Ж.Эрдэнэбат: ЗГ анхнаасаа ажлаа хийсэн бол ЭЗ ингэж хямрахгүй
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэтбаттай ярилцлаа.
-Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Он дамжин яригддаг, улиг болтол нь хэлэлцдэг асуудлуудыг бодвол үнэхээр нэн яаралтай баталлаа. Энэ тогтоолын төсөл 100 хоногийн дотор эдийн засгийг идэвхжүүлэх боломж хэр байгаа бол?
-Эдийн засгийг идэвхжүүлэх тухай тогтоолын төслийн талаар багагүй маргаан, мэтгэлцээн явуулж байж, намын бүлгүүд дээр ажлын хэсэг хүртэл гаргаж байж баталлаа. Манай намын бүлгээс оруулсан зарим санал үндсэндээ дэмжигдээгүй л дээ. Олонхи өөрсдийнхөө зүгээс асуудалд түлхүү хандсан учраас цөөнхийн санал бараг тусаагүй гэсэн үг. Ер нь эдийн засгийг идэхжүүлнэ гээд энэ тогтоолыг гаргаж байгаа нь яг одоо Монгол Улсын эдийн засаг хүндэрчихсэн байгаа энэ үед хэрэгтэй юу гэвэл, мэдээж тийм. Гэхдээ энэ Засгийн газар өөрөө энэ тогтоолын төслийг санаачилж, оруулж ирээд хийж байх ёстой ажлаа хийхгүй явсаар бусдаар заавал үүрэг даалгавар өгүүлж байж хийх гэж байгаа нь харамсалтай юм.
Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөлд багтаасан асуудлуудаа УИХ анхнаасаа хийгээд явсан бол УИХ-аас ийм тогтоол гарах шаардлагагүй байлаа. Гэтэл өөрсдөө хийх ёстой үедээ хийхгүй явж байгаад одоо энэ тогтоолын төслийг гаргаж, оруулж ирээд УИХ-аар батлууллаа л даа. Ингэхдээ тодорхой хугацаа заасан. 100 хоногийн дотор идэвхжүүлнэ гэсэн байдлаар гаргалаа. Түүнчлэн уул уурхай, банк санхүү гэх мэт бүхий л чиглэлд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх утгатай тогтоолыг гаргалаа.
-Жирийн иргэд бидэнд эдийн засаг хямарсан эсвэл хүндэрсэн үү гэдэг асуулт хариултгүй хэвээр байна. Ямартай ч эдийн засаг эрүүл бус байгаа энэ үед 100 хоногт сэргээнэ гэж тооцоолсон нь хэр бодитой юм бол?
-Яахав хүн чадна гэж байхад бид “Бүтэхгүй” гэж болохгүй л дээ. Чадах эсэх нь тэртээ тэргүй ил болоод гараад ирнэ. Гэхдээ ийм хүнд үед төвөгтэй л дээ. Манай эдийн засаг өөрөө тийм том биш, үүнийг хэрхэн зохицуулахыг эрх баригчид маань олоод харчихсан байж болох юм. Тиймээс ийм тогтоол гараад явбал 100 хоногийн дотор тодорхой хэмжээнд сэргэх найдлага байна үзэж байгаа бол “Та нар чадахгүй” гээд байж болохгүй. Товчхондоо, аль болох улс эрх орныхоо эрх ашгийг бодоод чадуулахын төлөө л ажиллах ёстой. Манай намын бүлгийн байр суурь ийм л байгаа.
-Танай намын бүлгээс эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөлд 14 санал гаргасан байсан. Тэгэхээр энэ саналуудаас тогтоолын төсөлд багтаагүй гэж ойлгож болох уу?
Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөлд багтаасан асуудлуудаа УИХ анхнаасаа хийгээд явсан бол УИХ-аас ийм тогтоол гарах шаардлагагүй байлаа
-Ганц нэг заалт авсан байна лээ. Манай бүлгээс гаргасан гол санаануулыг үндсэнд нь тогтоолд тусгаагүй л дээ. 2013 онд төсвөөс гадуур нэлээд их хэмжээний мөнгийг хувийн хэвшлээр дамжуулаад зах зээл дээр гаргачихлаа шүү дээ. Тиймээс бид үүнийг болиулах талаар үнэ бууруулах хөтөлбөр санаачилсан. Үүнээс болоод эдийн засагт тодорхой хэмжээний хямралыг бий болгоод байна төлбөрийн тэнцлийн хувьд алдагдал, хямралд оруулах нөхцөл байдлыг үүсгээд байна шүү гэдэг байдлаар хандсан ч хүлээж авахгүй байх жишээтэй.
-Үүнээс гадна Ц.Оюунбаатар гишүүний санаачилсан төсвийн байгууллага хэвлэлд төлбөрт материал нийтлүүлэхгүй, хаалтын гэрээ хийхгүй байх тухай заалт байнгын хороон дээр унасан ч чуулган дээр дэмжлэг аваад тогтоолын төсөлд тусчихлаа. Үүнийг манай хэвлэлийнхэн багагүй шүүмжилж байна л даа. Энэ заалтыг та тодорхой тайлбарлаж өгнө үү?
