С.Бямбацогт: Хариуцлага нэхэхээр завсарлага авдаг
2014.07.04

С.Бямбацогт: Хариуцлага нэхэхээр завсарлага авдаг

2014 оны хаврын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ж.Батсуурь нар өнөөдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хаврын чуулганы хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 18 удаа хуралдаж, 19 ажлын хэсэг байгуулан ажиллаж, есөн асуулга тавьснаас гурвынх нь хариуг өгсөн, 71 албан бичгийг холбогдох албан тушаалтанд илгээхэд 11 газраас хариу иржээ.

Энэ бол цөөнхөд ямар хандлага харуулж байгаагийн тод илрэл гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга онцоллоо.

Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд зангидсан гар шиг байж нэг багийн зарчмаар ажилласан бөгөөд хаврын чуулганы завсарлагааны хугацаанд амрахгүй ажиллах болжээ.

Эдийн засаг хүндэрч, иргэдийн ахуй амьдрал доройтсон тул улс орныхоо эрх ашгийн төлөө эрх баригчдад тусалж ажиллахаас аргагүй болоод байна гэж С.Бямбацогт дарга мэдэгдэв. Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-УИХ дахь МАН-ын бүлэг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэх үед дэмжихгүй хэмээн мэдэгдэж байсан ч Я.Содбаатар нарын гишүүд дэмжсэн. Наанаа дэмжихгүй гэчихээд цаагуураа тохироо хийгээд дэмжээд байдаг юм биш үү?

-Буруу ойлголттой байна, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын асуудал яригдахад УИХ-дахь МАН-ын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг хувь хүнийх нь хувьд дэмжиж байна, гол нь “Давхар дээл”-тэй нэг сайдыг чөлөөлчихөөд дахиад нэг давхар дээлтэй сайд төрүүлэх боломжгүй гэсэн, протколд ч тэмдэглэгдсэн.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх үед бид “Үндсэн хуультай зөрчилдсөн асуудлаар санал хураалтад оролцох боломжгүй” гээд 100 хувь нэг байр суурьтай байсан.  Зөвхөн энэ асуудал дээр ч биш, олон асуудал дээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд байр суурь нэг байсныг удаа дараагийн үйдлээс харсан болов уу.

Тухайлбал, өнгөрсөн УИХ-ын намрын чуулганыг хугацаанаас нь өмнө буюу хоёрдугаар сарын 1-нд завсарлуулсан, уг нь бол хоёрдугаар сарын 10-нд завсарлуулах ёстой байсан. Яагаад гэвэл “Давхар дээл”-ийг тайлчих гээд байсан учраас эрх баригч хүчин ийм арга хэмжээ авахаас аргагүй байсан болов уу.  

Мөн сая Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хаврын чуулганд багтааж хэлэлцэх ёстой ч хууль зөрчүүлж, хэлэлцэхгүй байсаар чуулганыг завсарлууллаа. Хэрвээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн байр суурь нэгдмэл биш байсан бол ийм асуудал болохгүй байх байсан.

-Саяхан танай бүлэг Засгийн газарт хандан 10 зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг ирэх аравдугаар сард биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэсэн. Энэ нь гудамжинд гарч тэмцэнэ гэсэн үг үү, эсвэл хоёр жилийн өмнөх шигээ чуулганы танхимын үүдэнд буйдантай суулт хийнэ гэсэн үг үү?

-Үндсэн хуульд заасан иргэний эрхийнхээ хүрээнд улстөрийн тэмцлийг ямар ч хэлбэрээр яаж ч илэрхийлж болно шүү дээ.

-Та бүхэн Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл судалгаа муутай, хэрэгжих боломжгүй байсан учраас буцаж байсан гэлээ. Гэвч хуулийн төслийг боловсруулдаг  мэргэжилтнүүдийн хувьд “УИХ-ын гишүүд төслийн үзэл баримтлалыг эрс өөрчилж, мэргэжлийн бус хандаад байна” гэж шүүмжлэх. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-УИХ 76 гишүүнтэй, хуулийн төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцдэг. Хэлэлцүүлгийн шатанд хэн гэдэг гишүүн ямар байр суурь баримтлав,  ямар хуультай зөрчилдсөн асуудлыг дэвшүүлэв гэдгийг харах боломж нээлттэй.

