Улс төрийн тогтолцоо зөв байна уу?
УИХ-ын гишүүн, доктор Ж. Батсуурь
2014.05.06

Улс төрийн тогтолцоо зөв байна уу?

УИХ-ын гишүүн, доктор Ж.Батсуурь “Ухаалаг төрд зөв тогтолцоо чухалгэсэн нэрээр “Нутгийн удирдлагын тогтолцоог зүгшрүүлэхүй”, “Төрийн тогтолцооны гажигийг засахуй”, “Улс төрийн тогтолцоо зөв байна уу?” хэмээх цуврал нийтлэл бичсэний гурав дахь өгүүллийг уншигчиддаа хүргэж байна.

Үүний өмнө бичиж уншигчиддаа хүргэсэн хоёр өгүүллийн эхнийх нь нийгмийн улс төрийн тогтолцооны суурь хэсэг болсон нутгийн удирдлагын тухай, хоёр дахь нь нийгмийн улс төрийн тогтолцооны ноён нуруу болсон төрийн удирдлагын тухай байсан билээ. Харин миний гурав дахь өгүүлэл бүхэлдээ Монголын нийгмийн улс төрийн тогтолцоо хэмээх цөгц зүйл зөв байна уу? гажиж буруудсан бол тэр нь юунд байна вэ ? засах арга зам, боломж байна уу? гэсэн асуултанд хариулахад зориулагдлаа.

Юуны өмнө би улс төрийн тогтолцоо гэж юу болох, онол нь ямар байдаг тухай гэх мэтийн мэргэжлийн эрдэмтдийн ярьдаг онолын “том” сэдвийг давтан бичихийг урьтал болгосонгүй. Тэр тухай судлаачид зөндөө бичсэн. Онолын ерөнхий схем яривал манай улс төрийн тогтолцоо зөв байна гэж хэн ч хэлэх байх. Ардчилсан улс оронд байдаг бүх институт манайд илүү юу гэхээс дутах юмгүй байгуулагдчихсан шүү дээ. Тэгэхлээр бүтэц, зохион байгуулалтын хувьд үнэндээ манай улс төрийн тогтолцоонд дутуу юм ер байхгүй, бүгд зөв зүйтэй байгаа мэт харагдахаар буй.

Тэгэхлээр Та юуных нь зөв бурууг, гажиг согогийг ярих гээд байгаа хүн бэ? гэх асуулт аяндаа гарна. Тэгвэл миний энэ өгүүллийг .уншаад дуусахад та ямар нэг хэмжээгээр хариулт авна байх аа гэж найдъя.

Миний бие үүний өмнө бичсэн хоёр өгүүлэлдээ бүтцийн хувьд улс төрийн тогтолцооны гол элементүүд болох нутгийн удирдлага, төрийн тогтолцоо, түүнд оролцогч улс төрийн институтийн зохистой эсэх, ямар гажилт үүссэн, засах ямар боломж байгаа зэрэг асуудлаар саналаа хэлсэн байгаа. Энэ удаад бол тогтолцооны судас шөрмөс болдог гол холбоосуудыг барьж санаа бодлоо илэрхийлнэ.

Ялагдсан улс төрийн өрсөлдөгчөө, цаашлаад бүр ялагдсан намаар нь “лааз өшиглүүлэх” технологид шилждэг. Ингэсний харгайгаар улс даяар битүү улс төржилт болж улс орон ч хөгжихгүй, хүн ард ч хожихгүй болчихоод байна.

Аливаа тогтолцоонд оршин тогтнох амьд холбоос буюу механизм гэж буй. Улс төрийн тогтолцооны тухайд хуулиар зохицуулагдсан болон зохицуулагдаагүй олон хүчин зүйл энэ механизмыг бүрдүүлнэ. Өнөөгийн манай улс төрийн тогтолцооны оршихуйн механизм болж буй тэр зүйлүүд нь: улс төрийн коммуникаци, маркетинг, манипуляци, реклам сурталчилгаа, популизм, улс төр дэх мөнгөний урсгал, улс төрийн соёл, ёс зүй, улс төрийн реваншизм /өшөө авах, данс бодох/ гэх мэтийн үзэгдэл, үйл явцуудаар дамжиж байна гэж би ойлгоод байгаа юм. Тэдгээр нь хууль, дүрэм журмынхаа дагуу зөв явж байвал тогтолцоо бүхэлдээ зөв байна гэсэн үг. Одоо манайд байдал ямар байгааг өөрийнхөө ойлгосон хэмжээнд тоймлон гаргая.

Нэгэн зүйл. Улс төр бол юуны өмнө улс төрийн үзэгдүүдээр дамжсан хүмүүсийн хооронд мэдээлэл солилцох харилцаа. Түүнийг улс төрийн ухаанд коммуникаци гэнэ. Хүн коммуникацид орно гэдэг бол мэдээлэл харилцааны урсгалд нэгдэнэ гэсэн үг. Тэгэхлээр улс төрийн коммуникаци бол улс төрийн үзэгдэл, үйл явцын тухай мэдээллээр дамжсан хүмүүсийн хоорондын харилцаа мөн. Аль ч улс үндэстэнд улс төрийн коммуникацийн соёл гэж бий. Тэр нь улс төр, улс төрийн тогтолцоо хэр зэрэг эрүүл байхын үндэс болно.