-Энэ тогтоолын төсөлд хаалтын гэрээ хийхгүй гэдэг заалт орсон. Гэхдээ тэгтлээ их эсэргүүцээд байхаар заалт биш. Хэвлэл өөрөө шударга байх ёстой шүү дээ. Хаалтын гэрээ гэдэг миний ойлголтоор янз бүрийн муу, муухай мэдээлэл гаргахгүй гэж хийж байгаа тохиролцоо гэж ойлгодог. Төрийн байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагаагаа огт сурталчлахгүй бай гэж хэлээгүй шүү дээ. Сурталчилж болно, гэхдээ болж, бүтэхгүй байгаа зүйлийг нь хэвлэл мэдээллийнхэн давхар хэлж л байх ёстой. “Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагааг сурталчлахаас бусад хаалтын гэрээ хийхийг хориглоно” гэсэн заалт л байгаа юм.
Тухайлбал, Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдлыг ингэж хүндэрчихээд байхад бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайдын болж, бүтэж байгаа гэдэг магтан дууллыг л гаргаад байна шүү дээ.Гэтэл болж, бүтэхгүй байгааг нь хэлж байгаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл маш цөөхөн байна. Үүнийг л хэлээд байгаа юм. Товчхондоо, сайныг нь саартай нь хамт гарга, хэт нэг талыг битгий барь л гэж байгаа юм. Хэн нэгэн өөрийнхөө хийсэн алдаатай зүйлийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргахгүй байх ёсгүй. Хэвлэл өөрөө эрх чөлөөтэй байх ёстой гээд байгаа юм.
-Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөл бодит үр дүнгээ өгч, иргэдийн амьдралд бага ч болов дэм болно гэж хүлээсэн хэсэг олон бий. Энэ тогтоолын төсөлд ам.долларын ханшийг тэд болгож бууруулна, гадны хөрөнгө оруулагчид нэмэгдэнэ гэх мэт бодит тооцоо, төсөөлөл хэр байгаа юм бол?
-Ер нь энэ тогтоолын төсөлд бодит төсөөлөл байхгүй. Дандаа тийм арга хэмжээ авна, тэгж сайжруулна гэх мэт ерөнхий үг л байгаа. Хүрэх төвшинг тодорхой тоогоор илэрхийлсэн зүйл байхгүй. Жишээ нь, валютын ханшийг бууруулна л гэж байгаа болохоос хэдэн төгрөгөөр, яаж бууруулах талаар нарийвчлан тусгаагүй л байгаа.
-Тодорхой бус байх нь зөв юм уу буруу юм уу. Уг нь бодит тооцоолол, төсөөлөлтэй байж нэг төвшинд хүрэх ёстой баймаар?
-Хүн ирээдүйгээ төлөвлөхдөө шууд тодорхой хэлбэрээр төсөөлөхөд нэг талдаа төвөгтэй. Нөгөө талдаа хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг харахад ч гэсэн хэцүү шүү дээ. Эрх баригчид ам.долларын ханшийг төсвийн төсөлд 1384 төгрөгт барина гээд тусгачихсан. Гэтэл энэ тоонд барьж чадахгүй байгаа биз дээ. Магадгүй эдийн засгийн тогтоолын төсөлд 1400 төгрөг байна гээд тооцчихдог. Гэтэл энэ тооноос хэтрээд явчихвал нөгөө зорьсон ажлаа хэрэгжүүлж чадаагүйн нэг хэлбэр болчихно. Тийм учраас яг хатуу тоогоор төсөөлөхөд бэрх л дээ.
-Засгийн газраас эдийн засгийн идэвхжүүлэх тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирснийг эрх баригчид тэр дундаа АН-ынхан эдийн засаг хүндэрснийг хүлээн зөвшөөрөөд яаралтай авч хэрэгжүүлж байгаа эхний алхам гэж олон нийт дүгнэсэн. Гэтэл Н.Батбаяр сайд бол “Эдийн засаг хүндрээгүй ээ. Бид зүгээр л идэвхжүүлэх гэж байна. Эдийн засаг хүндэрсэн эсэхийг дүгнэдэг тоон үзүүлэлтүүд бүгд хэвийн байна” гээд байгаа шүү дээ?
-Өмнө нь эдийн засгийн хурдцыг нэмэгдүүлэх гэсэн нэртэй орж ирээд одоо идэвхжүүлэх болчихоод байгаа юм. Мэдээж эдийн засгийн идэвх суларчихсан, уналтад орчихсон байгаа учраас л идэвхжүүлэх гээд байгаа юм шүү дээ. Идэвхтэй байхад нь идэвхжүүлнэ гэж юу байхав дээ. Эдийн засаг өсөлттэй, ард иргэдийн амьдралд нөлөөлөх нөлөөлөл нь эерэг байхад идэвхжүүлье гэсэн тогтоол оруулж ирэх шаардлага байхгүй биз дээ. Тийм учраас эдийн засаг уналтад орсон, ард түмний амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж байгаа учраас идэвхжүүлж, эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор л энэ тогтоолын төслийг оруулж ирж байгаа. “Эдийн засгийг уналтад ороогүй” гэж Засгийн газарт байгаа хэдхэн хүнээс өөр хэлэх хүн байхгүй.
