Ц.Даваасүрэн: УИХ-д хууль зөрчдөг хандлага хавтгайрвал бид хэнээс хэрэгжүүлэлтийг нь шаардах юм бэ
УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн
2014.07.09

Ц.Даваасүрэн: УИХ-д хууль зөрчдөг хандлага хавтгайрвал бид хэнээс хэрэгжүүлэлтийг нь шаардах юм бэ

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Хаврын чуулган завсар­ласан энэ үед гишүүд ажил­­­даа өөр өөрсдийн үнэ­лэлт дүг­нэлтийг өгсөн байх. Та­ны хувьд хэрхэн дүг­нэж байна?

-Цөөнх нь өөрийнхөө байр сууринд хүрч Засгийн газар болон эрх баригчдад шахалт үзүүлдэг болсон. Өмнө нь бол хүчтэй дуугарч чаддаггүй байсан шүү дээ. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор Зас­гийн га­зар ч нэлээд тэв­дэнгүй бай­лаа. Гэхдээ сөрөг хүч­ний­хэн бодит байдлыг хү­лээн зөвшөөрөхгүй хэт улс­­­­төржүүлэх үе байсныг хэлэх хэрэгтэй.

-Хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэ­мэлт, өөрчлөлт оруулах ту­хай болон хол­богдох бусад хэд хэдэн хуу­лийн төслийг хэ­лэл­цэхдээ танай байнгын хороогоор оруулаагүй. Яагаад хэлэл­цээгүй юм бэ?

-Чуулганы үеэр Төсвийн тухай, Татварын ерөнхий хууль, Гаалийн тариф, Гаа­лийн НӨАТ, Аж ахуйн нэгжийн албан татварын ту­хай, Төрийн аудитын ту­хай, Засгийн газрын тус­гай зориулалтын сангийн тухай зэрэг хуулийн нэ­мэлт өөрчлөлтийг Төс­вийн байнгын хороогоор оруу­лалгүйгээр баталсан.

Нэгэнт манай байнгын хорооны эрхлэх асуудал учраас Төс­вийн байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан.

Чу­­хам яагаад оруулаагүй та­лаар би сайн мэдэхгүй. Өмнө нь Төсвийн тухай, Тусгай зориулалтын сангийн тухай хуулиудыг хэлэлцэхдээ манай байнгын хороогоор хэлэлцэж байсан юм билээ.

-Тэгэхээр сая оруулж, хэ­лэлцээгүй нь УИХ-ын дэг зөрчсөн, цаашилбал дээрх хуулиудын чадамжтай эсэх асуудал хөндөгдөх юм биш үү?

-Сая хэлэлцээгүй нь дэгийг зөрчсөн л асуудал. УИХ-ын тухай хуулиар тухайн байнгын хороо зөвхөн харьяалагдах асуудлынхаа хүрээнд шийдвэр гаргахаар хуульчилсан байдаг. Цаашдаа ингэж болохгүй. УИХ нь өөрөө ингэж хууль зөрчдөг хандлага хавтгайрах юм бол бид хэнээс хуулиа биелүүл гэж шаардах юм бэ.

Үүнээс үүдэн асуудал хөн­дөгдвөл дээрх хуулиудын ча­­дамжтай эсэхээс болж хүнд­рэлтэй нөхцөл байдал үүсгэж ч болзошгүй.

-Дээрх хуулиудын ча­­дам­жийн асуудлыг хэн тодор­хойлох ёстой вэ?

-Чадамжгүй хууль болсон гэж хэлж болно. Гэхдээ энэ хуулийн талаар хэн нэгэн иргэн гомдол гаргавал шүүх газар Үндсэн хуулийн Цэц. Энэ байдлаар явбал асуудал үүснэ. УИХ үүнд анхаарал хандуулж, санамж авах ёстой.

-Бие даагчдын зөвлөл Мон­гол­банкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндсөн. Одоо чуулган завсарлачихсан болохоор яах вэ?

-Бидний байр суурь хэвээрээ байгаа. Хууль зүйн талаасаа үндэслэлтэй, ямар нэгэн асуудал байхгүй. Ер нь УИХ-д буруу жишиг тогтож болохгүй. Сүү­лийн үед бид сайдын асууд­лыг хэлэлцэхээ больж байна.

