Монголын Бизнесийн Зөвлөл
2014.04.24

Б.Бямбасайхан: Уул уурхайгаас өөр салбаруудад эдийн засгийн өсөлтийн дүр зураг харагдаж байгаа

“Mongolian economy” сэтгүүлийн дэргэдэх “Economy”  студийн ээлжит нэвтрүүлгийн зочноор Нова терра компанийн захирал бөгөөд Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан оролцлоо.

Сүүлийн үед маш олон бизнес эрхлэгчид бизнес явуулахад төвөгтэй болж байна гэсэн мэдээллийг бидэнд өглөө. Хөрөнгө оруулалт хумигдаж, багасаж, үйл ажиллагаа явуулъя гэхээр мөнгө алга гэх боллоо. Та бизнесийн зөвлөлийн компаниудын  удирдлагуудтай харилцан ажилладаг хүний хувьд бизнес эрхлэгчид өнөөдөр юу ярьж байна,  яах хэрэгтэй байна, бидэнд гарц юу байна гэдэг талаар ярилцах болно.

-          Монгол улсын эдийн засгийн өнөөгийн дүр төрхийг та юу гэж тодорхойлох вэ?

Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдлыг олон талаас тайлбарлаж байна. Тэгэхээр Монгол улсын эдийн засгийн загвар ойрын хэдэн жилд өөрчлөгдөөгүй. Уул уурхайн салбарын өсөлт, үүнийг дагаж манай улсын эдийн засаг  хэлбэлздэг. Уул уурхайн салбарын бараа сайн байгаа нөхцөлд эдийн засаг эерэг үзүүлэлттэй гардаг.

Дэлхийн зах зээлд уул уурхайн салбарын бараа бүтээгдэхүүний үнэ буугаад эхлэхээр Монголд тодорхой хэмжээний өсөлт саарч байна. Ялангуяа өнөөдөр манай улсын хамгийн өрсөлдөх чадвартай салбар гэж нэрлэгдэж байгаа уул уурхайн салбарын борлуулалт багасч байгаа. Тэгэхээр тэр салбарт хамтарч ажилладаг ханган нийлүүлэгч гэдэг компаний бизнес удааширсан.

Макро эдийн засгийн бусад эрсдэлүүд хэвээр байна.

Үүнийгээ дагаад ажлын байрын асуудал яригдана. Өнөөдөр уул уурхайн салбар бууралттай байгаа учраас ажлын байр бага, заримдаа тодорхой компаниуд гэрээ хийхгүй байгаа учраас ажилд хүн авахгүй, одоо байгаа хүмүүстээ тодорхой хугацаанд чөлөө өгөх зэрэг асуудлууд зах зээл дээр гарч байна. Энэ бол манай улсын өөрийн загвартай холбоотой.  2013 оны дөрөвдүгээр сард нөхцөл байдал ийм л байсан. Үүний өмнөх жил ч гэсэн ийм л байсан.

Нэг өөр  зүйл нь өнөөдөр бид уул  уурхайн салбарын өсөлтийн удаашралыг хараад өнгөрсөн жил засгийн газар эдийн засагт  тодорхой хэмжээний мөнгө оруулсан. Үүнийг дагаад  эдийн засгийн зарим салбар ялангуяа  барилгын салбарт 70 орчим хувиар өссөн гэдэг статистик тоо бий.  Үр дүнд нь өнөөдөр 2013 оны өсөлт 11.7 хувьтай гарсан. Нэг талаас нь харвал эдийн засаг өсөлт нь удааширч байгаа боловч, нөгөө талдаа уул уурхайгаас өөр салбаруудад эдийн засгийн өсөлтийн  дүр зураг харагдаж байгаа.

 Гэхдээ макро эдийн засгийн бусад эрсдэлүүд хэвээр байна. Өнөөдөр бид зах зээл дээр хөрөнгө мөнгө байхгүй болчихлоо, яах вэ, яаж хурдан гадаад хөрөнгө оруулалтыг Монгол руу татах вэ гэдэг дээр ярилцаж байна. Манай бизнесийн зөвлөлийн гишүүн байгууллагуудын хувьд ч, манай компанийн хувьд ч Монголд хурдан хөрөнгө оруулалтын төсөлд хөрөнгө мөнгө татах шаардлагатай байна. Татахын тулд ойрын хугацаанд  бид юу хийж болох вэ гэдгийг хүн болгон ярьж байгаа. Засгийн газар ч, бизнесийн зүгт ч бид ойрын хугацаанд юу хийж болох талаар ярилцаж байна.

Өнөөдөр бид зах зээл дээр хөрөнгө мөнгө байхгүй болчихлоо, яах вэ, яаж хурдан гадаад хөрөнгө оруулалтыг Монгол руу татах вэ гэдэг дээр ярилцаж байна.

Нэг талаас харвал ялангуяа засгийн газрын зүгээс өнөөдрийн авч хэрэгжүүлэх аливаа нэгэн арга хэмжээ нь ойрын хугацаанд гэхээсээ илүү дунд болоод урт хугацаандаа хөрөнгө оруулагчдийн итгэлийг олох чухал. Түүн рүү чиглэсэн бодлогын өөрчлөлтүүд, хууль эрх зүйн салбарын шинэчлэлүүд явж байна. Тэгэхээр  бид маргаашаа харахаа больё.

Өнөөдөр эдийн засаг ийм байгаа нөхцөлд бодлогын чанартай өөрчлөлт, шинэчлэлүүдийг хийснээр Монголын эдийн засгийн өрсөлдөх чадвар урт, дунд хугацаанд сайжрах талд холыг харж төлөвлөлтийг хийдэг болъё гэдэгт олон хүмүүс санал бодлоо солилцож байна. Энд тодорхой шийдвэрүүдийг ойрын хугацаанд гаргана гэсэн хүлээлт бий

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс..