Л.Болд сайд Швед, Дани улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Л.Болд
2014.05.26

Л.Болд сайд Швед, Дани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Л.Болд Шведийн Вант Улсад тус улсын Гадаад хэргийн сайд Карл Билдт-ийн урилгаар 2014 оны 5 дугаар сарын 26-нд, мөн Данийн Вант Улсын Гадаад харилцааны сайд Мартин Лидегаард-ын урилгаар Дани улсад 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус тус албан ёсны айлчлал хийнэ.

Гадаад харилцааны сайд айлчлалынхаа хүрээнд Шведийн Вант Улсын Гадаад хэргийн сайд Карл Билдт болон Төрийн захиргаа, орон сууцны сайд ноён Стефан Аттефолт-той уулзалт хийнэ. Түүнчлэн МҮХАҮТ, Шведийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулах Монгол-Шведийн бизнес форумд оролцохоор төлөвлөж байна.

Швед Улсад хийх айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог бөгөөд Шведийн Вант Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны болон олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоход чухал ач холбогдолтой юм.

Данийн Вант Улстай хоёр талын улс төрийн харилцаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж байгаа бөгөөд энэ удаагийн албан ёсны айлчлал нь 2013 онд тохиосон дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Данийн Вант Улсын Парламентын дарга Могенс Ликкетофт тэргүүтэй Парламентын төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийсний дараагаар хийгдэж байгаа нь хоёр орны улс төрийн харилцааны түвшин өндөр байгааг илтгэсэн, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалсан айлчлал болж байгаа бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой.

Гадаад харилцааны сайд Л.Болд Данийн Вант Улсын Хатан Хаан Маргрете II-т болон Данийн Вант Улсын Фолкетинг /Парламент/-ын дарга Могенс Ликкетофт-д тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Мартин Лидегаард-тай болон  Худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны сайд ноён Могенс Йенсен-тэй тус тус уулзалт хийнэ.