Г.Цогнэмэх: Компанийн хамгийн үнэ цэнэтэй зүйл нь хүн өөрөө
“Ремикон” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогнэмэх
2014.04.25

Г.Цогнэмэх: Компанийн хамгийн үнэ цэнэтэй зүйл нь хүн өөрөө

“Ремикон” ХК нь 2008 оноос Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэгдэн хувьцаа гаргах болсон. Өдгөө ТОП20 компанийн жагсаалтад эрэмбэлэгдэж, үйл ажиллагаа нь тэлсээр байгаа бөгөөд эх орондоо барилгын материал үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулсаар байгаа ажээ. Ингээд гүйцэтгэх захирал Г.Цогнэмэхтэй бизнесийн амжилтын талаар ярилцсанаа хүргэе.

-Компанийн засаглалыг хэрэгжүүлж буй туршлагаасаа бидэнтэй хуваалцана уу. Юуг онцолж ярихыг хүсч байна вэ?

2008 оноос хойш манай компани жигд өсөлттэй ажиллаж байгаа. Би өнгөрсөн жилээс энэ ажлыг авсан. Амжилтыг үргэлжлүүлэх нь миний зорилго. Манай компани нээлттэй хувьцаат компани гэдгээрээ маш том давуу талтай.

Ер нь бусад компаниудыг ажиглахад мэдээллээ нууж хаадаг. Магадгүй өөрийнхөө хөрөнгө мөнгөний мэдээллийн талаар мэдээлэл тараачихна гэж айдаг байх. Гэхдээ бизнесийн байгууллага ил тод байснаар олон давуу талтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай компанийн хувьд санхүүгийн тайланг угаасаа ил тод тайлагнасаар ирсэн.  Миний хувьд компанийн засаглалыг ярихдаа дотоод үйл ажиллагааны зохион байгуулалт болон ажилчдын уур амьсгалыг голчлон авч үздэг.

"Ремикон" ХК бетон зуурмагийн машин

Дотоод зохион байгуулалт хэр сайн байна гэдгээ байнгын тоон үзүүлэлтээр гаргаж бодитой үнэлэх явдал чухал. Бизнесийн байгууллага мэдээж үр ашигтай ажиллах ёстой.

Түүнээс гадна компанийн удирдлага ажилчиддаа үйлчилдэг. Яг үнэндээ баялгаа арвижуулж байгаа нь баялаг бүтээгч биш. Харин ажилчид нь жинхэнэ баялгийг бүтээгчид байдаг. Энэ утгаараа хамгийн үнэ цэнэтэй зүйл нь хүн өөрөө. Байгууллаг бол хүн.

-Танай хувьцаа хөрөнгийн бирж дээр 2014 оны гурван сарын байдлаар хамгийн идэвхтэй арилжаалагдаж байна. Үүнд барилгын салбарын тогтмол өсөлт нөлөөлж байна уу?

Анх бирж дээр арилжаалагдах болсноос хойш идэвхтэй хувьцааны тоонд байнга орж байгаа. Барилгын салбар огцом өсөөгүй ч тогтмол өсч байгаа нь үнэн. Ер нь компанийн засаглалд төрийн засаглал их нөлөөлдөг. Үйл ажиллагаа явуулахад их нөлөөтэй. Компани ажлаа төлөвлөөд ажлаа эхэлж байтал төрийн шийдвэр саад учруулдаг. Барилгын салбарын ажлын улирал ердөө найман сар. Гэтэл ажил эхлэнгүүт түүхий эдийг нь таслачихдаг.

Өнгөрсөн жил уг нь барилга хот бүтээн байгуулалтыг дэмжих жил болгон зарласан хэрнээ урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хариуцна гээд бүх элс хайрганы карьерыг хаасан. Үүний дараа бүх бетон зуурмаг зөөрдөг элс хайрга зөөдөг машинуудыг гудамжаар явуулахыг хориглосон. Мөн манай харилцагч компаниудын лицензийг дахиж шинээр олгох нэрийдлээр цуцалчихсан. Тайван ажлаа хийхэд үнэхээр шууд саад учруулж байгаа юм. Энэ бол бодит байдал.

Компанийг сайн ажиллуулахын тулд төр захиргааныхан үйлчилгээ үзүүлэх ёстой болохоос биш саад болох ёсгүй. Үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол шинэ он гарахаас өмнө ирэх жилд ийм шаардлага тавина гэдгээ мэдээллэх ёстой. Ингэвэл ядаж бид тэр шаардлагад нийцэхийн тулд тодорхой хэмжээний хуваарилалт хийж, үйл ажиллагаагаа зөв төлөвлөнө шүү дээ. Гэтэл үүний эсрэг байгаад л харамсдаг.

-Бизнесийн орчин, татвар, төрийн хандлага зэрэг олон хүчин зүйлс компанийн засаглалд нөлөөлдөг гэдгийг экспертүүд хэлж байсан. Энэ байдлыг яаж шийдэх вэ?

Хэрвээ бизнесийн тааламжтай орчин бүрдүүлвэл компаниуд их хэмжээний орлого олж, тэр хэрээр улсын төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдэнэ.

1400 хувьцаа эзэмшигчидтэй

Гэтэл өөрсдөө саад болохоор ямар хэрэг байх вэ. Энэ засаглалын буруу тогтолцоо. Төрийн албан хаагчид гэсэн нэрийн дор бизнес хийх гэсэн хүмүүсээр л дүүрч байна. Төрийн албанд сайн зүйл хийх гэсэн хүмүүс нь дарагддаг. Төрийн байгууллага нь муу ажиллаж байгаагаас болоод ерөнхий эдийн засаг суларч, хэрэглэгч харилцагчдын маань худалдан авах чадвар буурч нэлэнхүйдээ бууралтын байдалд орчихоод байна.

-Компанийн засаглалын тухайд эргээд ярьвал та ТУЗ-тэйгөө хэрхэн харилцдаг вэ?

Ерөнхийдөө эрх үүргийн хувьд гүйцэтгэх захирал өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг. ТУЗ-өөр батлуулсан ажил үүргийн хэмжээнд гэсэн үг. Манай ТУЗ-өөс компанийн өдөр тутмын ажилд оролцоод байдаггүй. Гэхдээ энэ бизнесийг анхнаас нь авч явсан хүмүүсийн санаа бодлыг сонсолгүй яах вэ. Хамгийн гол нь эрх үүргээ сайн зааглаж чаддаг.

-Танайх хичнээн хувьцаа эзэмшигчидтэй вэ. Тэдэнд мэдээллээ хэр хүргэдэг вэ?

1400 хувьцаа эзэмшигчидтэй. Бид компанийн хуулийн дагуу хувьцаа эзэмшчигчдийн хурлыг жил бүрийн эхний дөрвөн сард хийдэг. Мөн компанийн хууль болон дотоод дүрмээр зохицуулагдсан ээлжит бус хурлуудыг зарлан хуралдуулдаг. Энэ үеэр ажлын үр дүн, тайлан  төлөвлөгөөгөө танилцуулдаг.

 Ярилцсанд баярлалаа.