Х.Баттулга: Орон нутгийн хүн, хотын хүн хоёр ижил түвшинд амьдарч байж улс орон хөгжинө
УИХ-ын гишүүн Х.Баттулга "Шинэ сум" нэвтрүүлэгт оролцов.
УИХ-ын гишүүн Х.Баттулга:
21 аймаг, 330 сум, сангийн аж ахуйнуудыг байгуулсан. 330 сум байгуулсны учир нь Монголын бэлчээрийн мал аж ахуйн онцлогтой холбоотой. Сум бол малчинд үйлчлэх хамгийн ойрхон цэг. Сургууль, захиргаа, дотуур байр, эмнэлэг, цэцэрлэг гэх мэт хүнд шаардлагатай бүхэн байдаг.
Иргэд:
21 дүгээр зуун гарчихаад байхад ийм балгасанд амьдрахыг хүсэх хүн байхгүй ...
Өдий болтол соёлын төв баригдаагүй байна гэдэг бас нэг асуудал. Тэр байтугай наадмын үеэр тааз нь нурж байсан ...
Эдүгээ амаржих хүнийг заавал аймгийн төв рүү явуулдаг. Бөөн зардал чирэгдэл болдог ...
Залуучууд сум орон нутгаасаа дайжиж байна. Мал дээр үлдэж байгаа нь тун ховор ...
Сумдууд ойгоо тэмдэглэж баярладаг. Гэтэл ямар ч хөгжилгүй байж юундаа баярлаад байгаа юм бэ гэж та хэлж байсан. Ийм үг улс төрчийн хувьд эрсдэлтэй санагдахгүй байна уу?
УИХ-ын гишүүн Х.Баттулга:
Нэг талаас аливаа улс үндэстэн уламжлалаа гээх ёсгүй. Эрийн гурван наадмаа хийж байна гэдэг Монгол улс оршин тогтнож буйн нэг нотолгоо. Гэхдээ нөгөө талаас бүтээн байгуулалт хийгээгүй хэрнээ их мөнгө зарж баяр хийнэ гэдэг өрөөсгөл. Бүтээн байгуулалт, баяр хоёроо хослуулж явах хэрэгтэй.
Нутгийн зөвлөлүүд байнга шүүмжлэлд өртдөг. Ганган машин унаж, торгон дээл өмссөн хүмүүс зун нь ирж наадамддаг, өвөл нь сум орон нутгаа мартдаг. Нэг морь, нэг бөхөд өчнөөн олон саяар нь мөнгө өгдөг байж орон нутгаа боддоггүй. Нутгийн зөвлөл гэдэг нутагтаа хуралдаад сумаа яаж хөгжүүлэх вэ гэдгээ аймгийн удирдлагадаа танилцуулж, Их Хурлын гишүүдэд хүргэж ажиллах ёстой.
Сумдууд маань 80, 90 жил хөгжсөнгүй.
Хөдөөний хүн, хотын хүн гэсэн амьдралын эрс тэс ялгаатай нийгмийн хэсгүүд бий болчихлоо. Яг л эрэгтэй, эмэгтэй гэдэг шиг. Хэрэглээ нь ч шал өөр. Өөрөөр хэлбэл нэг улсын доторхи хоёр хүн болчихоод байна. Харин энэ хоёр тэнцэх юм бол хөгжлийн тухай ярьж болно.