Өөрөөр хэлбэл хугацаатай асуудлуудаар завсарлага авч болохгүй шүү дээ. Бид өнгөрсөн парламентад хугацаагүй зав­сарлага авдаг байсан. Хэрвээ тэр хэвээрээ, хэн нэгэн сайдын асуудал яригдаж, хэлэлцэх үеэр хугацаагүй завсарлага аваад байсан бол ганц ч хүн огцрохгүй л байсан шүү дээ.

Тиймээс Монголбанкны удирдлага болон сайд нартай ха­риуцлага тооцох тухай асууд­лаар буруу жишиг тогтоохгүй байхын төлөө бие даагчдын зөв­лөл өөрийн байр сууриа хатуу илэрхийлнэ.

-Төсвийн хоёр дахь засварыг наадмаас өмнө оруулна гэж байсан ч Засгийн газар амж­сангүй. Тэгэхээр баярын да­раа ээлжит бус чуулганыг ху­рал­дуулах болов уу?

-Би үүнд өөр байр суурьтай байгаа. Бид 2014 оны төсвөө батлаад, тодорхой хөрөнгө оруу­лалтын хэсэгт нь тодотголоо хийчихсэн. Тиймээс төлөвлөсөн ажлуудаа л хийх ёстой. Түүнээс төлөвлөгөө биелүүлэх гээд орлогын төлөвлөгөөг бууруулах байдлаар хандаж болохгүй.

Одоогийн өгөгдсөн байгаа ор­логынхоо төлөвлөгөөний хү­рээнд ажиллах ёстой. Ажил­­­лаж үзээд, барилга бай­гуу­лам­жаа барих хэрэгтэй. Тэгэх­гүйгээр төсвөө багасгая гээд байх юм бол бизнесийн сал­барынханд маш хүнд цохилт болно.

Тэд хөрөнгө оруулалтын маш олон ажил авчихсан, зарим нь төлөвлөчихсөн ажлуудад оролцохоор тооцоолчихсон бай­гаа учраас хүнд байдалд орно. Үндсэндээ сөрөг үр дагавар л авч ирнэ. Тиймээс төсвийн тодотголыг өдийд хэлэлцэхийг би дэм­жих­гүй байгаа. Эхний хагас жилдээ зүтгээд үзэх нь дээр.

-Эдийн засаг элгээрээ хэвт­чихлээ л гээд байгаа шүү дээ?

-Эдийн засгийн төлөв байдал дээр нааштай дүр төрх байгаа шүү дээ. Экспортын орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 300 сая төгрөгөөр нэмэгдсэн. 2013 оны таван сарын гүй­цэтгэлээр экспортын орлого 1.6 тэрбум ам.доллар байсан. Одоо 1.9 тэрбум болсон. Энэ чинь гэрэл гэгээ харагдаж байгааг хэлээд байгаа биз дээ.

Тэгэхээр энэ гэгээтэй зүйлээ дэмжсэн бодлого явуулъя. Өөрсдөө царцаасан, хумьсан байдлаар хандах юм бол бизнесийн салбар улам бүр цохилтод орно гэдгийг тооцох хэрэгтэй. Хэрвээ бизнесийн салбарынхан цохилтод орвол бид эдийн засгийн хямралын ард гарч чадахгүй. Яагаад гэвэл улстөрчид энэ хямралын ард гаргахгүй. Бизнесийн салбарынхан л үр ашигтай ажиллаж, ажлын байрыг бууруулахгүй байснаар гарна.

-Төсвийн орлого одоогийн байдлаар хэр хэмжээгээр тасарсан бэ?

-Төсвийн орлого 370-аад тэрбум төгрөг буюу 5 орчим хувиар тасарч яваа. Эхний хагас жилд ерөнхийдөө тасардаг. Урсгал тэнцлийнхээ хувьд та­сарвал хүндрэлтэй. Ер нь эдийн засгийг эрчим­жүүлэх 100 хоногийн үр дүнг харж байж төсвийн тодотгол ярих нь зүйтэй.