Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт, Л.Энх-Амгалан, А.Бакей нарын нэр бүхийн гишүүд Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.05.30 / өргөн барилаа.
Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын нийгмийн баталгааг хангах, ядуурлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Мөн Нийгмийн халамжид төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх боловч эдийн засгийн өсөлт өндөр байгаа, ялангуяа уул уурхайгаас орох орлого төсөвт давамгайлж байгаа нөхцөлд уг орлогын тодорхой хэсгийг зарцуулах замаар санхүүжүүлэх боломжтой бөгөөд нийгмийн халамжийг эмзэг, өртөмхий хэсэгт чиглүүлснээр нийгмийн тогтвортой байдлыг хангахад сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл, шаардлага
Монгол Улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд мал аж ахуй томоохон байр суурь эзэлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 10,0 гаруй хувийг мал аж ахуй үйлдвэрлэж байгаа бол хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30,0 орчим хувийг малчид эзэлж, нийт өрхийн 20,0 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьжиргаа залгуулж байна
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч орлогын түвшин доогуур, мал аж ахуйн үйлдвэрлэл улирлын чанартайгаас сар бүр шимтгэл төлөх боломжгүй зэргээс хамралтын хувь бага байна. Нийгмийн даатгалын байгууллагаас гаргаж буй мэдээллээр 25000 малчин буюу нийт малчдын 6,0 орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.
Нийгмийн даатгалын сангаас 45,6 мянган малчин өндөр насны, 9,5 мянган малчин хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа бөгөөд 2013 онд 3,2 мянган малчин шинээр тэтгэвэрт гарчээ. Гэхдээ тэтгэвэр авагчдын дийлэнхи нь 1990 оноос өмнө нэгдэл, сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан хүмүүс юм.
Малчдын нийгмийн даатгалд хамрагдалт бага, тэтгэвэр авах хугацаа харьцангуй богино байгаа нь тэдний амьжиргааны түвшин доогуур байх, ядууралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Үндэсний статистикийн хорооны 2013 оны мэдээллээр манай улсад 145229 малчин өрх байна. Улсын хэмжээгээр ядуурлын түвшин 27,4 хувь байгаа бол малчдынх 34,4 хувь, малчин бус иргэдийнх 24,4 хувь байна.
Иймд манай улсын эдийн засгийн уламжлалт салбар мал аж ахуйд ажиллагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохтой дүйцэхүйц арга хэмжээ болгон 1995 оноос хойшхи 20 жилийн хугацаанд төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлийг нь нэг удаа нөхөн төлөх боломж олгох нь тэдний оролцоотойгоор нийгмийн баталгааг нь хангахад чухал ач холбогдолтой байна. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулиар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бол малчид нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа учраас уг хуулийн үйлчлэлд хамрагдах боломж багатай байснаараа онцлог юм.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын, хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тусгасан нь энэхүү хуулийн төслийг боловсруулах эрх зүйн үндэслэл болно.
Хоёр. Малчны тэтгэврийн даатгалыншимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл нь нийгмийн шилжилтийн явцад эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн бүтцэд гарсан өөрчлөлт болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлог, хөдөлмөр, нийгмийн даатгалын талаарх хууль тогтоомжийн шинэчлэл зэргээс шалтгаалан тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэнд малчнаар ажилласан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгохтой холбогдсон харилцааг зохицуулах хүрээг хамаарна.
Хуулийн төсөл нь 8 зүйлтэй байна. Үүнд:
- 1 дүгээр зүйлд хуулийн зорилтын талаар;
- 2 дугаар зүйлд малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль тогтоомжийн талаар;
- 3 дугаар зүйлд хуулийн нэр томьёоны тодорхойлолтын талаар;
- 4 дүгээр зүйлд хуулийн үйлчлэх хүрээний талаар;
- 5 дугаар зүйлд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хувь, хэмжээний талаар;
- 6 дугаар зүйлд малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлын зохион байгуулалтын талаар;
- 7 дугаар зүйлд малчны тэтгэврийн даатаглын шимтгэл нөхөн төлөхдөө бүрдүүлэх баримт бичгийн талаар;
- 8 дугаар зүйлд хууль хүчин төгөлдөр болж үйлчлэх хугацааны талаар тус тус тусгана.
Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн үр дагавар
2013 оны мэдээллээр манай улсад 145229 малчин өрх байна.
Хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр нийгэм, хууль эрх зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй болно.
Малчид нийгмийн даатгалын багц хууль батлагдан хэрэгжиж эхэлснээс хойшхи 20 жилийн хугацаанд эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн бүтцэд гарсан өөрчлөлт болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлог, хөдөлмөр, нийгмийн даатгалын талаарх хууль тогтоомжийн шинэчлэл зэргээс шалтгаалан төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлснөөр тэтгэвэр авах эрх үүсэх нөхцөл болзлыг хангах боломж бүрдэх, улмаар нийгмийн баталгаа нь сайжрах сайн талтай. Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт батлагдан хэрэгжвэл малчдын мал аж ахуйгаа тогтвор суурьшилтай эрхлэх сонирхлыг татаж, хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөнийг сааруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Энэ хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр малчдын тэтгэврийн даатгалд хамрагдалт нэмэгдэж, шимтгэлээ нөхөн төлснөөр сангийн орлого бүрдүүлэлтэд эерэг нөлөө үзүүлнэ. Харин тэтгэвэр тогтоолгох малчдын тоо нэмэгдэж, тэр хэмжээгээр зарлага нэмэгдэнэ. Уул уурхайн салбарын сөрөг үр дагаварт хамгийн их өртөж байгаа нь малчид учраас тэдний нийгмийн хамгаалалд уул уурхайн орлогын тодорхой хэсгийг зохистой хэлбэрээр зориулах замаар нэмэлт хөрөнгийг гаргаж болох юм.
Дөрөв. Хуулийн төсөл нь бусад хуультай хэрхэн уялдах, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар
Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай бүрэн нийцнэ. Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан шинээр боловсруулах болон нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай хууль тогтоомж байхгүй болно.