынхаа хариуг авч амжсан уу?
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн н яам цаг хугацаа алдсан, их хэмжээний мөнгө үрэгдсэн зэрэг хариуцлагагүй зүйл олон гарсан. Үүнээс болж малчид хохирсон. Яагаад гэвэл шүлхийгээр өвчилсөн малыг нь устгалд оруулдаг. Дээр нь хорио цээр тооцоод байвал иргэдийн амьдралд учирсан хохирол их.
Өмнө нь нэлээд их хэмжээний мөнгө зарцуулж вакцин хийсэн гэж байгаа. Уг нь вакцин хийсэн л бол шүлхий өвчин гарахгүй л эж байх ёстой шүү дээ. Энэ бүхний хариуцлагыг хүлээх хүн байна уу гэдгийг асуулгадаа дурдсан.
Асуулгын хариуг Шадар сайд бичгээр ирүүлсэн. Чуулганы хуралдаанаар нээлттэй сонсох байсан боловч амжаагүй. Уг нь төрийн байгууллагууд хариуцлага алдсан эсэхийг тогтоож, хариуцлага алдсан бол тухайн хүмүүст хариуцлага тооцох байсан юм.
Уг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр бүхий албан тушаалтан, төрийн байгууллагууд хариуцлага алдсан талаар нэлээн их гарсан, Тухайлбал, импортоор авсан вакцинаа хөлдөөсөн, төсвийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан гээд асуудал хөндөгдсөн. Гэвч эцэст нь, хэн ч хариуцлага хүлээгээгүй.