Улын Их Хурал дахь бие даагчдын хүсэлт
УИХ дахь “Бие даагчдын зөвлөл”
2014.07.01

Улын Их Хурал дахь бие даагчдын хүсэлт

Улсын их хурлын дарга Зандаахүүгийн Энхболд танаа

Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох тухай

УИХ-ын нэр бүхий гишүүд “Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох тухай асуудлыг зохих хууль журмын дагуу УИХ-аар хэлэлцүүлж өгөх хүсэлт”-ийг 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 4/3566 дугаартай албан тоотоор танд хүргүүлсэн билээ.

Уг хүсэлтийн хариуг УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 14/874 тоот албан бичгээр ирүүлэхдээ “УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Эрх зүйн экспертийн албан дүгнэлт”-ийг хүргүүлсэн байна.

Гэтэл энэхүү Монголбанкны Ерөнхийлөгчийн хариуцлагын тухай асуудал нь Монгол банкны тухай хуулийн 4.1-д, 21.4-д тус тус заасан зорилтоо хэрэгжүүлж чадахгүй байгаа албан тушаалтанд УИХ-ын тухай хуулийн 7.1.12-д заасан хариуцлага тооцох асуудал байтал  үүнд Улсын Их Хурлын тухай хуулийн 11.1.6-д “Улсын Их Хуралд шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлаас тавих хяналтыг зохион байгуулах”, 11.1.10-д “бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь гишүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх...” гэж заасан УИХ-ын даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүй мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан

“Ерөнхий нарийн бичгийн даргын эрхлэх ажил”-д үл хамаарах асуудлыг Ерөнхий нарийн бичгийн даргаар шийдвэрлүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйл 25.1.4-д “...Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын бүрэлдэхүүнийг өөрчлөх” мөн  25.1.6-д “...Улсын Их Хуралд шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах” гэж заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд дур мэдэн халдсан шийдвэр гэж үзэхээр байна.

Учир нь Монголбанкны тухай хуулийн 26 дугаар зүйл 26.5.4-д заасан “Үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн” Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45.1-д зааснаар 7 хоногийн дотор хэлэлцэж санал дүгнэлт гаргах нь хуулиар нээлттэй бөгөөд харин тухайн асуудлаар хуулийн тайлбар гаргах эрх нь Улсын Дээд Шүүхэд, Үндсэн Хуульд тайлбар хийх эрх нь Үндсэн Хуулийн Цэцэд тус тус хамаарах учир хууль тогтоомжийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллахыг хүсье.

Цаашид Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд бид Үндсэн Хуулийн Цэцэд хандахаас өөр аргагүй байдал үүсэж байгаа тул холбогдох асуудлаар ажлын 5 хоногт багтаан хариу ирүүлнэ үү.

 Хүндэтгэсэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн