Ч.Улаан: Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам хоёрыг нэгтгэх асуудлыг судалж байгаа
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан
2014.04.03

Ч.Улаан: Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам хоёрыг нэгтгэх асуудлыг судалж байгаа

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан нартай ярилцлаа.

 -Эдийн засаг хүндэрсэн талаар хэн хүнгүй л ярьж байна. Юунаас болоод ийм байдал үүсчихэв ээ. Та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Эдийн засагт амаргүй хүнд сорилтууд тулгараад байна. Энэ бол дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас үүссэн ачаалал сорилт. Дээрээс нь бидний үйл ажиллагаатай холбоотой дарамт ачаалал байна. Нөгөө талаар өмнө нь явуулж байсан бодлогын үр дагавар. Түүний сөрөг нөлөөлөл бүрэн арилаагүй байна. Тэгэхээр эдийн засаг хүнд  сорилттой тулгарчихаад байгаа.

Улсын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байна. Өнгөрсөн жил 1.5 их наяд төгрөгөөр орлого тасалдсан. Энэ оны эхний гурван сарын байдлаас харахад бас л орлого дээр тасалдал үүсч болзошгүй нөхцөл байдал үүсчихлээ. Тэгэхээр цаашдаа бид олж байгаа орлогоо аль болохоор оновчтой зөв ашиглах, зарлага санхүүжилтээ оновчтой зарцуулах тал дээр онцгой анхаарах шаардлагатай байна.

-Өнөөдрийн байдлаар төсвийн орлго тасалдсан уу. Тийм бол хэчнээн хувиар тасалдчихаад байгааг хэлэх боломжтой юу?

 -Эхний улирлын байдлаар төсвийн орлого 20 хувиар тасалдчихаад байна. Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр  буурсан нь эргээд гаалийн татвар дээр тасалдал үүсгэлээ. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдэрч чадаагүй байгаа нь мөн татварын орлого төвлөрүүлэлт төлөвлөсөн хэмжээнээсээ 20 орчим хувиар тасалдахад нөлөөлсөн. Гэхдээ 2014 оны төсвийг батлахдаа нэгдүгээр улиралд төвлөрүүлэх татварын орлогыг өмнөх жилүүдтэй харьцуулахад багаар төлөвлөсөн байсан ч тасалдал үүссэн нь том дохио.

Тэгэхээр 2014 оны төсөв бялхаж цалгихгүй болохоор танаж болох зардлаа танаж, зарлагаа багасгах, олсноо зөв зүйлд зарцуулах шаардлага байна гэсэн үг.

-Ам.долларын ханш огцом өсчихлөө, бууруулах боломж байна уу.  Үүнээс болж аж ахуйн нэгжүүд асар их алдагдал хүлээж байна?

-Ам.долларын ханшийг зохиомлоор бууруулж болохгүй, тэгж чадах ч үгүй. Гол нь ханшийг бууруулахын тулд зөв бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэвч Монгол Улсын эдийн засаг дэндүү бэлэнчилсэн эдийн засаг. Бүх юмыг гадаадаас авдаг. Гурван сая хүн амтай,  45 сая толгой малтай хэрнээ сүүнийхээ 70 хувийг валютаар худалдаж авч байна. Ийм байдлаас салах ёстой.

Тэр ч үүднээс Засгийн газар экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ зарласан. Үүний дүнд зарим нэг нааштай үзүүлэлтүүд гарч эхлээд байна. Нэгдүгээр улиралд ямарч байсан гадаад худалдааны алдагдал багассан, төлбөрийн баланс тэнцвэржих хандлагатай байна. Цаашдаа экспорт нэмэгдээд импорт багасаад ирэхийн цагт валютын ханш аяндаа буурна гэж тооцоолж байгаа.

-Төсвийн орлого бүрдэхгүй байна гэж байгаа ч төсөв ерөнхийлөн захирагч нар хөрөнгөөр “тоглож” байна гэх юм. Үүнд Сангийн яам хяналт тавьж болдоггүй юм уу?

