Эрчим хүчний сайд М.Сономпилийн айлчлал амжилттай боллоо
Гарын үсэг зурав
2014.06.02

Эрчим хүчний сайд М.Сономпилийн айлчлал амжилттай боллоо

Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны тавдугаар сарын 25-29-ний өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийлээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, ЭХЯ-ны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Эрчим хүчний хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Я.Пүрэвжав, Тавантолгойн ДЦС-ийн төслийн удирдагч М.Энхсайхан нарын зэрэг салбарын удирдах ажилтнууд үйлдвэр, компани, төсөл нэгжийн удирдлагууд оржээ.

Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Эрчим хүчний удирдах газрын дарга Ву Шиншионтой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал бодлооо солилцлоо. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд М.Сономпил Монгол улсын өнөөгийн эрчим хүчний хэрэгцээ шаардлага, үүнийг хангахад БНХАУ-ын үйлдвэр компаниудын оролцоо, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Ялангуяа саяхан Шанхайд болсон хоёр орны тэргүүн нарын уулзалтын үеэр яригдсан асуудлыг ажил хэрэг болгоход энэ айлчлал ихээхэн хувь нэмэр болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс эрчим хүчний нүүрсний арвин их нөөцтэй.

Үүнийг зөвхөн дангаар нь экспортлох биш, цахилгаан эрчим хүч болгож БНХАУ-ын зах зээлд борлуулах сонирхолтой байна. Энэ хүрээнд баригдахаар зэхэж байгаа томоохон цахилгаан станцын төслүүдэд хөрөнгө оруулахыг хүсч байна гэж Эрчим хүчний сайд М.Сономпил хэллээ.

Дараа нь БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Эрчим хүчний удирдах газрын дарга Ву Шиншион хэлэхдээ Монгол Улсын эрчим хүчний сайдын айлчлалын үеэр олон чухал асуудлыг шийдвэрлэхэд эхний алхам болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, урьд өмнө нь яригдаж байгаад орхигдсон томоохон төсөл хөтөл­бөрүүдийг үргэлжлүүлж, цаашид хамтын ажил­лагааны шинэ боломж нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна гээд хоёр талаас тавьж байгаа саналыг ажлын хэсэг байгуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж хэллээ.

Саналыг ажлын хэсэг байгуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж хэллээ.

Уулзалт ярилцлагын үеэр хөндсөн асуудлаар Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газрын хооронд хамтран ажиллах Санамж бичигт хоёр тал гарын үсэг зурлаа. Уг Санамж бичигт хоёр улсын Стратегийн түншлэлийн хүрээнд эрчим хүчний хамтын ажтиллагааг өргөжүүлж, Монгол Улсад шинээр баригдах ДЦС, Усан цахилгаан станц гэх мэт томоохон бүтээн байгуулалтад оролцох БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тусгасан байна.

Дараа нь Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил БНХАУ-ын Повер Чайна компанид зочилж, тус компаний дэд Ерөнхийлөгч Сан Хоншуйтэй уулзаж ярилцав. Повер Чайна компани нь Монгол Улсын Цэцэнс майнин энержи компанитай хамтран Монгол Улсын Төв аймаг дахь Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар яриа хэлэлцээр явуулж байгаа юм.

Судалгааний ажил бүрэн дуусч, ТЭЗҮ хийгдэж, зураг төслийн ажил бараг дуусч, Тусгай зөвшөөрөл нь бүрэн авагдсан энэ төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал 2017 оны өвөл гэхэд эхний ээлжийн агрегат ашиглалтад орно гэж хамтран ажиллагч байгууллагууд үзэж байна. Улаанбаатар хотоос 110 км зайд Улаанбаатар-Чойрын төмөр замаас 24 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний орд нь бараг 10 гаруй тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй юм.

Энэ ордыг түшиглэн барих 600 МВт-ын хүчин чадалтай ДЦС барихад хөрөнгө оруулах Санамж бичигт Хятадын талаас Повер Чайна компанийн гадаад хөрөнгө оруулалт эрхэлсэн охин компани болох “Синхохудро ресоурес лимитед” компани, Монголын талаас “Цэцэнс майнин энержи компани”-ийн удирдлагууд гарын үсэг зурлаа.

Ингэснээр төвийн эрчим хүчнхий системд хямд үнээр цахилгаан эрчим хүч нийлүүлэх эх үүсвэр баригдах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд энэ ДЦС баригдсанаар төвийн болон зүүн, өмнөд бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангаж, урт хугацааны туршид найдвартай тогтвортой ажиллагааг хангаж, улмаар БНХАУ-д эрчим хүч экспортлох нэг боломж бүрдэх юм.

Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил айлчлалын хүрээнд БНХАУ-ын эрчим хүчний салбарын томоохон 16 компаний удирдлагатай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, үр дүнтэй яриа хэлцлүүдийг хийлээ. Энэ нь ирэх наймдугаар сард манай улсад хийх БНХАУ-ын дарга Си Жинпины айлчлалын хүрээнд 2 улсын хамтын ажиллагааны талаар хийгдэх томоохон гэрээ хэлэлцээрүүдэд тусгалаа олно гэдэгт найдаж байгаагаа Эрчим хүчний сайд М.Сономпил илэрхийллээ.