2025.06.04

Б.Өлзийбат: Удирдлагынхаа үйл хэрэгт оролцох иргэний эрхээ Баянхонгорчууд эдэлж байна

Монгол Улсын иргэнд Үндсэн хууль болон Нийтийн Сонсголын тухай хуулиар олгогдсон Төрийн үйл хэрэгт шууд оролцох, тухайн орон нутгийн удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах эрх бий.

Мэдээлэлтэй иргэн хүчтэй

Баянхонгор аймгийн удирдлагууд өөрсдийн танилуудаа албан тушаалд томилж байна, тухайн бүс нутагт олборлолт хийхдээ иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэхгүй, хууль бусаар зөвшөөрөл олгодог, өвлийн улиралд Улаанбаатар хотын дараа орохуйц хэмжээний утаагаар амьсгалж эрүүл мэндээрээ хохирч байна гэх мэт иргэдийн санал гомдлууд хөвөрнө. Мэдээлэл ил тод бусаас үүдэж асуудал гаарчээ.

"Иргэн та Хүч" залуусын нэгдэл Баянхонгор аймгийн иргэдийн санал гомдолд үндэслэн иргэний эрхээ эдлэхэд нь тусламж үзүүлж, тус аймагт тулгамдаж буй хэд хэдэн асуудлаар Ерөнхий Хяналтын Сонсгол (ЕХС) хийх санаачилгыг дэвшүүлж 800 иргэний гарын үсэг бүхий шаардлагыг боловсруулан ИТХ-д хүргүүлсэн билээ. Улмаар өнгөрөгч 3 дугаар сард тус аймгийн ИТХ-ээс уг санаачилгыг дэмжиж ажлын хэсэг гарган энэ ондоо багтаан хийхээр шийдвэрлэсэн юм.

Хуулиар олгогдсон төрийн үйл хэрэгт оролцох иргэний эрх 

“Иргэн та хүч” залуусын нэгдэл ТББ-ын тэргүүн, D-Parliament өргөдөл, гомдлын системийг санаачлагч Б.Өлзийбат “Иргэд мэдэх эрхтэй. Үүнтэй холбоотойгоор иргэд төрийн болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан уг мэдээллийг авах үндсэн эрхтэй. Энэ эрхийг олгож буй сонсгол юм” гэв.

Тус Ерөнхий Хяналтын сонсгол нь 3 удаа хийгдэх бөгөөд дараах сэдвүүдийг хөндөнө.

2025.06.16-нд “Баянхонгор аймгийн хэмжээнд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын олборлолт ил тод байдал, гэрээний хэрэгжилт, үр дүнд хяналт”-ын ерөнхий хяналтын сонсгол.

2025.09.10-нд “Утаа, агаарын бохирдол”-ийн хяналтын сонсгол.

2025.11.05-нд Баянхонгор сумд олгогдсон өрхийн хэрэглээний 0.07 га газар, инженер шугамд холбогдсон газар олголтын ил тод байдал”-ын ерөнхий хяналтын сонсгол болно.

Өнөөдрийн байдлаар эхний сонсгол буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын олборлолт ил тод байдал, гэрээний хэрэгжилт, үр дүнд хяналтын ЕХС-ын бэлтгэл ажлын хүрээнд холбогдох төрийн байгууллагууд, иргэд, төрийн бус байгууллагын 70 гаруй төлөөлөл, уул  уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 103 аж ахуйн нэгжээс  24  төлөөлөл оролцсон урьдчилсан хэлэлцүүлгийг зохион байгуулаад байна.

Аймгийн хэмжээнд ашиглалтын 103, хайгуулын 39, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл -1, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл -3 тус тус олгогдсон байдаг. Өнөөдрийн байдлаар  аймгийн хэмжээнд уул уурхайн салбарт 2313 хүн ажиллаж байгаагийн 850 нь орон нутгийнх аж.

10-аад хоногийн дараа Баянхонгор аймагт болох Ерөнхий Хяналтын Сонсголоор иргэдийн мэдэх эрх хангагдаж, төлөөллийн байгууллагын үйл ажиллагаа зөв гольдролдоо орж, аймгийн хэмжээнд төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэддээ ил тод, нээлттэй бөгөөд шударга зарчимд шилжиж, цаашид засаж залруулах хийгээд хийж хэрэгжүүлэх ажлууд тодорхойлогдоно гэсэн хүлээлт үүсээд буй.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн