Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын дарга С.Эрдэнэ
2014.05.27

Монгол, Казахстан улсын худалдааны эргэлт өмнөх оноос хоёр дахин буурчээ

Казахстан-Монгол улсын худалдааны нийт эргэлт 63 сая ам.доллар болжээ. Монгол улс Казахстанаас 62 сая долларын худалдаа хийсэн бол Казахстан улс манайхаас 833 мянган долларын худалдаа хийжээ. Тиймээс худалдааны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байна гэж хоёр тал үзэж байна.

Хоёр улсын хоорондын эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулах талаар хоёр орны Засгийн газар хоорондын комиссоор авч хэлэлцлээ. Казахстан нь үйлдвэрлэлтийг хөгжүүлэх хөтөлбөрийн эхний үеийг дуусгасан ид хөгжиж буй улс юм. Харин 2015 оноос хоёрдугаар шатыг эхлүүлэх юм байна. Хоёр улс ойр хиллэдэг учраас хамтын ажиллагаа дөхөм байх  учиртай.

Казахстан нь өрсөлдөх чадвартай 150 улсын жагсаалтад багтаж, түүнчлэн хурдацтай хөгжиж буй гурван улсын нэгд тооцогдож байна. Тус улс галт тэрэгний зүтгүүр хүртэл үйлдвэрлэж эхэлсэн. Үйлдвэржилтийн хөтөлбөрийн хүрээнд 500 шинэ төсөл хэрэгжиж эдийн засгийн шинэ салбарууд бий болж байна. Гэтэл Монгол улстай хийж буй худалдаа жил ирэх тусам багассаар.

Хоёр орны худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагааг идэвхтэй байлгах, дээд хэмжээний айлчлал, Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр хоёр талын бизнесийнхний уулзалтыг хийвэл ямар вэ гэсэн саналыг Казахстаны тал тавилаа.

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд, Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын дарга С.Эрдэнэ:

Энэ жил хоёр улсын хийхээр төлөвлөж буй дээд хэмжээний уулзалт, айлчлалууд бий. Үүнд Монгол улсын ерөнхийлөгчийн хариу айлчлалыг зохион байгуулах боломжийг харах, Гадаад хэргийн сайдыг Казахстан руу урилга ёсоор айлчлуулах, Шанхайн хамтын ажиллагааны улс орнуудын Ерөнхий сайд нарын Астана хотод болох уулзалтад оролцох, бусад олон улсын хурал, зөвлөгөөний үеэр хоёр талын өндөр дээд хэмжээний уулзалтыг хийх нь үр дүнд хүргэнэ гэж үзэж байна.

Монгол, Казахстан улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой хоёр жилийн өмнө тохиосон. Хоёр улсын хоорондох худалдааны эргэлт өмнөх оныхоос хоёр дахин багасчээ. Тиймээс худалдааны харилцааг сайжруулах хүсэлтийг хоёр тал уг хуралдааны үеэр илэрхийллээ. Засгийн газар хоорондын комиссын дарга С.Эрдэнийн хувьд хоёр улсын хил орчимд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааг сайжруулах хүсэлтэй байна. Түүнчлэн ОХУ, Белорусь, Казахстан гурван улсын Гаалийн холбооны ажилд Монгол улс ямар нэг байдлаар оролцож болох юм гэдгээ илэрхийллээ.