Х.Амгаланбаатар: Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд хүмүүсийн цалинг бууруулах биш харин нэмэгдүүлэх ёстой
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.
-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэл хүргүүлсэн. Чухам юуны учир ийм мэдэгдэл хүргүүлэх болов?
-Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн байдал нэлээд хүндрэлтэй байгаа. Энэ хүндрэлийг даван гарахын тулд улсын төсөвт тодотгол хийж байгаа. Үүнээс МҮЭХ эдийн засгийн оновчтой төлөвлөлт, арга хэмжээ хүлээж байсан. Мөн иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэх тодотгол хийгдэх байх гэсэн хүлээлттэй байсан. Харамсалтай нь улсын төсвийн тодотголын байдлыг харахад иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэх биш харин танах, ажлын байрыг цөөлөх, урсгал зардлыг танах чиглэлийг барьж тодотгол хийж байгааг Монголын үйлдвэрчний эвлэл буруушааж, энэхүү мэдэгдлийг гаргасан.
-Урсгал зардал гэдэгт яг ямар төрлийн зардлуудыг хамруулж байгаа бол?
-Урсгал зардал гэдэгт олон зүйл бий. Ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн цалингийн асуудал түүнтэй холбоотой шимтгэл татвар, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлийн олон үйл ажиллагаанууд урсгал зардалд багтдаг. Тэгэхээр иргэдийн цалинг бууруулах хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлийн ажиллагааны зардалд багтаж байгаа учраас урсгал зардлын ямар чиг үүрэгт танах гэж байгаагаа тодорхой болгох ёстой гэж МҮЭХ үзэж байгаа. 2013 оны 11 дүгээр сарын 5-нд Хөдөлмөр, нийгэм зөрчлийн улсын гурван талт хэлэлцээрийн дүнд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 235 тэрбумаар 2014 онд нэмэхээр хэлэлцээр хийсэн. Энэ хүрээнд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдлийн асуудал шийдэгдээд явж байгаа. Үндсэндээ төрийн төсөвт байгууллагад ажиллаж байгаа нийт 109 мянган хүний цалин гуравдугаар сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хүмүүсийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг цагаан сарын өмнөхөн авч хэрэгжүүлсэн. Гэвч энэ нь хангалттай хэмжээгээр нэмэгдсэнгүй гэдэг үндэслэлийг МҮЭХ тавьж, ер нь энэ эдийн засгийн хүндрэлийн үед хүмүүсийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.
Олон улсын түвшинд эдийн засгийн хүндрэлтэй байсан хэдий ч хүмүүсийнхээ цалин орлогыг бууруулдаг тогтолцоотой улс орон цөөн. Тэгэхээр МҮЭХ бас олон улсын үйлдвэрчний эвлэлийн холбоодын зарчмыг баримтлах ёстой гэж үзэж байгаа юм. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд хүмүүсийн ажлын байрыг цөөлж болохгүй. Харин нэмэгдүүлэх ёстой. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд хүмүүсийнхээ цалинг бууруулах биш харин нэмэгдүүлэх ёстой гэж бодож байна. Ер нь ажлын байрыг нэмэгдүүлж иргэдийнхээ цалин урамшууллыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн хүндрэлээс гарах том арга зам болно гэдгийг МҮЭХ мэдэгдэлдээ дурдаж, ер нь энэ урсгал зардал дотроо цалингийн зардал хөдөлмөр нийгмийн чиглэлийн зардлыг танахгүй байх харин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.
-Тэгвэл яг одоогийн байдлаар хэчнээн хүн ажлын байраа алдсан талаар авсан мэдээлэл байгаа юу?
-Албан ба албан бус мэдээлэл гэж онцолж хэлье гэж бодож байна. Албан мэдээлэл гэдэг нь “Би ажилгүй боллоо” гээд өргөдөл гаргасан тоо байх ёстой. Энэ чиглэлээр МҮЭХ-нд хандсан байгууллага гэвэл Хөшөөтийн уурхай. Энэ уурхайн 27 хүн өнөөдрийн байдлаар ажилгүй болчихсон байна. МҮЭХ-ноос өмгөөллийн туслалцаа авъя гэсэн хүсэлт ирүүлсэн. Албан бус байдлаар гэвэл “Алтайн хүдэр” компанид Улаанбаатар хотоос очиж ажиллаж байсан 800 гаруй хүн түр ажилгүй байна. Өөрөөр хэлбэл, сул зогсолт хийгээд “Та түр зуур гэртээ хүлээж бай. Эргээд ажил гарахаар дуудна” гэсэн байдлаар түр ажилгүй байгаа иргэдийн тоо олон байгаа. Хөдөлмөрийн яамны хүрээнд авсан мэдээллээр “Оюу толгой”-гоос 250 гаруй хүн ажилгүй болно гэсэн мэдээлэл байна. Салбарын байдлаар авч үзвэл уул уурхайн салбар нэлээд хүнд байдалтай байгаа. Олон газар үйл ажиллагаагаа түр болон бүр зогсоож барилгын салбарын үйл ажиллагаа уг нь хавар, зуны цагт эрчимтэй явагддаг.
Гэтэл энэ жил өмнөх жилүүдээс харьцангуй нам жим байна. Тэгэхээр барилгын салбарт ажиллагсдын тоо нэлээд буурч байна гэсэн үг. Үйлчилгээний байгууллагуудын ажиллагсдын тоо эрс буурч байна. Тэгэхээр үйлчилгээний салбарт эдийн засгийн байдал бодитойгоор илэрч байна. Агаарын тээврийн салбар бас хүнд байдалд орсон. Хоёр ч компани дампуурлаа зарлачихлаа. Тэгвэл энэ агаарын тээвэр, үйлчилгээний салбарууд дампуурлаа зарлаад хаана гэдэг бол зөвхөн тэнд ажиллаж байсан 200 гаруй хүний асуудал биш тэр компаниас үйлчилгээ авч байсан олон мянган хүний эрх ашиг бас тодорхой хэмжээгээр хохирч байна гэсэн үг. Энэ чиглэлээр бид нарийвчилсан тооцоо судалгааг долоо хоног тутамд олон нийтэд мэдээлж байя, тодорхой арга хэмжээ авъя, гээд холбогдох салбарын яамдад нь хамтарч ажиллаж байгаа. Мөн одоогийн байдлаар хэдэн хүн ажилгүй болж, ажлын байраа алдаж байна вэ гэдэг судалгааг салбарын түвшинд, орон нутгийн түвшинд авч үзнэ.
- Монголбанкнаас валютын ханшны өсөлтөөс үүдэлтэйгээр ойрын үед 20 мянган хүн ажилгүй болно гэж зарласан. Танай холбооноос энэ талаар салбар бүрт нь хуваасан ч юм уу ямар нэгэн судалгаа хийх зэргээр хүрч ажиллаж байгаа юу?
-Өнөөдрийн байдлаар МҮЭХ бүтцийн хувьд ажиллаж байгаа. Тодруулбал, МҮЭХ үндэсний хэмжээний төв байгууллага. Манайд салбарын 14 холбоо байгаа. Энэ 14 холбоо тус тусын салбарын яамд руу асуудлыг тавьж байгаа. Орон нутгийн хэмжээнд 21 аймаг, нийслэлийн тухайн газрын үйлдвэрчний эвлэлийн холбоод тус тусынхаа орон нутгийн төр захиргааны байгууллагад тавих шийдвэрлүүлэх зарчмаар ажиллаж байгаа.
Үндэсний хэмжээний байгууллагын хувьд Монгол Улсын Засгийн газарт нэгтгэж асуудлыг тавьж байгаа. Иргэдийн хувьд дахиад нөгөө байгууллагадаа орж ажиллана гэсэн эрмэлзэл байгаа учраас ажилгүй боллоо гэсэн яриа гаргавал эргээд ажилдаа орох магадлал бага гэдэг утгаараа манайд хандахгүй байна. Гэхдээ бид энэ чиглэлээр үйлдвэрчний эвлэлтэй газраас мэдээлэл авах бүрэн бололцоотой. Үйлдвэрчний эвлэлгүй газар бол хэцүү. Он гараад ажилгүйдлийн тэтгэмж авсан хүмүүсийн тоо нэмэгдсэн үзүүлэлт байна. Ажилгүйдлийн тэтгэмж авна гэдэг бол тэр хүн ажилгүй болсон гэсэн үг.
-Ер нь иргэд ажилгүй боллоо гээд танай байгууллагад хандахад танайхаас ямар төрлийн туслалцаа, дэмжлэг үзүүлдэг юм бол?
-Нэгдүгээрт ажилгүйдлийн тэтгэмж авах бололцоог хангаж өгдөг. Хоёрдугаарт, хууль ёсоор халагдсан байна уу, хууль бусаар халагдсан байна уу гэдгийг тодруулах ёстой. Хэрвээ хууль бусаар халагдсан байвал бид өмгөөллийн туслалцаа үзүүлдэг.
-Одоогийн байдлаар хэчнээн хүн ийм туслалцаа аваад байгаа талаар тооцоо байна уу?
-Одоогийн байдлаар Хөшөөтийн уурхайн 27 хүний өмгөөллийн туслалцаа хийгдээд явж байна. Би түрүүнд хэлсэн зарим нь ажилгүй байгаа ч ирэхгүй байна. Нэг ёсондоо хүлээлтийн байдалтай байгаа хэсэг нийгэмд байна.
-Өнөөгийн үйл явцыг албаны хүмүүс эдийн засгийн хямрал гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр энэ хямрал цааш үргэлжилж, хүндрэл рүү шилжвэл нэлээд нэлээд асуудал үүсэх байх. Тэгэхээр танайхаас цаашдаа ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?
-Мэдээж богино хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн байдал улам хүндэрнэ. Хүндэрсэн эдийн засаг эргээд сэргэх маш хэцүү. Тэгэхээр энэ утгаараа МҮЭХ-ноос гаргасан мэдэгдэл хүндрэлийг сааруулах зорилго агуулж байгаа. Хүмүүсийн цалин, ажлын байрыг бууруулж танана гэдэг бол хүндрэлийг улам хүндрүүлэх хүчин зүйл болно гэдгийг бид урьдчилж сануулж байгаа юм.
-Мэдэгдлийнхээ хариуг хэзээ авахаар болсон бэ?
-Бид үүнд тодорхой хугацаа заагаагүй. Яагаад гэвэл, төсвийн тодотгол хэлэлцэж байгаа үед бид ингэж мэдэгдэл хүргүүлж байгаа учраас төсвийн тодотголын байдлыг харж байна.
-УИХ-аас он дуустал томилолт болон бусад зардлыг буурулах тогтоол гаргасан. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
-Энэ бол зөв. Урсгал зардал дотроо, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлийн зардлыг хасалгүйгээр үргүй зардлуудыг боломжоор нь бусад зардалд шингээх ёстой гэж үзэж байгаа. Төрийн байгууллагуудын бүтэц оновчтой байх ёстой. Томилолтын болон бусад үргүй зардлыг эрс танах ёстой. Үүнийг бид дэмжиж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.