Засгийн газар шиг асуудлыг хаалттай, яам, тамгын газар шиг тэрүүхэндээ асуудлыг нууц хэлэлцдэг юм биш шүү дээ.

Нээлттэй, тал талаас нь нухацтай ярилцаж хамгийн зөв шийдвэр гаргахын төлөө хэлэлцүүлэг хийдэг ийм л тогтолцоо. Тийм учраас 76 гишүүн нийлж байгаад төрийн эсрэг гэдэг юм уу, ард түмний эсрэг гэдэг юм уу, эсвэл хувийнхаа эрх ашгийн төлөө шийдвэр гаргах бололцоо тун бага. Аль болох олуулаа асуудлыг олон талаас нь хэлэлцэж, зөв шийдэл гаргахын төлөө байдаг.

-Засгийн газрын “Эзэн-100” хөтөлбөрийг МАН “Ард-100” –гаар хянана гэсэн. “Эзэн-100”-гийн үр дүнг юугаар хэмжих вэ?

-“Эзэн 100” хөтөлбөр батлагдаад 56 хонож байна, 100 хоногийг дуустал хүлээнэ. Энэ хугацаанд ард түмний амьдрал яаж сайжрав, валютын ханш яаж буурав, гадаадын хөрөнгө оруулалт яаж нэмэгдэв гээд гарт баригдаж, нүдэнд харагдах үзүүлэлтүүдээр үр дүн хэмжигдэх ёстой гэж бид үзэж байгаа.

Түүнээс Засгийн газрын сайд нарын яриад байгаа шиг, тэдэн удаа хуралдлаа, тийм төсөл өргөн мэдүүллээ, тийм шийдвэр гарлаа, ийм ч сайхан байна гэж олон удаа ярьснаар үр дүнг хэмжихгүй.

Үүнийг хэмжихийн тулд, хянахын тулд МАН-аас  “Ард-100”-г санаачилж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ахалсан ажлын хэсэг хяналт тавьж байгаа. Гол зорилго нь “Эзэн-100” аяныг үр дүнд хүргэхийн тулд “Ард-100”-гаар шахаж, шаардах юм.

-УИХ-ын хаврын чуулган 70 орчим хоногийн хугацаанд үргэлжилсэн байгаа. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг тал 30 гаруй хоногт нь завсарлага авсныг УИХ-ын дарга чуулганыг хаах үедээ хэлсэн. Олон хоногийн завсарлага авах болсны шалтгаан нь юу байв. Эргээд энэ нь хаврын чуулганаар чухал хуулийн төслүүд хэлэлцэгдэж батлагдахад тодорхой хэмжээгээр нөлөөлчих шиг?

-Тодорхой асуудлууд дээр завсарлага авч байсан нь үнэн, яах аргагүй улс орны эрх ашигтай харшилдсан, ард иргэдийн амьдралыг илт хохироосон шийдвэрийг олонхиороо хууль зөрчөөд, хүч түрэн гаргах гээд байх үед нь арга буюу дээд тал нь ажлын тав хоног хүртэл завсарлага авсан.

Асуудлыг ард иргэдэд зөв хүргэх, асуудлыг эрх баригчдад зөв ойлгуулахын тулд завсарлага авч байсан. Гэхдээ биднийг завсарлага авангуут тэр чигээрээ байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахгүй, хойшлох тохиолдол байхгүй. Дараагийн асуудлыг хэлэлцээд явдаг. Тийм болохоор цөөнхийн авсан завсарлага хаврын чуулган үр дүн муутай ажиллахад нөлөөллөө гэж үзэх нь өрөөсгөл.  

Ер нь бол ганц цөөнх завсарлага авсан юм биш, эрх баригчид маань ч нэлээн олон завсарлага авсан. Авсан завсарлагынх нь агуулгыг харах юм бол эрх мэдэл, албан тушаалтайгаа үлдэхийн төлөө, сандал ширээтэйгээ зууралдах асуудал дээр голчлон авч байсныг та бүхэн санаж байгаа болов уу.

Хариуцлага тооцох асуудал дээр завсарлага авч, хариуцлагаас бултаж байсан. Өмнөх парламентын үед өнөөгийн олонхи цөөнх байхдаа сараар, жилээр тэр байтугай 2-4 хүртэл жилээр завсарлага авдаг байсан юм шүү дээ.