Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байнгын хороогоор хэлэлцлээ
2014.04.25

Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байнгын хороогоор хэлэлцлээ

Улс орны эдийн засагт тулгамдаад байгаа асуудлыг шийдэхээр Засгийн газраас өргөн бариад байгаа эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг төслийг холбогдох байнгын хороо хэлэлцсэн юм. Энэ арга хэмжээ үнэхээр эдийн засагт  тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэж чадах эсэхийг байнгын хорооны гишүүд хөндөж хариулт авсан байна.

2014 он гарсаар валютын ханш буурахгүй байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа  тул валютын ханшийг тогтворжуулж инфляцийн түвшинг бууруулан эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг хадгалах шаардлагатай байна. Энэ хүрээнд эрх зүйн болоод бодлогын шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь чухал байна гэдэг үүднээс эдийн засгийг эрчимжүүлэх  зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг засгийн газраас оруулж ирсэн юм. Байнгын хороон дээр тогтоолын төслийн нэн яаралтай гэсэн тодотголоос эхлээд гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эдийн засгийг эрчимжүүлэх гэж байгаа бол яараад байх шаардлагагүй байхгүй. Гэтэл нэн яаралтай гэсэн байдаг. Чуулганаар нэн яаралтай хэлэлц гэсэн бол аюулын дохио дэлдэж байгаа учраас оочир дараалал харгалзахгүй хэлэлцэх байх гэж ойлгож байгаа. Ойлгомжгүй. Эдийн засгийг эрчимжүүлэх гэж ярихдаа эдийн засгийн хөгжлийн сайд нь ер нь бол сайн байгаа шүү дээ, хүндрээгүй, гайгүй байгаа гэх юм. Гэтэл Монгол банкны Ерөнхийлөгч нь эдийн засаг маш хүнд байгаа гэх юм. Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгаа юм. Ойлгохгүй байна.

2014 он гарсаар валютын ханш буурахгүй байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа  тул валютын ханшийг тогтворжуулах шаардлагатай

УИХ-ын гишүүн Д.Зоригт: Одоо төсвийн буюу  татвар төлөгчдийн мөнгөөр, арилжааны банкны өндөр хүүтэй зээлээр амьдарч байгаа. Ийм л хоёр урсгал байна. Энийг хэзээ, яаж нээх вэ гэдгийг Монгол банкны Ерөнхийлөгчөөс, СЗХ-ны даргаас, Эдийн засгийн хөгжлийн сайдаас асууя.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: Өнөөдөр бид үндсэндээ банкны зээлээр, төсвийн хөрөнгөөр амьдарч байгаа. Дээр нь өнгөрсөн жил бий болсон Чингис бондын асуудал байна.  Чингис бондын хүчинд 2013 онд арай гайгүй өнгөрсөн бол одоо дахиад мөнгө босгох эхийг хаачихсан байгаа.