С.Ганбаатар: Сайд нар дэндүү хариуцлагагүй байлаа
С.Ганбаатар
2014.07.04

С.Ганбаатар: Сайд нар дэндүү хариуцлагагүй байлаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Газрын тухай хуулийн төслийг хүчтэй эсэргүүцсэн гишүүний нэг нь та. Энэ хуулийг Засгийн газраас буцаан татаж иргэдийн сэтгэлийг амраалаа. Таныг Газрын тухай хуулийг эрдэмтэдтэй хамтран боловсруулж өргөн барихаар зэхэж байгаа гэж дууллаа. Энэ үнэн үү? 

-Газрын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт би багтсан. Монголын газар нутгийг бусдад худалдах заалт орсныг эсэргүүцсэнийхээ төлөө мэдлэггүй, тэнэг, мангараараа дуудуулж байлаа.

Газрын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн зөвлөх, хуульч, шинжээчид Газрын хуулийг батлуулахаар яаж улайран зүтгэж байсан гэж бодно.

Ер нь би гэхээсээ илүү дэмжиж ажилласан хүмүүст үнэхээр их баярлаж байна. Тэдэнгүйгээр юу ч хийж чадахгүй байсан шүү. Монголын анхны газрын харилцааны салбарын гавьяат Жамц, Занабаатар, Цэдэнбалжир, Удирдлагын академийн доктор Жаргал багш гэх мэтчилэн 15 эрдэмтэнтэй хамтарч ажилласан. Тэдний тус маш их байсан шүү.

Түүнчлэн гадаадад ажиллаж, амьдардаг Монголчууд Газрын тухай хуулийг эсэргүүцэж байгаагаа цахим ертөнцөөр илэрхийлж байсан. Хэвлэл мэдээллийнхэн ирээдүйнхээ төлөө санаа тавьж энэ хуулийн төслийн талаархи мэдээллийг тэнцвэртэй хүргэж байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

Талархал илэрхийлэх их олон хүн байгаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар руу мессеж явуулсан тэр залууд ч баярлалаа гэж хэлмээр байна. Эх орныхоо ирээдүйд санаа зовсон учраас мессеж явуулсан байх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс тэр залууг саатуулсан гэж сонссон. Үндсэн хуульд заасан үг хэлэх эрхээ эдэлснийх нь төлөө юунд тэр залууг хорьж, цагдаж зовоогоод байгааг гайхаж байна.

Монголын ард түмэн нэгдэн нягтрахаараа ямар хүчтэйг Засгийн газар Газрын хуулиа эгүүлэн татсанаас харж болох нь. Энэ хуулийг эгүүлэн татахад сөрөг хүчний дуу хоолой ч тус нэмэр болсныг хэлмээр байна.

Тэр дундаа УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарыг энд нэрлэмээр байна. Ер нь тэмцэл тодорхой үр дүнд хүрвэл түүнд дуу хоолойгоо өргөсөн хүнийг хэлэх нь улстөрчийн ёс зүйтэй холбоотой гэж боддог. Намрын чуулганаар Газрын тухай хуулийг эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулж, ард түмнээсээ санал авч боловсруулахаар төлөвлөж байгаа нь үнэн. 

-Хаврын чуулганаар гишүүд үр дүнтэй ажиллаж чадсангүй гэж та хатуухан шүүмжилсэн. Яагаад ийм дүгнэлт өгөх болов? 

-Хаврын чуулганаар үр дүн муутай ажилласныг би шулуухан хэлнэ. УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс Компанийн тухай хуулиа батлуулж, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслүүд ч урагштай байна. Үүгээр бүхнийг сайн, сайхан байна гэж хэлэх гэсэнгүй. Уг нь УИХ Монголын ард түмний бэрхшээлийг шийдэх гэж бий болсон бүтэц.

Гэтэл одоо бол УИХ өөрөө ард түмний бэрхшээл болчихоод байна. Яг үнэнийг хэлэхэд энэ байдлаас маш их ичиж байна. Хаврын чуулган дуустал сайд нарыг солих, сандал, ширээний маргаан өрнөлөө. Цаг наргүй хэдэн сайдыг халж, солих тухай ярилаа.

Би “Давхар дээл”-тэй байхын эсрэг байдаг хүн. Засгийн газрын сайд нар “Давхар дээл”-ээ тайлах ёстой. Ингэж ард түмнийг залхааж, албан тушаалын давхардлыг арилгана, арилгахгүй гэж ноцолдох ямар ч шаардлага байхгүй. Ер нь энэ сайд нар арай л дэндүү хариуцлагагүй байна. УИХ-ын үйл ажиллагааг удаашруулж, хүндрүүлэхэд “давхар дээлтнүүд”-ийн үүрэг оролцоо их байсан шүү. 

-УИХ хамгийн чухал хуулиа баталж чадсангүй гэж бухимдах хүн ч байна. 

-Үүний шалтгаан тодорхой шүү дээ. Яагаад гэвэл албан тушаалдаа ухаангүй хайртай хэдэн сайд нарыг дээлээ тайлах уу, үгүй юү гэдгийг хүлээж үнэтэй цагаа үрлээ. Анхнаасаа албан тушаалын давхардлыг арилгах ёстой гэж мөн ч их хэлсэн дээ. УИХ-ын дэргэд Засгийн газар Улсын бага хурал шиг ажиллахаа болих хэрэгтэйг би хэлээд байгаа шүү дээ. 

-Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудал намрын чуулган дамжих нь тодорхой боллоо. Дахиад сандал, ширээний хэрүүл үргэлжлэх бололтой?

 -Намайг УИХ-ын гишүүн учраас Монголын Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгчөөр ажиллаж болох уу, үгүй юү гээд баахан маргасан. Би МҮЭХ-ны ажилд өнөөдрийг хүртэл элэгтэй ханддаг. Тиймээс элдэв хэл ам дагуулах нь МҮЭХ, УИХ-ын нэр хүндэд халтай гэж ойлгосон учраас Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгчийн ажлаа сайн дураараа хүлээлгэн өгсөн. Тиймээс Засгийн газрын гишүүдийг сайдынхаа ажлыг шахуулахгүй өгчихөөч гээд байгаа хэрэг. Тэгвэл УИХ-ын үйл ажиллагаа улам л цэгцтэй болно.

 -Төмөр замын царигийн асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ? 

-Төмөр замын асуудлыг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцсэн. Гэхдээ миний байр суурь хаалттай биш. Үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Яагаад гэвэл энэ хэдэн олигархиудын төмөр зам биш Монголын ард түмнийх болохоор тэр. УИХ-ын гишүүн гэдэг ард түмний төлөөлөл учраас өөрийнхөө байр суурийг хэлэх нь зөв.

Энэ асуудалд бие даасан мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт гаргах ёстой.

Тэр дүгнэлтийг тойрч улстөрчид шийдвэрээ гаргадаг байгаасай. Би ийм л энгийн зүйлийг олон жил хүсч ирсэн. Яг үнэнийг хэлэхэд төмөр замыг чи мэдэхгүй, би ч сайн мэдэхгүй шүү дээ. Би жишээ нь төмөр замд нэг ч өдөр ажиллаж үзээгүй. Мэргэжлийн сургуулийг нь ч төгсөөгүй. УИХ дотор ч төмөр замын шинжээч болчихоор хүн байхгүй. Гэхдээ би хувьдаа төмөр замын өргөн царигийг дэмжиж байгаагаа хэлмээр байна.

 -Саяхан “Рио-Тинто” компанийг татвараас зайлсхийсэн гэх мэдээлэл цахим хуудсаар цацагдлаа. Та яагаад энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй байна вэ? 

-Надтай, надгүй Татварын ерөнхий газраас “Оюутолгой” компани татвараас бултсаныг илрүүлчихсэн байгаа. Хамгийн сүүлд гэхэд уг компани найман тэрбумын зардал гарсан хэмээн мэдэгдсэн ч бодит байдалд таван тэрбум төгрөгтэй холбоотой асуудал байсан. Гурван тэрбумыг бичилт хийлгэж дундаас нь завшсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарлаа. Ер нь Оюутолгойн цэс нь цухуйж байна. Ийм хүнд үед нь “Би хэлээгүй билүү” гэж дайрах нь Монгол хүний жудагт яавч нийцэхгүй.

 -Хөрөнгө оруулагчдыг татахын тулд татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийн төслүүдийг боловсруулж байна. Үр дүнгээ өгөх болов уу? 

-Хөрөнгө оруулалтыг даллаж, гуйдаггүй юм. Хөрөнгө оруулахаас өөр аргагүй ашигтай нөхцөлийг Монголд бий болгох ёстой. Хагас болон бүтэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж эхэлбэл хөрөнгө оруулагчид Монголд анхаарлаа хандуулна. Би санаагаа маш энгийнээр илэрхийлэх үү.

Эмэгтэйчүүд “Турмаар байна” гэж ярьдаг. Турах хоёр арга зам байна. Хоолоо сойх эсвэл идэвхтэй хөдөлгөөн хийж турна. Тэгэхээр татвараа хөнгөлнө гэдэг хоолоо сойгоод турж байгаагаас ялгаагүй.

Харин ашиг, нэмүү өртөг бий болгох томоохон төслүүдийг санаачилж, эрх зүйн орчинг нь бүрдүүлж байж хөрөнгө оруулагчдыг татвал хөлсөө гарган гүйж буюу эрүүлээр турж байгаатай адилхан гэсэн үг. 

-Уул уурхай, эдийн засгийн салбар хариуцсан сайдаас нь болоод хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна гэж зарим хүн ярьдаг. 

-Би зарим улстөрч шиг хүний тухай биш асуудлын талаар ярьдаг. Ингэхдээ гаргалгаа гаргахыг хичээдэг. Би хувь хүнд нь хандаж хэлээгүй. Сайд нарт хандаж, давхар албан тушаалаа хашихаа болчих гээд байгаа шүү дээ. 

-Ер нь Ш.Түвдэндорж гишүүнийг ҮХАА-н сайдаар томилсон нь “Давхар дээл” тайлахгүйн баталгаа биш үү?

 -Тэмцээд ялагдаж болно. Тэмцэхгүй байвал аль хэдийнэ ялагдчихсан гэсэн үг. Тиймээс цаашид ч “Давхар дээл”-ийг тайлах ёстой гэдгийг сануулсаар байх болно.