-Ойрын өдрүүдэд УИХ-аас гарсан анхаарал татахуйц бас нэг шийдвэр бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Давхар дээл”-ийн тухай хуулийн төсөл унасан явдал байлаа. Үүнийг нэг талаас АН-ынхан хүч түрээд, элдэв наймаа тохиролцоо хийсээр байгаад унагачихлаа гэж олон нийт дүгнэсэн. Нөгөө талаас МАН-ынхан хууль хэрэгжих хугацааг ярьж, улстөржүүлсээр байгаад хуулийг унахад хүргэлээ гэсэн нэг хэсэг ч байна?
Өмнө нь эдийн засгийн хурдцыг нэмэгдүүлэх гэсэн нэртэй орж ирээд одоо идэвхжүүлэх болчихоод байгаа юм
-Хууль хэрэгжүүлэх хугацааг ярьснаар унасан гэдэг нэг талаас үнэн л дээ. Манай намын бүлгээс аливаа хуулийг УИХ баталж гаргаж байгаа бол түүнийгээ үлгэр жишээ хэрэгжүүлдэг л байх ёстой гэж үзэж байгаа. Бид ийм л шаардлага тавьсан. “Өнөөдөр бид нар УИХ-ын гишүүн атлаа Засгийн гарын сайдын албан тушаалыг давхар хашиж болно. Харин дараагийн сонгогдсон парламентын гишүүд “Давхар дээл”-тэй байж болохгүй” гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. “Парламентын гишүүн “Давхар дээл”-тэй байж болохгүй гэдгийг бид үлгэр жишээ болгоод харуулчихлаа. Та нар бас тэгээрэй” гэж дараагийн УИХ руугаа хандах ёстой байтал “Бид нар бол давхар албан тушаал хашиж болно. Харин та нар болохгүй шүү” гэж байгаа нь утгагүй асуудал.
МАН-ын бүлэг ийм л зарчмын шаардлага тавьсан. Нөгөө талаас өнөөдрийн төр, засгийн явуулж байгаа үйл ажиллагаа системийн хувьд нэлээд доголдолд орчихоод байна. УИХ, Засгийн газар нь үндсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй. Гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох дээд байгууллагынхаа дээр гарчихсан ч юм шиг байдалтай л байна. УИХ-аас өгч байгаа үүрэг даалгавар хэрэгждэггүй, Засгийн газраас УИХ-д орж ирж байгаа ямарваа асуудал ямар нэг санал асуулга бололгүйгээр шууд шийдэгддэг. Нэг ёсондоо, Засгийн газар л юу гэж хэлнэ.
УИХ түүнийг нь баталж байх үүрэгтэй юм шиг болчихиож. Энэ доголдлыг л өөрчлөх ёстой гэсэн зарчмын байр суурийг манай намын бүлэг баримталж байгаа. “Давхар дээл”-тэй 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн буюу тал хувь нь Засгийн газрын гишүүн болчихоор УИХ өөрийнхөө чадамжийг алдчихаж байгаа юм. Товчхондоо, миний хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа.
-Ойрын хугацаанд Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар хэвлэлээр нэлээд өргөн хүрээг хамарсан ярилцлага өглөө. Тэдний яриаг сонсоход төрийн гурван өндөрлөгийн хоёр нь Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаанд сэтгэл дундуур, зарим тохиолдолд маш хурцаар шүүмжилж байна. Харин Монгол төрийн гурав дахь хүн болох Ерөнхий сайд Н.Алтанхуяг бол энэ хоёроосоо арай өөр байр суурьтай байгаа нь олон зүйлээс анзаарагддаг. Төрийн гурван өндөрлөг уг нь нэгдмэл байр суурьтай байж нэг зүг рүү харж ажиллах ёстой баймаар?
-Би бол сөрөг хүчний намын гишүүн. Ямар ч зүйлийг аль болох болгох бүтээх талаас нь байр суурь, санал бодлоо илэрхийлдэг. МАН ч гэсэн тийм байдлаар санал бодлоо илэрхийлж ирсэн, цаашид ч тийм байна. Өнөөдөр төрийн гурван өндөрлөгийн хоёр нь “Болохгүй байна” гэж хэлээд байна шүү дээ. Гэтэл нэг нөхөр л “Болж байна, бүтэж байна” гээд байдаг. Гэтэл бодит байдал эсрэгээрээ байгаад байдаг. Засгийн газрын үйл ажиллагаа болохгүй байгаагаас шалтгаалаад эдийн засаг ямар байдалд орчихоод байгаа нь харагдаж л байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрынхоо шүүмжлэлийг Ерөнхий сайд маань хүлээж аваад асуудалд хандах ёстой. Алдаа гаргахгүй хүн гэж байдаггүй. Хамгийн гол нь алдаагаа засч чаддаг л байх ёстой.