Х.Баттулга: Баянхонгороос Эрээн, Хөх хот руу шууд нислэг хийдэг болно
Засгийн газрын гишүүний албанаасаа чөлөөлөгдөөд буй УИХ-ын гишүүн Х.Баттулга Д.Ганбат гишүүнтэй тойргийнхоо удирдлагуудтай цахим уулзалт хийхдээ дээрх мэдээллийг дуулгалаа. Баянхонгор аймгаас сонгогдсон дээрх хоёр гишүүн аймгийнхаа удирдлагуудтай цахим хэлбэрээр уулзалт хийж ажлаа танилцуулахын зэрэгцээ сонирхсон асуултад нь хариуллаа.
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Шинэ сум төслийн эсрэг хар PR хийж байгаа тохиолдол их байна. Хамгийн түрүүнд үр дүнг нь үзсэн нутгийн иргэдийн хувьд энэ төслийг сурталчлах, бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэх ажлыг орон нутгаа хийх хэрэгтэй байна. Ингэхгүй бол уг төсөл нэлээд эсэргүүцэлтэй тулгарах нь. Саяхан нэг байгууллага “80 мянган хүний дунд судалгаа явуулахад Шинэ сум төслийг судалгаанд оролцогчдын олонхи нь дэмжсэнгүй” гээд мэдээ гаргачихсан байна лээ. Үүнийг би худлаа мэдээлэл гэж үзэж байгаа. Гэхдээ төслийнхөө үр дүнг Улаанбаатар хотын иргэдэд ойлгуулах хэрэгтэй байна.
Иргэд битгий хэл орон нутгаас сонгогдсон гишүүд ч дэмжихгүй байх юм. Энэ төслийн ач тусыг олон нийтэд ойлгуулахгүйгээр хөдөөг хөгжүүлнэ, цаашлаад улсаа хөгжүүлнэ, нийслэлийн асуудлыг шийднэ гэж байхгүй” гэв. Мөн тэрээр Баянхонгор аймагт хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулахдаа удахгүй тус аймгийн төвөөс Хөт хот, Эрээн хот руу шууд нислэг үйлддэг болгоно гэлээ.
Ингэснээр баруун аймгийн иргэд заавал хотод ирэхгүйгээр Баянхонгор аймгаас хямдхан бараа бүтээгдэхүүн худалдаж авах боломж бүрдэнэ гэж үзжээ.
Төвийн эрчим хүчний шугамд холбогдоогүй сумдын гурав нь Баянхонгорын ажээ. Д.Ганбат гишүүний танилцуулснаар тус гурван сум нь наадмаас өмнө цахилгаанаар хангагдах юм байна. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Хилийн боомтын тухай хуулийн дагуу дөрвөн хилийн боомт нэмж байгуулагдаас нэгийг нь Баянхонгор аймагт байгуулна гэдгийгД.Ганбат гишүүн дуулгасан юм. Манай улсын хөрш орнуудтайгаа хилэлдэг аймгуудаас ганцхан Баянхонгор аймаг хилийн боомтгүй юм байна.