Эдийн засгийн дүгнэлтийг УИХ сонссонгүй
Эдийн засгийн дүгнэлтийг УИХ сонссонгүй
2014.04.24

Эдийн засгийн дүгнэлтийг УИХ сонссонгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2014.04.23/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Хуралдаанд оролцсон 14 гишүүнээс ес нь төслийг дэмжсэн юм.

Тогтоолын төсөлд эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа юм. Тухайлбал,  Жижиг бизнес эрхлэх зөвшөөрлийг хөнгөвчлөх, татвар, түрээсийг тодорхой хугацаанд тогтвортой байлгах арга замыг судалж шийдвэрлэх.

Дунд хэмжээний компаниудын бизнес эрхлэх орчинг сайжруулж, тэдгээрт зээлийн болон зээлийн даатгалын дэмжлэг үзүүлэх. компаниудын тогтвортой үйл ажиллагааг хангах, тэдгээрийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд оролцоход нь дэмжлэг үзүүлэх.

Бичил, жижиг, дунд бизнесийн хөгжлийн санхүүжилтийн арга хэлбэрүүдийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар, Монголбанкны үйл ажиллагааг уялдуулах, энэ чиглэлийн сангуудын үйл ажиллагаанд Монголбанкны оролцоог хангах, сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг нийт 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: “Жилийн өмнө олон яамны төлөөлөл орсон ажлын хэсэг эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, маш үндэслэлтэй судалгаа гаргасан боловч өнөөдрийг хүртэл УИХ энэ дүгнэлтийг сонссонгүй. Тухайн үед тэрхүү дүгнэлт, судалгааг сонсож хэлэлцсэн бол эдийн засгийн хүндрэлээс аль эрт урьдчилан сэргийлж, арай бага өртэгтэйгөөр хямралаас гарах боломжтой байсан.

Жилийн өмнө олон яамны төлөөлөл орсон ажлын хэсэг эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, маш үндэслэлтэй судалгаа гаргасан боловч өнөөдрийг хүртэл УИХ энэ дүгнэлтийг сонссонгүй.

Мөн оны өмнө Д.Зоригт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээний саналуудаа багцлан Засгийн газарт хүргүүлсэн. Гэтэл Засгийн газар эдгээр санал, дүгнэлтийг огт хэлэлцээгүй мөртлөө нөхцөл байдал хүндрэнгүүт хэдэн сарын дараа эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөг УИХ-д оруулж ирлээ. Яагаад энэ дүгнэлт, саналуудыг авч хэлэлцээгүй байж одоо тогтоолын төсөл оруулж байгаа юм бэ” гэв.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: "Валютын ханшийн өсөлтийг дагаад юмны үнэ өсөөд байгаа нь санаа зовоосон асуудал болж байна. Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн байдал таатай биш, манай экспортын гол бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний үнэ буурч байна. Бид сигналыг авч байгаа. Харин энэ тогтоолын төсөл нь валютын ханшийг тогтворжуулах, ингэснээр үнийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийнхаа өсөлтийн өндөр төвшинг хадгалахыг зорьж байгаа юм" гэсэн хариулт өгөв.