Наадамчин олноо хүлээх Монгол наадам цогцолбор
Хэдхэн хоногийн өмнө Шадар сайд Д.Тэрбишдагва Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, Хүй долоон худагт ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай танилцсан.
Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэлийнхнийг дагуулан дээрх газруудаар явсан юм. 80 хувьтай байсан бэлтгэл ажил ерөнхийдөө дуусчээ. Будаг, шохой ханхалж, засварын ажил ид өрнөж байсан төв цэнгэлдэх өнгө өнгийн цоо шинэ суудлуудаар өнгө нэмсэн нь гайхалтай харагдаж байв.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ жилийн наадам зохион байгуулах комисс, Т.Тэрбишдагва сайд, Э.Бат-Үүл дарга нарын хийсэн, нүдэнд харагдаж, гарт баригдах өөрчлөлт бол сандал юм.
1959 оноос хойш модон сандал дээр будаг түрхэж суудаг байсныг өөрчилж, хүн бүр нэг сандал дээр суух боломжтой болжээ” гэв.
Ийнхүү 55 жилийн дараа үзэгчдийн суудлыг бүрэн шинэчилснээр Төв цэнгэлдэх хүрээлэн 13600 суудалтай болж байгаа юм. Дан ганц суудал ч гэлтгүй цэнгэлдэх болон сур, шагайн асруудын урсгал засвар дуусч, наадамчин олноо хүлээж авахад бэлэн болжээ.
Түүнчлэн зөвхөн хурдан морь хараад зогсохгүй худалдаа үйлчилгээний төвлөрсөн цэг хүртэл байгуулсан байна. Энд ёстой л нөгөө ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг нь худалдаалах юм байх. Мөн мэдээж наадмын хуушуурыг ч нэг дороос авах боломж бүрдүүлсэн байна.
Тэгвэл наадмаар худалдаалах хүнсний талаар нийслэлийн захирагчийн албаны хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа “Энэ жилийн онцлог бол иргэд рүү хандсан үйлчилгээ юм. Тиймээс хуушуур болон худалдаа үйлчилгээний нийт 900-гаад зөвшөөрөл олгоод байна. Одоогоор өргөдөл авах хугацаа дуусч, дүүрэг бүрээс шалгаруулалтаа авчихсан. Өчигдрөөс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүмүүст сургалт, сурталчилгаа явуулж байгаа” гэсэн юм.
Харин урсгал засварын зардлын талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”-ийн захирал Т.Нямдаваа “Цэнгэлдэхийн 49 хувь нь нийслэлийн өмчид, 51 хувь нь хувьцаа эзэмшигчдийн өмчид байдаг. Сүүлийн гурван жилд улсын төсвөөс их хэмжээний мөнгө зарцуулаагүй. Зарим ташаа мэдээллээс болж иргэд буруу ойлголттой болсон” гэв.
Харин Монгол наадмын цогцолбор төв Хүй долоон худагт наадамчин олон зөвхөн морь барианд орохыг харж, шааваралдаж, тэр ч бүү хэл болгоомжгүйгээсээ болж бэртдэг тохиолдол түүх болон үлдэж байна. Учир нь энэ жил 200 суудал нэмж байрлуулсанаар нийт 3500 хүн тухтай сууж, морь барианд орохыг харах боломжтой болжээ.
Хүй долоон худагт зочилсон наадамчин олонд энэ жил Монголдоо үйлдвэрлэсэн цахилгаан автобусаар үйлчлэх юм. Тодруулбал өнгөрөгч намар үйлдвэрлэж ашиглалтад оруулж байсан дээвэр нь задгай, бага оврын цэнхэр автобусаар наадамчин олонд үйлчилнэ. Уг автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.
Мөн Хүй долоон худагт өмнөх жилүүдэд автомашины зогсоол хүрэлцдэггүйгээс иргэд зүлгэн дээр машинаа замбараагүй байрлуулдаг байсан. Харин энэ жилээс энэ явдал ч мөн ард хоцрох нь. Тодруулбал түрүү жил байгуулсан зогсоол дээр нэмж 500 машины зогсоол байгуулснаар нийт 4800 иргэн автомашинаа зориулалтын зогсоолд байршуулах боломжтой болжээ.
Түүнчлэн иргэдийг ихээр бухимдуулдаг бас нэг асуудал бол бие засах газар. Үүнийг ч мөн нааштайгаар шийдвэрлэжээ. Өмнө нь байршуулсан бие засах газрууд дээр нэмж 10 нийтийн бие засах газар байгуулсан нь 00-ын дарааллыг бууруулна гэж үзэж байгаа аж. Зохион байгуулах комиссынхон бас нэгэн таатай мэдээ дуулгасан нь дугуйн шинэ зам байв. Тус зам нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замаас даруй зургаа дахин урт аж.
Ингэснээр иргэд наадмаар ч гэлтгүй бусад үед ирж дугуй унах боломж бүрдэж буй юм. Мөн морьд барианд орохыг хүлээх зуураа дугуй унах салхилж ч болох юм. Түүнчлэн тэмцээн, уралдааныг ч тогтмол зохион байгуулах боломжтой болжээ. Ямартай Хүй долоон худаг энэ жилээс цоо шинэ орчинтой биднийг угтаж авах нь.