С.Ганбаатар: Монголд бүлэглэл дэндүү хүчээ авчихаж
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Түүний хувьд УИХ дахь бие даагч гурван гишүүний нэг. Гэвч бие даагч гишүүдийн хувьд хоорондоо үл ойлголцсон уу, эсвэл зөрчилдөөнтэй байна уу гэдгийг хэлэх нь эргэлзээтэй. Учир нь “Давхар дээл” тайлах хуулийн төслийг батласан өдрөөс нь хэрэгжүүлэх хэрэгтэй гэж байр сууриа илэрхийлж байсан гишүүд. Харин өнгөрсөн долоо хоногт чуулганаар уг хуулийн төслийг батлахаар санал хураалт явуулахад С.Ганбаатараас бусад нь “Зөвшөөрөхгүй” гэдэг кноп дарсан нь асуудал болж байгаа юм. Тиймээс энэ асуудлын хүрээнд болон “Давхар дээл” тайлах хуулийн төслийн талаар түүнээс байр суурийг нь сонслоо.
-Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд шуугиан тарьсан асуудал бол яах аргагүй “Давхар дээл” тайлах хуулийн төслийг буцаасан явдал. Ерөнхийлөгчийнхөө өргөн барьсан хуулийг АН-ынхан унагалаа гэж үзэж байхад эрх баригчид үүнийг үгүйсгэж байна. Таны хувьд энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?
-Би нэг их сэтгэлээр унадаггүй. Энэ удаад сэтгэл маань их гунигтай байна. Ер нь Монголд бүлэглэл дэндүү хүчээ авчихаж. Харин эцсийн дүндээ сайд нарын “Давхар дээл”-ийг тайлна. Ийм арчаагүй зүйлийг зогсоох хэрэгтэй. Бүлэг дамнасан арчаагүй үйлдлийг зогсоосноор парламент, засаглалын ялгаа гарна.
Бүлэг дамнасан арчаагүй үйлдлийг зогсоосноор парламент, засаглалын ялгаа гарна.
Чин үнэнийг хэлэхэд өөрийгөө хоршооны даргаар томилсон хүн маргааш нь ерөнхий нябо болж болохгүй. Сайд гэдэг бол төсвийн ерөнхийлөгчин захирагч. Тэд өнөөдөр хууль тогтоочихоод дараа нь хууль хэрэгжүүлэх ажлыг хийж болохгүй. Үүн дээр хатуу зогсох ёстой. Миний хувьд хуульчидтай зөвлөлдөж “Давхар дээл”-ийг тайлах гэдэг юм уу, давхар албан тушаал хашихыг зогсоохын төлөө хууль санаачилна. Энэ хуулийг ганцхан Ерөнхийлөгч санаачилдаг юм биш. УИХ-ын ямар ч гишүүн санаачлах эрхтэй. Үүн дээр хатуу ажиллана.
-Энэ хуулийн төслийг УИХ-аар сар шахуу хугацаанд хэлэлцсэн ч харамсалтай нь баталж чадсангүй. Харин эрх баригч хүчний зүгээс сайд нарынхаа дээлийг тайлахгүй улайрч байгаа нь улс төрийн соёлгүй, болчимгүй алхам гэж хэлж болох уу?
-Ямар ч байсан би АН-ынхныг дүгнэхгүй. Гэхдээ АН дотор байгаа Ж.Батзандан, Р.Бурмаа, Х.Баттулга, М.Зориг, З.Энхболд гээд тууштай гишүүдэд баярлаж байна. Ялангуяа, Р.Бурмаа, Ж.Батзандан гишүүн нар ямар их дарамт шахалтан дор өөрийнхөө бүлэглэл, ашиг сонирхлын зөрчилтэй байгаа сайд нарын эсрэг байж чадсан. Мөн ард түмэн, зарчимдаа үнэнч байсны зэрэгцээ хатуу зогсож чадсанаар нь 2016 онд иргэд ойлгож, дэмжээсэй гэж хувь хүний хувьд уриалмаар байна.
-Бие даагч гишүүд яагаад санал хураалт дээр зөрчилдөв.Таны хувьд ч гэсэн өөр, өөр санал өгсөн нь ямар учиртай юм бол?
-Миний хувьд давхар албан тушаал хашихгүй байх гэдэг дээр зөвшөөрч дарсан. Хоёрдугаар санааг ойлгоогүй. Өөрөөр хэлбэл, эхний санаан дээр цөөнх болж унасан. Харин энэ тогтоолоо дэмжиж байна уу гэж ойлгоод эсрэг дарсан. Үнэн хэрэгтээ асуултыг дутуу ойлгосон тал бий.
-УИХ-ынхаа дээр Засгийн газар нь сандайлаад суучихсан. Нэг ёсондоо засаглалын хямрал болчихоод байгаа гэдгийг шүүмжилж буй. Харин “Давхар дээл” тайлах хуулийн төслийг буцааснаар засаглалын хямралаа хүлээн зөвшөөрөөд ажиллах нь. Та үүн дээр ямар бодолтой байна?
Ард түмэн, зарчимдаа үнэнч байсны зэрэгцээ хатуу зогсож чадсанаар нь 2016 онд иргэд ойлгож, дэмжээсэй гэж хувь хүний хувьд уриалмаар байна.
-Парламентад нам байдаг ч намын дотор байгаа арчаагүй бүлэглэл төрийн дээр гарчихсан байгаа явдлыг татаж унагаая, хяналттай байлгая гэж үзэж байгаа. Байдал бол ердөө л энэ. Гэтэл бүлэглэлийн арчаагүй байдалдаа байхаар болж байна. Гэхдээ би энэ асуудалтай тэмцэнэ. Ямар ч байсан сайд нар давхар албан тушаал хашихгүй байх хуулийн төсөл өргөн барина.
-Ингэхэд нийгэм, эдийн засаг хүнд байдалд байгааг хэн хэнгүй мэдэж байгаа. Иргэд ч гэсэн үнийн дарамтад орчихлоо. Гэтэл эдийн засгийг эрчимжүүлэх нэрийдлээр энэ бүхнээс гарч чадах болов уу гэдэг эргэлзээ бий шүү дээ?
-Монголчуудын баян, хоосны ялгарал хэт их болчихлоо. Гудамжинд 400 мянган монголчууд ажилгүй байна. Үүнийг яагаад УИХ ын зарим гишүүн хараад ичдэггүй юм бол гэж гайхаж байна. Эцсийн эцэст эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөл дотор цэвэр луйвар бий. Өөрөөр хэлбэл, фракциудын нам дамжсан, бизнес бүлэглэлийн увайгүй үзэл санаа үүнд орж байгаа. Би үүнийг Эдийн засгийн байнгын хороон дээр босгож тавина гэж бодож байна.