Саудын Арабын вант улс Монголд ЭСЯ-аа нээнэ
Саудын Арабын Вант Улсад айлчилж буй Гадаад харилцааны сайд Л.Болд Саудын Арабын Вант Улсын Гадаад харилцааны сайд, ханхүү Сауд бин Аль Файзал бин Абдулазиз Аль Саудтай энэ сарын 22-нд Саудын Арабын Жидда хотноо уулзсан байна.
Хоёр улсын түүхэнд анх удаа тохиосон энэ уулзалтаар сайд нар бизнесийн харилцаа, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулах, Монгол Улсын нутагт мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж арабын ертөнцөд экспортлох болон манай улсад тус улсаас газрын тос нийлүүлэх боломж зэргийг хэлэлцэж зарим ажлыг зохион байгуулахаар тохиролцжээ.
Түүнчлэн, энэ үеэр Саудын Арабын Гадаад харилцааны сайд ойрын хугацаанд Улаанбаатар хотод элчин сайдын яамаа нээхээ мэдэгдсэн байна. Мөн Гадаад харилцааны сайд Л.Болдын Саудын Арабын Вант Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын хооронд өндөр түвшинд хийсэн анхны айлчлал болохын хувьд харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн чухал үйл явдал боллоо хэмээн үзэж буйгаа илэрхийлэхийн ялдамд тааламжтай цагтаа Монголд айлчлах урилгыг талархан хүлээж авав.
Бүс нутагтаа эдийн засгийн хөгжлөөр тэргүүлдэг Саудын Арабын Вант Улстай Монгол Улс олон чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой
Арабын ертөнцийн хамгийн нөлөө бүхий том улс болох Саудын Арабын Вант Улстай Монгол Улс 2007 онд анх дипломат харилцаа тогтоосон. Үүнээс хойш тус улсаас ханхүү, Газрын тосны сайд зэрэг өндөр түвшний зочид хувийн журмаар ирж байснаас өөрөөр хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний айлчлал, уулзалт хийгдээгүй, үүнийг дагаад улс төр, эдийн засгийн харилцаа ч идэвхтэй хөгжөөгүй байгаа юм.
Гэсэн хэдий ч дэлхийн нийт газрын тосны нөөцийн дөрөвний нэгийг ганцаар эзэмшдэг, бүс нутагтаа эдийн засгийн хөгжлөөр тэргүүлдэг Саудын Арабын Вант Улстай Монгол Улс олон чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой бөгөөд дээрх уулзалт нь эдгээр боломжийг нээж, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахуйц ач холбогдолтой болжээ.
Гадаад харилцааны сайд бөгөөд эрхэм дээд ханхүү Сауд бин Аль Файзал бин Абдулазиз Аль Сауд нь дэлхийд хамгийн удаан буюу 1975 оноос хойш улсынхаа гадаад харилцааны сайдын албыг хашиж байгаа, дэлхийд тэргүүлэгч Принсетоны их сургуульд боловсрол эзэмшсэн зэргээрээ олон улсад нэр хүндтэй, нөлөө бүхий улстөрч аж.