 -2013 оноос эхэлж төсвийн цоо шинэ тогтолцоонд шилжсэн.  Төсөв санхүүгийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлж байгаа. Тэгэхээр орон нутаг, төсөв ерөнхийлөн захирагч нар бүх мэдээллээ ард иргэдэд нээлттэй байлгах ёстой. Тэр цагт төсвийн гүйцэтгэлд ард иргэд хяналт тавих бололцоо бүрдэнэ. Түүнээс  Сангийн яам бүх байгууллагаар явж хянах бололцоогүй.

-Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд чамлалттай байгаа.  Дахиад нэмэх боломжтой юу?

 -Энэ онд цалин, тэтгэврийн нэмэгдэлд 200 тэрбум төгрөг зарцуулах хууль батлагдсан. Тэтгэврийг нэгдүгээр улиралд багтаагаад нэмсэн, цалинг үе шаттай нэмэгдүүлж байгаа. Энэ нэмэгдлийг иргэд чамлаж байгаа. Гэхдээ Засгийн газар бодитой нэмэгдэл болж очиход нь анхаарч байна.

-Саяхан  Монгол улсын төсөв  мөнгөний бодлогын талаар хэлэлцдэг “Эдийн засгийн форум” болж өнгөрлөө. Энэ хэлэлцүүлгийг та  хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна вэ?

 -Эдийн засгийн форумыг одоо дүгнэх хэцүү. Төр засгийн бодлогод анхаарч тусгах зүйлс их яригдсан. Нөгөө талаар бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа аль чиглэлд явуулах вэ гэдэг дээр санал солилцсон.

-Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа юу. Доголдол үүсээд байгаа гэх юм. Энэ хэр бодитой мэдээлэл юм бол?

 -Улсын бүх хөрөнгө энэ санд төвлөрдөг.  Энэ чухал сангийн үйл ажиллагаа тасалдсан зүйл байхгүй. Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа.

-Монголбанк Сангийн яамны хамтарсан Алтны татварын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн.  Гэтэл энэ хууль хангалттай хэрэгжиж, татвар төлөгчид хөнгөлөлтөө эдэлж чадахгүй байна гэсэн шүүмжлэл багагүй гараад байна л даа?

-Өнөөдрийн хувьд хууль гарсан, хэрэгжиж байгаа. Хамгийн гол нь Монгол Улсад олборлогдож, үйлдвэрлэгдсэн алт монголдоо тушаагдаж, үлдэж байх нь чухал. Энэ  үйл ажиллагааг урамшуулсан хууль гарсан.  Энэ хуулийн хэрэгжилт муугүй байна гэж үзэж байгаа. Нэгдүгээр улиралд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өмнөх онтой харьцуулахад нэлээдгүй хэмжээнд нэмэгдсэн байна. Цаашдаа Монголбанкинд их хэмжээний алт тушаадаг болж,  манай улс алтны байнгын нөөцтэй болох үйл ажиллагаа   эрчимтэй эхэлж байна гэж үзэж байна.

-Татварын өрийг хөнгөлөх цэгцлэх агуулгатай хууль гарах сураг байсан. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
Засгийн газар Оюутолгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эхлүүлье гэсэн байр суурьтай байгаа ч хөрөнгө оруулагч тал хойрго хандаж байгаа.

 -Ийм хууль гаргах, батлах асуудал яригдаагүй. Ер нь нэгэнт хуулийн хүрээнд тогтоочихсон татварыг хуулийнхаа хүрээнд төлж барагдуулах л учиртай. Үйлдвэрлэл үйл ажиллагаа эрхлэгчид татварынхаа тайланг өөрсдөө гаргадаг. Тайлан дээрээ үндэслээд татварынхаа оногдуулалтыг өөрсдөө хийдэг гэсэн үг.

