МАН-ын бүлэг завсарлага авав
2014.06.25

МАН-ын бүлэг завсарлага авав

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.06.25/ хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлж байгааг хэллээ.

Хууль зүйн байнгын хорооны өмнөх хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус албан тушаалд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлэх горимын санал гаргасан юм.

О.Баасанхүү гишүүний саналыг дэмжин, Байнгын хорооны даргад нэр дэвшин өрсөлдөхөд бэлэн байгаагаа өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан илэрхийллээ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага авч байгааг тус бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдсэнээр Байнгын хорооны даргыг сонгох асуудал дахин хойшиллоо.

Тиймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох асуудлыг ирэх долоо хоног болтол хойшлууллаа.

Завсарлага авч байгаа үндэслэлийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тайлбарлахдаа "УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлсэн. Түүнийг дэмжинэ гэж байтал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн учраас бүлгийн төвшинд хоёр нэр дэвшигчээс хэнийг нь сонгох вэ гэдгийг ярилцах шаардлагатай байна" гэсэн юм.

Тиймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох асуудлыг ирэх долоо хоног болтол хойшлууллаа.