Дашрамд дурьдахад монголчуудын нийгмийн харилцаа бол дэлхийн аль ч оронд байдаггүй маш олон өвөрмөц онцлогтой. Энд уламжлал, ёс заншил, сэтгэлгээний шинж төлөв гээд маш олон зүйл нөлөөлдөг.Тэр бүхэн нь орчин үеийн улс төрийн коммуникацийн соёлд хамгийн тод тусгалаа олдог., Дэлхий дахинд улс төрийн моммуникацийн хоёр хэв маягийн соёл байдаг тухай эрдэмтэд бичдэг. Эхнийх нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг баримжаалсан соёл. Энэ нь АНУ болон Америк маягийн соёл иргэншлийг дагадаг орнуудад дэлгэрчээ.

Нөгөөх нь улс төрийг /намыг/ баримжаалсан соёл. Энэ соёл Герман болон Европын ардчилсан орнуудад голлон хөгжсөн байна. Харин гурав дахь соёлын тухай одоогоор бичсэн зүйлийг би олж харсангүй. Гэхдээ миний төсөөллөөр Ази дорно дахины орнуудад уламжлалыг баримжаалсан гурав дахь хэв маяг баймаар бодогдоно. Харин энэ гурван хэв маягийн аль нь ч дангаараа орших боломжгүй. Аль нэг нь давамгайлж, нөгөө хоёр нь зөвшөөрөгдөх хэмжээнд л байх учиртай. Манайд бол уламжлалыг баримжаалсан хэв маягт суурилсан коммуникацийн соёл л илүү зохимжтой. Ойлголтын ерөнхий эрэгцүүлэл ийм байна. Харин өнөөгийн Монголын улс төрд юу болж байна вэ?

Өнөөгийн Монголд коммуникацийн соёлын “холион бантан ” буй болж улс төрийг, улс төрийн тогтолцоог, улмаар хүнийг, нийгмийг бүрэн эвдэж байна гээд шуудхан хэлчихэд нэг их хэтрүүлэг болохгүй л болов уу? Яагаад гэвэл:

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх нь эрх баригчдын болон ямар нэг улс төрийн хүчний, эсвэл хөрөнгө чинээтэй хүмүүсийн шууд хараа хяналт, дохио зангаагаар ажилладаг болсон.
  •  Гол улс төрийн намууд нь эдийн засаг, бизнесийн эрх ашгаар 'холбогдсон бүлэглэлүүдийн гарт орж, тэр бүлэглэлүүд нь харилцан нэг нэгнээ нээнтэглэж барьцаалчихаад олон түмэнд үнэнийг хэлж, шударга ажиллах ямар ч чадваргүй болсон.
  • Иргэний нийгмийн институтууд эхлэлийн балчир шатандаа ганц нэг идэвхтэй хүний, эсвэл улс төрд орох хүсэлтэй хүний ашигладаг хэрэгсэл болж хувирсан.
  • Улс төрийн мэдээллийн бүх урсгал хууль, ёс зүй, хүний эрхийн гээд ямар ч хяналт, цензургүй болж мэдээлэлд итгэх олон түмний итгэл улам бүр алдарсан.
  • Монголын нийгмийн уламжлалт коммуникацийн хэлбэрүүд устаж, мөхөж байна.

Энэ бүхнийг нэгтгээд үзвэл манай улс төрийн коммуникаци бүрэн дампуу байдалд орж, улс төрийн тогтолцоогоо идэж эхэлсэн гэж дүгнэхээс өөр аргагүй байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн, ерөөсөө коммуникацийн соёлын эрс өөрчлөлт хийх нийгэм-сэтгэл зүйн нөхцөл нэгэнт бүрджээ. Ийм өөрчлөлт амаргүй боловч хийхээс өөр аргагүй.

Нэр дэвшигчид маш тодорхой шалгуур тавьж, тэр нь ард түмний өмнөөс эрх мэдэл хэрэгжүүлэх шаардлагыг хангаж байх учиртай.

Нэгэн зүйл. Чөлөөт зах зээлийн нийгэмд сонгууль явуулахад улс төрийн зах зээл гэж үйлчилж байдаг нь жам ёс. Энэ зах зээл дээр зөв маркетинг хийгдвэл сонгууль шударга болно, улс төрийн тогтолцоо зөв бүрдэж, зөв ажиллана. Улс төрийн маркетинг гэдэг бол чухамдаа сонгуулийн өмнө сонгогчдыг сайн судалж, нэр дэвшигчдийг улс төрийн зах зээлд буюу аль болох олон сонгогчид “борлуулах” технологи юм. Улс төрийн ертөнцөд энэ технологийг хэрэглэх нь нэг талаас хуулиар яв цав зохицуулсан, нөгөө талаар ардчиллын нийтлэг соёлоор 1 баримжаалсан, дээр нь үндэсний  уламжлалаар нөхцөлдсөн маш нарийн төвөгтэй эмзэг үйл явц байдаг.

Манайд улс төрийн маркетинг бараг хийгддэггүй, хийсэн ч хууран мэхлэлтийн зорилгоор явагддаг болоод уджээ. Улс төрийн маркетинг бол нэг талаас борлуулах бараа буюу нэр дэвшигчээ зөв сонгож олох, дараа нь зах зээл буюу сонгогчидоо сайн судлах гэсэн салгаж болдоггүй хоёр үйл явц байх ёстой. Нэр дэвшигчид маш тодорхой шалгуур тавьж, тэр нь ард түмний өмнөөс эрх мэдэл хэрэгжүүлэх шаардлагыг хангаж байх учиртай.

Одоо манайд хэлбэрийн төдий хэдэн шалгуур тавих боловч эцсийн дүндээ сонгогчдын саналыг бохир аргаар худалдаж авах мөнгөтэй байх нэг л шалгуур үйлчилдэг болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Үүний гол буруутан өөр хэн ч биш, гагцхүү улс төрийн нам гэдэг нь бас л хэнд ч ойлгомжтой. Энэ бол том гажиг. Үүнийг засах хамгийн тохиромжтой арга бол сонгуулийг төсөв, санхүү, зохион байгуулалтын хувьд шууд төр хариуцдаг болох явдал гэж бий боддог. Дэлхийд ийм жишиг олон бий шүү дээ.

Иймээс намууд нэр дэвшигчид тавих шалгуураа, бас нэр дэвшигч болох боломжтой хүмүүсээ бүр сонгуулийн сураг ч гараагүй байхад олон түмэнд ил зарладаг, олон түмнээр шүүлгэдэг болох ёстой. Үүнийг сонгуулийн сурталчилгаа шиг биш, намын ажил болгож зохион байгуулдаг байхад болохгүй гэх газаргүй. Үүнтэй зэрэгцээд сонгууль явуулах тогтолцоо, хууль, журам олон нийтэд бүр эрт хүрч байх нь их чухал. Энэ ажлыг төр, тухайлбал, сонгуулийн байгууллага хийж баймаар. Сонгууль болоогүй үед байнгын тодорхой орон тоотой, ажиллагаатай энэ байгууллага юу хийж байдаг юм бол доо гэж хүмүүс боддог, бас асуудаг юм билээ.

Сонгогчдын судалгаа тасралтгүй хийгдэж байх нь маркетинг зөв болох үндэс. Энэ ажлыг төрийн байгууллага ч, улс төрийн намууд ч, судалгааны байгууллагууд ч тогтмол явуулж байх нь үр дүнтэй. Иймэрхүү ажлуудыг сонгууль дөхөөд ирэхлээр зэрэг зэрэг бужигнуулж, ажил цалгардуулж, олон түмнийг хагаралдуулан бужигнуулдаг практикаас салах цаг болсон баймаар.

Энэ бүхнээр би юу хэлэх гээд байна гэвэл сонгуулийн хуулиа их сайн болгох ёстой. Энд зөвхөн тогтолцоо, сурталчилгаа, санал хураах, тоолж дүн гаргах үйл явцыг төдийгүй сонгуулийн болоод сонгуулийн биш үед хийгддэг маркетингийн судалгаа, энэ хүрээнд хийх ёстой, бас хийх ёсгүй зүйлүүдийг ч багтааж цэгцлэх шаардлага байгааг онцлох гэсэн хэрэг.

Монголчууд бид сонгуульд нэр дэвшигчээрээ ч, сонгогчдоороо ч тоглохгүй болмоор юм. Тэд чинь бүгд адилхан тэгш эрхтэй хүмүүс биз дээ. Нэр дэвшигч бол сонгуулийн дараа эсвэл эрх мэдэлтэн, эсвэл хэн ч биш болдог. Эрх мэдэлтэн болсон нь сонгогчдоо мартаад сонгуульд зарсан мөнгөө олох, тусалсан хүндээ ажил, бизнес олж өгөх аянд гардаг шүү дээ. Харин ялагдсан нэр дэвшигчээ золбин нохой мэт гудамжинд хаячихдаг. Ялагдсан улс төрийн өрсөлдөгчөө, цаашлаад бүр ялагдсан намаар нь “лааз өшиглүүлэх” технологид шилждэг. Ингэсний харгайгаар улс даяар битүү улс төржилт болж улс орон ч хөгжихгүй, хүн ард ч хожихгүй болчихоод байна. Ингэж болохгүй л дээ. Бидний дуурайх дуртай АНУ-д ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдсан хүн ямар албанд очдогийг бүгд л мэднэ шүү дээ. Энэ зөвхөн Америкт байдаг үзэгдэл ч бас биш ардчилал хөгжсөн ихэнх улс оронд улс төрийн өрсөлдөгчтэйгӨө хамтран ажилладаг том соёл бий. Эрүүл улс төр гэж үүнийг л хэлдэг байх.

Үргэлжлэл бий