Үүний дараа хуулийн дагуу хоёр талдаа баталгаажуулсан татвараа хуулийн хугацаанд төлөх л  учиртай. Тэгэхээр тогтоосон татвараа ингэж төлөхгүй байгаа бол өрийг нь цэгцлэх асуудал байхгүй. Яагаад гэвэл хуулийн дагуу татварынхаа өрийг төлөх л учиртай. Харин эдийн засгийн ил тод байдлыг хангах, тайлан бүртгэлд орооогүй үйл ажиллагаа байгаа бол түүнийгээ шударгаар ил тодоор гаргаж тайлан бүртгэлдээ тусгах санаачилгыг дэмжсэн хууль гаргах зорилготой байна.

Ингэж шинэчлэгдсэн тайлан балансаа төлөөд явах бололцоог хангах зорилгоор эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай асуудал  яриа хэлэлцээрийн шатанд байна.

-Энэ онд инфляц хэдэн хувьтай байх вэ. Ер нь бол төлөвлөсөн хэмжээнд байж чадахгүй байгаа шүү дээ?

 -Инфляцийг энэ жил нэг оронтой тооноос хэтрүүлэхгүй байх төрийн бодлого тодорхой болсон. Бид энэ бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор ажиллаж байна. Жилийн 12 сараас дөнгөж гурван сар нь өнгөрсөн байна.

Гурван сарын дүнгээр өнөөдрийн хувьд инфляц хоёр оронтой тоонд орчихоод байгаа нь үнэн. Цаашдаа үлдэж байгаа хугацаанд бидний төлөвлөсөн макро эдийн засгийн бодлого төрийн мөнгөний бодлого маань саадгүй хэрэгжиж эхэлсэн нөхцөлд инфляцийг нэг оронтой тоонд байлгах бүрэн боломжтой гэж бид тооцож байгаа. 

-Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк гурав нэг л агуулгатай  юм ярих юм. Чиглэл нэгтэй олон байгууллага байхаар нэгтгэж болдоггүй юм уу?

 -Энэ чинь маш зөв санаа байна. Яагаад гэвэл бид эдийн засаг, үр ашиг л ярих ёстой. Өмнө нь байгууллага салбарын амбицаас болоод өөр өөр юм ярьдаг байсан бол тэр буруу практик байж.

Монгол Улс нэгдсэн нэг бодлоготой. Түүнийхээ бүрэлдэхүүн хэсгийг бүрдүүлж байгаа системүүд нь хоорондоо нягт уялдаатай ажиллах ёстой. Түүнээс биш төсөв нь тусдаа, эдийн засаг зээл тусламж нь тусдаа, мөнгөний бодлого нь тусдаа  биеэ дааж довоо шарлуулж явбал үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа нэгтгэж, нэг зорилготой ажиллах тал дээр бид анхаарч байгаа.

-УИХ-аас 243 обьектыг царцаасан. Эдгээр барилгуудын асуудлыг хэзээ шийдэх вэ. Хөрөнгийг нь гаргах эсэх талаар асууж байна л даа?

 -Эдгээр барилгуудыг аудитын газар нэгбүрчлэн судалж үзсэн. Одоо дүгнэлт гаргаад хаврын чуулганы эхэнд асуудлыг ярихаар бэлдэж байна.  243 барилга  байгууламжаас эхний ээлжинд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд зориулж, 139.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Ерөнхий сайдын багцад баталж өгсөн байгаа. Тэгэхээр бид эхний ээлжинд Сангийн сайдын багцад байгаа мөнгөн дүнд багтааж, 243 обьектоос хамгийн түрүүнд шаардлагатай байгааг нь сонгон авч, ажлыг эхлүүлнэ.

Бусад нь дараа жилийн төсөвт тусах нь уу эсвэл эх үүсвэрийг нь өөрчлөх, хувьчлах. Бүр болохгүй бол тэр чигээр нь жинхэнэ утгаар нь царцаах  арга  замаар шийднэ. Тэгэхээр энэ ажил хаврын чуулганаар нэлээд ул суурьтай хэлэлцэгдэнэ гэсэн үг.

-Сүүлийн үед сургуулийн сурагчид тендер авч байна, түүнийхээ таван хувийг авъя гэж  ярьж байгаа талаар мэдээлэл гарч байна.  Энэ хэр бодитой мэдээлэл юм бол?

