С.Ганбаатар: Маш том нөхцөлтэйгээр оруулж болно
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.04.28

С.Ганбаатар: Маш том нөхцөлтэйгээр оруулж болно

"Bank of China" салбараа нээснээр манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Түүнээс гарах эерэг болон сөрөг үр дагаврын талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар ийн хариуллаа.

-Гадаадын томоохон банк санхүүгийн байгууллага орж ирэх нь стратегийн болон улс төрийн том шийдвэр байх ёстой. Гадаадын банк орж ирснээр эрсдэлтэй тал гэвэл тухайн банк зээлийн болон хүүгийн бодлогоо эдийн засаг, нийгэмд тулгадаг.

Тухайн улсын хөгжил хаашаа явах, хэнийг дэмжих эсэхээ тэд шийднэ. Тиймээс гадаадын том байгууллагуудыг маш том нөхцөлтэйгээр оруулж ирж болно. Сайн тал бас бий. Тухайлбал, арилжааны банкны мөнгө хүүлэгч бодлогыг таслан зогсоох, тэдний өрсөлдөх чадварыг сайжруулах, зээлийн хүүг бууруулахад эерэг нөлөөтэй.

Дотоодын арилжааны банкны өрсөлдөх чадварыг сайжруулах, зээлийн хүүг бууруулахад эерэг нөлөөтэй

Гадаадын том банк орж ирснээр манай улсын арилжааны банкнаас гарч байгаа зээлийн бүтээгдэхүүний хүү өдөртөө 2-3 дахин буурна. Энэ нь ард түмэнд хэрэгтэй. Яагаад гэвэл, өнөөдрийн нөхцөлд 60 сая төгрөгийн орон сууц худалдаж авсан иргэн 180 сая төгрөг болгож төлж байна.

Энэ нь чөлөөт өрсөлдөөнгүйгээр ажиллаж байгаагийн бодит жишээ. Үүнд хязгаар тавих цаг болсон. Гадаадын банк орж ирснээр дотоодын банкны өрсөлдөх чадвар сайжирна. Энэ мэтчилэн олон талаас нь эргэцүүлж байж шийдвэр гаргах ёстой.