 -Энэ мэдээлэлд би итгэхгүй байгаа. Ийм байж таарахгүй. Ер нь бол тендер шалгаруулахад хууль журмаа чанд мөрддөггүй явдал багагүй байна. Тухайлбал, танил тал ордог, тодорхой хэмжээний лобби ордог, бусдын нөлөөнд автдаг явдал байна. Өнөөдрийн байдлаар Сангийн яам нэг ч тендер шалгаруулахгүй байгаа, больсон шүү дээ. Худалдан авах ажиллагааны агентлаг байгуулагдсан. Энэ төрлийн ажлыг хийж байгаа.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэрээр сонгогдсон төслүүдийн шалгаруулалтыг  Худалдан авах ажиллагааны газарт явуулж байгаа. Энд явагдаж байгаа тендер ихэвчлэн цахим хэлбээр явагддаг. Тийм учраас энэ ажилд гадны нөлөөл оролцох боломж тун бага. Гэхдээ  зарлагдаж байгаа тендерийн тал орчим хувь нь яамд болон орон нутагт зарлагдаж байгаа. Тэгэхээр олон хүн сайнтай муутай гэдэг шиг олон газар явагдаж  байгаа үйл ажиллагаанд доголдол дутагдал гарч байгааг үсүйсгэхгүй.

Цаашдаа бид тендерийг цахим хэлбэрт оруулж, онлайн болгох учиртай. Тэгсэн тохиолдолд энэ мэт маргаан арилна.

 -Хаврын чуулганаар Сангийн яам ямар төслүүд хэлэлцүүлэх вэ?

-Хаврын чуулганаар хэд, хэдэн хуулийн төсөл хэлэлцүүлнэ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх. НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх, бизнесийг ил тод болгох Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүд бий. Ойрын хугацаанд Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. Аль болох бизнес эрхлэгч, ард иргэддээ тааламжтай нөхцөл бүрдүүлэх төслүүдийг хаврын чуулганаар батлуулах зорилготой байна.

-Тариаланчдыг НӨАТ-аас чөлөөлөх арга хэмжээ авах сураг байсан?

-Тариаланчдыг НӨАТ-аас чөлөөлөх арга хэмжээ авна гэж хэлээгүй. Газар тариалан эрхлэгчдийг өөр бодлогоор дэмждэг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдаж авах, худалдаж авсан нэг тонн буудай тутамд нь 100 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа шүү дээ. 

-Оюутолгой төслийн хоёр дахь үе шат хэзээнээс хэрэгжиж эхлэх бол. Танд энэ талаар ямар мэдээлэл байна  вэ?

-Засгийн газар Оюутолгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эхлүүлье гэсэн байр суурьтай байгаа ч хөрөнгө оруулагч тал хойрго хандаж байгаа. Энэ нь төслийн нэгдүгээр үе шатанд гарсан ойлгомжгүй байдалтай холбоотой. Оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг зөв тогтоох зэрэг хэд, хэдэн асуудал бий. Засгийн газар зарчмын байр сууриа хэвээр хадгалж байгаа.

-Монгол Улсын өр хуульд заасан хэмжээндээ байж чадаж байгаа юу?

 -Монгол Улсын өрийн хэмжээ хуулиар тогтоосон хязгаартаа байгаа. 2013 оны гүйцэтгэлээр ДНБ-ний 50 хувьдаа багтсан. Энэ нь сэрэмжлүүлэх төвшинд хүрсэн гэсэн үг биш.  Харин энэ онд өрийг ДНБ-ий 40 хувь руу буулгах ёстой.

-Төв банк 50 мянган төгрөгийн дэвсгэрт гаргана гэсэн мэдээлэл гарсан.Энэ үнэн үү?

 -50 мянгатын дэвсгэрт гаргах асуудлыг судалж байна. Гол нь төгрөг худалдаанд гаргах асуудлыг эдийн засгийн үр ашиг талаас нь харах учиртай.